ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.20 09:09

Хэн дуртай нь зарласан хэвлэлийн хуралд гүйж очмооргүй байна


Нэрт тоймч Александр Гоерлах популистууд хэвлэлийнхний номер нэг дайсан гэж хэлсэн юм. Популист улстөрчдийн нийгэмд нөлөөлөх нөлөөллийн хор уршиг их байдаг. Манайхан сүүлийн үед популист улстөрчдөө попууд гэж нэрлэх болсон. Попууд улстөрчдөөр хязгаарлагдахгүй. Ямар ч хамаагүй аргаар юу ч хамаагүй яриад өөрөө тодорч, өрөөлд гай тарьдаг попууд манайд зөндөө.

Тэд ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгийг мэддэг, тэрийг далимдуулж юу дуртайгаа, хаа дуртай газраа ярьдаг болж. Үр дүн нь нийгэмд хортой . Тэр хэрээр хэн дуртай нь хэвлэлийн хурал зарлах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч тоймгүй олон болж. Дэргэдээ хэвлэлийн хурал хийдэг төвүүдтэй нь ч олон юм. Хэвлэлийн хурал хийх заалны үнэ ч хямдхан юм. Ингээд дуртай нь очоод хэвлэлийн хурал хийх бүх боломж бүрдлээ. Тэнд нөгөө үй олон хэвлэлүүд нь очно. Үзэж барахааргүй олон телевиз нь оройжин баахан хэвлэлийн хурлууд дамжуулна. Өмнөговийн нэг томоо биетэй эр нус нулимстайгаа хутгалдчихсан хэнгэнэтэл уйлаад телевизээр оройжин гарлаа. Санаандгүй харсан хүн бол ихэд эмгэнэлт явдал тохиолдож дээ гэж бодохоор. Лавлаад сонссон газар нутгаа ухуулахгүй гэж уул уурхайн компанийг эсэргүүцэж тэмцэж байгаа юм гэнэ. Үнэхээр л төрсөн нутаг усанд нь уул уурхайн компани хууль зөрчөөд сүйд хийсэн юм байх гэж л хүн бодохоор. Арай мэдээлэлтэй, юмны наад цаадахыг боддог зарим нь нэг их итгэсэн ч үгүй. Маргаашнаас нь л өнөөх тэмцэгч маань нинжа байсныг илчилсэн зураг нийтэд дэлгэгдлээ. Хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү мэдээллийг ялгаж салгаж олон нийтэд дамжуулж баймаар юм. Улс орны язгуур эрх ашигт харшилсан, популизм хийсэн, хэт хувийн шинжтэй, ач холбогдол багатай, цаад далд санаа нь ойлгомжтой, хэвлэлийн хурлууд руу хошуурцгааж, нийтэд түгээж дамжуулахаа зогсооё. Сүүлдээ өөрөөс нь өөр хэнд ч хамаагүй, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодсон, асуудлаар хэвлэлийн хурал зарлаж уйлалддаг боллоо. Өөрийнхөө эрх ашгийг зүгээр нэг яриад зогсохгүй, өрөөлийн нэр хүндэд халдахыг нь яана. Зарим хэвлэлүүд шууд лайв хийж байтал хэвлэлийн хурал хийж байгаа нөхөр цээжээ дэлдэн нүцгэлж, цочтол орилоод явчихна.

