ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.02.16 10:02

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Эзэндээ ээлтэй, хотондоо өлзийтэй болтугай!

Уламжлал судлагч Утгач овгийн Ц.Цэрэн-Очир

Монголын цагаан сарын шинийн нэгэн энэ онд суут соён гийгүүлэгч Онходын Жамъян гүнгийн дурдсан хугацаатай таарч, хаврын амьсгал орсноос хойш 13 хоноод болох нь. Төр, түмнийг маань эцэг тэнгэр ивээж, тун олон сайн барилдлага, учралтай хоног тохиох юм билээ. Харин дээдэс маань шинийн хоёрныг нас, буянд гарзтай “онь өдөр” хэмээн энэ өдөр айл хунараар зочлохыг цээрлэн, маргаашийнхаа явдалд цэхэж өнждөг байсан ёстой нь бодууштай юмны нэг.

Биднийг багад найр, хуримын идээнд л бүтэн, хагас шүүс гэж хонины ууц сэлтийг тавьдаг байсан. Үхрийн өвчүүг 1990 оноос зарим айл тавьдаг болжээ. Уг нь мал хэвтэх дор ямагт холгуулж байдаг зовлонтой эрхтэн гэдгээр ямбаны идээнд таалдаггүй байсан юм. Манайх бол хонь, үхрийнхээ махыг сорчилж чанаад таваглачихдаг, хүн л дайлах, цайлах гэж байгаагаас цааш, гээд.

Тавгийнхаа идээний дээр ёстой монгол хүн еэвэн тавьдаггүйг одоо хэн хүнгүй мэддэг болоо биз дээ. Энэ чинь Тогоонтөмөр хаанаас хойш тогтсон ёс.

Мөр гаргах зуур нарандаа заавал мөргөнө. Та бидний өвөг дээдэс болсон хүннүчүүд өглөө наранд, орой саранд мөргөдөг байсных төдийгүй тэнгэр үзэл сурталтай явсны уламжлал.

Эцэг эхээс илүү эрхэм шүтээн байдаггүй тул тэдэнтэйгээ эхэлж, Аюуш хадаг барьж золговол бүр ч ерөөлтэй. Ер нь настан буурлуудтайгаа нүдний хор, гарын хир ороогүй их эзэн хааныхаа хөрөг бүхий төгрөг барьж золгоход юу нь болохгүй байх вэ. Зарим хүн дээр үед төгрөгөөр золгодоггүй байсан, энэ буруу гээд халаглах янзтай байдаг. Аргагүй шүү дээ, тэгэхэд чинь таван төгрөг бүү хэл кино үзэх тавин мөнгө ч хомс байсан цаг. Сайндаа л халтар хадагны нэг үзүүрийг хуруундаа ороогоод золгодог байсныг ямар мэдэхгүй биш. Харин мөнгөн тэмдэгт бол онцгой эрх бүхий төлбөрийн хэрэгсэл төдийгүй заримдаа бэлгэдлийн чанартай ч болох ёс бий. Төлбөрийн хэрэгсэл болдгийнх нь хувьд тарчигдуу хүмүүстэй мөнгөөр золговол бүр ч буян болж, хэрэгцээтэй юмандаа зарна биз дээ.

“Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн: О.ДАШНЯМ

У.ПҮРЭВСҮРЭН

Онцлох нийтлэлүүд