ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.13 03:05

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд төрийн өндөрлөгүүдийг хүлээж автал суулт хийнэ

Монгол оронд өрнөсөн 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд хамгийн багадаа 22 мянган хүн өртсөн гэх тэмдэглэл түүхэн сурвалжуудад байдаг. Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд гэж 1000 гаруй иргэн байдаг юм. Тэдний төлөөлөл болсон 30-аад буурай өнөөдөр Чингисийн талбайд суулт зарлалаа. Эдгээр хүмүүс өндөрлөгүүдийг хүлээж автал Чингисийн талбайд суултаа үргэлжлүүлнэ. Хамгийн доод тал нь 80 настай эдгээр хөгшид хүйтэн чулуун сандал дээр суугаад, гартаа “Эцгийг маань цаазлаад, хөрөнгийг маань хураагаад, өнчин биднийг ажил, сургуульгүй болгосон ТӨР хохирлыг маань барагдуулж өг” гэсэн лоозон барьжээ. Гадаа жиндүү хүйтэн, салхитай байгаагаас суулт хийж байгаа хөгшдийн зарим нь арга буюу гэртээ харьсан тухай Н.Дамжин хэлж байсан юм. 80 настай Д.Сэржмядаг аав болон ахыгаа 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд алдсан бөгөөд төр засгаас амь насыг нь мөн хураалгасан эд хөрөнгийнхөө нөхөн олговрыг хүсэж буй юм.
-Танай гэр бүлээс хэдэн хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бэ?
-Манай гэр бүлээс аав дээд хэмжээ авч ах минь 1950-иад оны үед сураггүй алга болсон. Аавыг минь гэрээс чирч гулдарч бидний нүдэн дээр зодож байгаад баривчлаад явсан. Удалгүй эргэж ирэн хөрөнгө хураасан байдаг ч бичиж тэмдэглэн үлдээсэн нь цөөхөн. Тухайн үед аав минь нутаг усандаа нэртэй том лам хүн байсан юм. Эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь хураасан. Жишээ нь, найман ханатай том гэр зуны байшин, ээжийн минь 10 алтан бөгж гэх мэт маш олон зүйл хураасан ч бичиж тэмдэглээгүй байсан. Ээж минь зургаан өнчин хүүхэдтэй үлдсэн бид их л зовж өссөн дөө. Ээжийнхээ хүчинд л хүн болсон. Биднийг бага байхад согтуу хүмүүс ээжийг минь дээрэлхэж тэнзэн ташуураар гэрийн хаалга эвддэг байлаа.
-Сураггүй алга болсон ахынхаа сургийг гаргаж чадсан уу. Яагаад алга болчихсон юм бэ?
-Ерөөсөө сураг гардаггүй юм. Манай нутгаас ахтай минь хамт хоёр хүүхэд сурч байсан хүүхдүүд нь ээжид минь “Жамъяанхорлоо нэг удаа хичээл дээр босож ирээд “Одоо цагийнхаа сэхээтнүүдийг муулдаг хамгийн буруу Д.Нацагдоржийг хичээл болгон дээр муулах юм. Энэ хүний бичсэн шүлэг, номыг уншихад туйлын сайхан юм бичсэн байна. Үе үеийн сэхээтнүүдээ оюутнуудад муулж ярьж болохгүй буруу” гэж хэлсэн.
Тэрнээс хойш хэсэг харагдахгүй байж байгаад нэг удаа царай зүс алдчихсан сургууль дээр ангийнхаа хүүхэдтэй таараад “Миний шилэн хүзүү рүү тариа хийчихсэн” гээд харуулахад хувилаад идээлчихсэн байсан” гэж ярьсан байдаг юм. Миний ах дун цагаан толгойтой хүүхэд байсан болохоор цуг сурдаг хүүхдүүд нь андахгүй. Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж эхэлсэн цагаас хойш би ахыгаа хайсан одоо болтол сураг гаргаж чадаагүй л байна.
Иймээс суулт зарлаж байгаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд нөхөн олговор олгох, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзах шаардлага хүргүүлжээ. Гэсэн ч тэдэнд нааштай хариу ирээгүй юм байна. Иймд дээрх төрийн өндөрлөгүүдийг хүлээж автал Чингисийн талбайд суултаа үргэлжлүүлнэ хэмээн тэд хэлсэн.

Онцлох нийтлэлүүд