Хэвлэлийн хурал шууд явж байхад түмний нүдэн дээр өөрийгөө шатааж байсан хүнийг санаж байна. Ийм үйлдэл айдас хүйдсээс өөр нийгэмд нөлөөлөх юм юу байхав дээ. Хамгийн сүүлд Чөлөөт бөхийн дэлхийн аваргад охиноо явуулсангүй гэж нэг нэг аав хамаг хувцсаа тайлаад шидчихлээ. Охиныг нь явуулахгүй бол амиа хорлоно гэж айлгаж байх юм. Аминаас нь үнэтэй ямар гээчийн тэмцээнд уралдаан гээч вэ. Чөлөөтийн дэлхийн аваргад явахыг Чөлөөт бөхийн холбоо энэ тэр нь дүрэм журмынхаа дагуул шийддэг байлгүй дээ. Аав болгон охиноо явуулна гээд тэмцээд эхлэх юм бол дүрэм журам, холбоо энэ тэр нь байгаад ч яах билээ дээ. Дур дураараа хэвлэлийн хурал хийгээд л хамгийн хүчтэй хашгирсан аавын охин тэмцээнд явчихдаг бол хамаа алга. Угтаа бол хэний ч охин тэмцээнд явсан байлаа ч ялалт байгуулж, медаль авчирна гэдэг баталгаагүй шүү дээ. Секундын хооронд л атганд орчихлоо гэж андуурсан алтан медаль хөлийн ганц гишгэгдлийн алдаанаас л алдуурч оддог шүү дээ.

Манай хэвлэлийнхэн хэн нь хэн бэ, хэн нь юу ярьдаг билээ гэдгийг мэддэг болсон доо. Өнөө хэн хэвлэлийн хурал зарлаж. Өнөөхөө л ярина биз гээд очдоггүй олон тохиолдол байдаг биз дээ. Мөнгийг нь аваад хэвлэлийн хурал хийхийг зөвшөөрсөн байгууллага л ичсэн нүүрэндээ мэдээллийг нь хүргэж, өнөө хүн ганцаар ярьж, өөрөө асуултад хариулсаар гарах нь бий. Энэ мэтчилэн торойтол нь үлдээгээд тоож очихгүй байвал дахин дахин мөнгө төлж хэвлэлийн хурлын заал түрээслэхээ болих биз. Түүнээс биш хэн дуртайгийнх нь үгийг дамжуулаад байвал хэвлэл мэдээллийн нэр хүнд унаад байна.

Өнгөрсөн жил МАН-ын Бага хурал болоход эрх баригчид хаалттай хуралдана гэж хэвлэлийнхнийг хүйтэнд хөөгөөд гаргаж байсан. Дараа нь хэвлэлийн бага хурал зарлахад хэвлэлийнхэн бойкот хийж, энэ хурлынх нь талаар олон нийтэд мэдээлэхгүй гээд хаяад гарч байсан. Хэлэх үггүй л үлдэж байсан. Нэгдэж нийлээд эсэргүүцвэл болдог л юм билээ.

Нийгэм муухай болж байна гэвэл хэвлэлийнхэн бидний оролцоо ч бас байсан. Тиймээс нийгмээ эрүүлжүүлэх, сайн мэдээ, ач холбогдолтой, бодит мэдээллийг хүргэж байя. Өмнө нь хэвлэлийн бага хурлыг нийгмийн сор болсон хүмүүс хийдэг байлаа. Гэтэл одоо хүний охиныг явуулахгүй өөрийн охиноо тэмцээнд явуулах гэж, эсвэл уул уурхайн компаниудаас шантаажны мөнгөө авч чадахгүй болохоороо л ийм ч төрийн бус байгууллага, тийм ч эх оронч, тэмцэгч гээд нэг л их хахир хоолойгоор чанга дуугарсан, ааг омгоо багтааж ядсан хүмүүс шүлсээ үсчүүлэн нийгмээр нь доромжилж байна. Зарим нь бүр тогтмол хэвлэлийн хурал хийнэ. Хэсэг мартагнаад ирэхээрээ л сануулах гэдэг юм уу, эсвэл шантаажны мөнгө нь дуусч эхэлдэг юм уу, магад зарим нь од болох гэж, нийгэмд танигдах гэхээрээ хэвлэл мэдээллийнхэн биднийг ашиглаад байна шүү дээ. Эднийг ингэж давраахаа больцгооё. Ямар ч бодлогогүй, ямарч цензургүй дуртай нь яриад, тэрийг хэвлэлийнхэн дамжуулаад байвал олон нийтийн мэдэх эрхэнд бид ч бас халдаж байгаа хэрэг шүү дээ. Тэднийг дамжуулснаараа бид өнөөх хувийн ашиг сонирхлоороо хурал зарласан нөхөдтэйгөө адилхан болчихоод байна. Зөв буруу, худал үнэн мэдээллийг ялгаж салгаж, цензур тавих хэрэгтэй . Хүүхдийнхээ төлөө тэр холбоон дээр нь очоод хашгирах эрх нь тэр хүнд бий. Муу муухай юм ярьж, муухай үйл хийвэл, шуналаа гүйцэлдүүлмээр байгаагаа илэрхийлмээр бол ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий газартаа очоод л ярь. Тэдний хувийн асуудал, хувийн шунал нийтэд хамаагүй.

