ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.11.13 05:11

Хятадаас Европыг чиглэсэн Төмөр замын буухиа галт тэрэг Бүгд Найрамдах Турк Улсын газар нутгаар дамжин өнгөрөв


Эртний Торгоны замын эхлэл цэг болох Хятадын Сиань хотоос хөдөлсөн "Сиань Олон улсын худалдаа, ложистикийн хүрээлэн" компанийн эзэмшдэг Хятадын Төмөр замын бухиа галт тэрэг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Каспийн тэнгисээр дайрах Өрнө – Дорнын төв коридориор зорчин Туркийн нийслэл Анкара хотод хүрэлцэн ирэв.

Цахилгаан тоног төхөөрөмж тээвэрлэж буй 76 м3 багтаамжтай 42 ширхэг контейнэрээс бүрдэх 850 м урт тус галт тэрэгний цуваа нь Казахстан, Азербайжан, Гүрж болон Карс хотын газар нутгаар дайран Туркийн газар нутагт ирсэн юм. Истанбулын далайн доогуур тавигдсан Мармарай хоолойн гарцаар явж Болгар, Серби, Унгар болон Словакийн газар нутгаар дамжин Праг хүрнэ. 42 ширхэг адил хэмжээтэй бараа бүтээгдэхүүний цуваа тээвэрлэж буй Хятадын Төмөр замын буухиа галт тэрэг 2 тив, 10 улсын газар нутаг болон 2 тэнгисийг давж нийт 11.483 мянган километр газар нутгийг 18 өдрийн турш туулах болно.

Баку – Тбилис – Карс чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хятад Улс, Турк Улсын хооронд ачаа тээвэрлэх хугацаа 1 сар байснаас 12 хоног болон багасч, “Мармарай” далай доогуурх төмөр замыг дээрх чиглэлийн төмөр замтай холбосноор Зүүн Азиас Баруун Европын хооронд ачаа тээвэрлэх хугацаа 18 хоног болж буурна. Энэ хүрээнд Турк Улс нь дээрх төсөлд өөрийн дэд бүтцийг хэрэглүүлж, чухал хувь нэмэр оруулж байна.

Хятад, Ази, Европ, Ойрхи дорнодыг хооронд нь холбосон асар том дэд бүтэц, тээврийн сүлжээг бий болгох зорилготой Хятадын Бүс ба Зам төсөлд Турк Улс онцгой ач холбогдол өгч байна. Азербайжан болон Гүрж Улстай хамтран барьсан Баку – Тбилис – Карс чиглэлийн төмөр замаар зорчиж буй Хятадын Төмөр замын буухиа галт тэрэг нь дэлхийн ачаа тээврийн салбарт шинэ чиглэл бий болгох бөгөөд Баку – Тбилис – Карс Төмөр замаар дамжуулан манай улс бусад тээврийн коридоруудтай харьцуулахад цаг хугацаа, эрчим хүчийг хэмнэж байгаа тул Турк Улс Бээжин хотоос Лондон хот руу хүрэх Дунд коридорын хамгийн чухал холбох цэг болох юм.

Энэхүү ахиц дэвшил нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа болон дэлхийн бусад улстай худалдаа, тээвэр хийх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хүлээлт бий.

Энэ хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анкара хотноо тус буухиа галт тэргийг угтан авах ёслолын ажиллагаа Бүгд Найрамдах Турк Улсын Зам тээвэр, дэд бүтцийн сайд Жахит Турхан, Худалдааны сайд Рухсар Пекжан нар оролцоотойгоор зохион байгуулагдлаа.


Онцлох нийтлэлүүд