Нийгэм
2015.04.29 02:04

Хятадад тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулах бүртгэл эхэллээ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын “Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” санамж бичгийн дагуу ирэх хичээлийн жилд үнэ төлбөргүй суралцуулах оюутнуудын сонгон шалгаруулалтыг эхлүүлжээ.2015-2016 онд нийт 200 оюутан Хятадад тэтгэлгээр суралцах боломжтой. Үүнээс мэргэжлийн чиглэл харгалзахгүй бакалавр 20, магистр 140, доктор 40 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр бүртгэж байна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:

1/ Бакалавр:

Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

- Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

- БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

- БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар амжилттай суралцаж төгссөн, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан;

- БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

2/ Магистр, доктор:

- Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны;

- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны;

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь аль нэг шатны сургалтад хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Онцлох нийтлэлүүд