Хэвлэлийн хурал зөндөө зарлагддаг. Ихэнх нь л нэг байгууллага өөрийнхөө асуудлыг ярьдаг. Эсвэл нэг нөхөр таван хүүхдэд атга чихэр өгснөө гайхуулах гээд ч зарлаж байгаа харагддаг. Одоо албан ёсоор хэвлэлийн хурал хийж байгаа цөөн хэдэн газар л байна. Үндэсний Статистикийн газрын улирал бүр хийдэг нийгэм, эдийн засгийн байдлын талаархи мэдээлэл, бол АТГ-аас сар бүр хийдэг мэдээлэл, Цагдаагийн байгууллагаас хийдэг цаг үеийн асуудлаарх мэдээлэл. Үүнийг бол олон нийтэд хүргэх хэрэгтэй. Мөн төрийн ордонд Засгийн газар, УИХ-ын гишүүд болж байгаа үйл явц, батлагдсан хууль журам, тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийлж, мэдээлэл хүргэдэг. Энэ бол албан ёсны, буух эзэнтэй, буцах хаягтай, олон нийт мэдвэл зохих мэдээллүүд юм.

Буурь суурьтай, хариуцлагатай редакциуд хэвлэлийн хурлыг тэр бүр дамжуулаад байх нь багасч байгааг бас хэлэх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь шантаажчины юм уу, өөрийн эрх ашгаа өндөрт өргөгчийн эрх юм байж. Харин дамжуулахгүй, нэвтрүүлэхгүй байх эрх нь хэвлэлийнхний асуудал.

Тиймээс болсон бүх хэвлэлийн хурлыг өөгшүүлж дамжуулаад байвал конкурсэд унасан хүүхдээ өмгөөлж, дээд сургуульд орох ёстой гэж орилоод зурагтаар гарахад сийхгүй болж. Зэрлэг өрнөд гэгчээр үнэхээр зэрлэг балмад үйл үйлдлээ нийтэд цацах болж. Баахан олон хаан, хатад ч гарч ирлээ. Тэд сошиалд зориулж цацахаасаа илүүтэй хэвлэлийг ашиглах сонирхолтой. Учир нь итгэл үнэмшил илүү төрнө гэдгийг мэдэж байна шүү дээ. Энийг сэвж хөөрцөглөхгүй байя. Нийгэмд тустай, нийтэд хамааралтай мэдээг хүргэж, соёлыг түгээх, хэвшүүлэх шаардлагатай байна. Дандаа гоё сайхан биш ч үнэн бодит, олонхи мэдвэл зохилтойг нь хүргэе. 1980-аад оны сүүлээр Баруун Германы Канцлер Коль “Хоёр Герман нэгдэх боломжтой” гэж яриан дундаа хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон хүргэсэн нь өвсөнд тавьсан түймэр шиг л хүчээ авч эцэстээ үр дүн нь Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн. Цагдаагийнхны санаачилсан Нэг хором тэвчье”, Яараад яахав дээ” аяныг хүн бүрт хүргэхэд харамсах зүйлгүй байлаа.

Сэтгүүл зүйн онолын чухал ойлголтуудад мэдээ, нийтлэлийн үр нөлөө гэж бий. Бид мэдээлэл түгээхдээ тэрхүү үр нөлөөг сайтар бодож байх ёстой. Тиймээс ч хэн дуртай нь зарласан хэвлэлийн хурал руу гүйж очоод баймааргүй байна.

Онцлох нийтлэлүүд