ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.03.19 01:03

Хятад улс Байгаль нуураас ус татах хоолойгоо Монголын нутгаар дамжуулна

Хятад улс Байгаль нуураас ус дамжуулах хоолой барих замаар ундны усны хомсдолоо шийдэхээр болжээ. Байгаль нуур, Гансу мужийн төв Ланжоу хотыг холбох цэвэр ус дамжуулах хоолой барих төслийн талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна. Гансу мужийн нийслэл Ланжоу хотоос Байгаль нуурын баруун урд хэсгийг холбосон уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжихаар эл төсөлд тусгагдсан бөгөөд нийт урт нь 1000 км урттай байх юм байна.

Гансу мужийн хувьд олон жилийн турш ган гачигт нэрвэгдээд байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд ердөө 380 мм хур тунадас орсон гэнэ. Тус мужийн удирдлагууд, инженерүүдтэйгээ хамтдаа зохиосон уг төслийг зарим байгаль хамгаалагчид “Хятадын цангааг тайлах аргаа барсан алхам” хэмээн үзэж байгаа ч үүний цаана маш их эдийн засгийн ашиг сонирхол буйг харах ёстой гэж байгаа юм. Хятад улсын хувьд хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэргээс үүдэж ундны усны хомсдолд ороод байгаа. Ялангуяа Бээжин хотын хувьд ундны усны хомсдол 2020 он гэхэд аюултай түвшинд хүрэхийг дотоодын судлаачид нь эртнээс сануулсаар ирсэн. Гансу мужийн хувьд хэт хуурайшилттай, ганд нэрвэгдсэнээс ундны усны асуудал хүндрээд байгаа учир хамгийн хурдан хугацаанд усны хомсдлоос гарах арга зам нь Байгаль нуураас ус татах болоод байгааг Ланжоугийн удирдлагууд өгүүлжээ.
Уг төслийг санаачлагчдын нэг, Хятадын Эдийн засгийн шинэчлэлийн нийгэмлэгийн дэд тэргүүн Ли Луоли “Италийн Комо нуурын усыг Лондон хот руу татдагтай адил зарчимтай. Тиймээс үүнийг цочирдон хүлээн авах зүйл байхгүй. Техникийн асуудал нь бүрэн шийдэгдсэн. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс л барилгын ажил эхэлнэ. Тиймээс хоёр тал дипломат ширээний ард суух л үлдээд байна” хэмээсэн талаар “Глобал Таймс” сонинд бичсэн байна.
2016 онд Оросын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев “Хятадын Шинжаан муж руу Казахстанаар дайрсан ус дамжуулах хоолой барихад манай улсын эрх ашгийг тусгасан тохиолдолд татгалзах зүйлгүй” гэснийг төсөл санаачлагчид эш татжээ. ОХУ-ын эдийн засгийн шинжээчид ч Хятад руу ус экспортлох нь улсад нь ашигтай хэмээн толгой дохин зөвшөөрөөд байгаа юм.
Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц. Харин ОХУ Байгаль нуураасаа ус өгөх үү, өөр нөөцөөсөө “илүүчлэх” үү гэдэг дээр эргэлзээ үүсвэл энэ төсөл замхарна гэж Хятадын тал болгоомжилж байгаагаа ч нуухгүй байна.
Манай улс нутаг дэвсгэр дээгүүрээ ийнхүү хоёр том гүрнийг усаар холбосон хоолойг дамжуулах нь олон талын ашигтай. Гэхдээ Байгаль нуур манай томоохон гол мөрнүүдээс эх авдаг учир алсуураа манай улсын усны нөөц байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй болохоор үүнд хашир хандахыг учир мэдэх хүмүүс болгоомжлуулж байгаа юм. Хэрвээ бид энэ төслийг байгаль экологид сөрөг нөлөөтэй хэмээн эсэргүүцвэл хятадууд манай хилийг тойруулаад хоолойгоо тавьчихаж мэдэх улс. Тиймээс үүнд яаран хориг тавьж түлхэх хэрэггүй. Монголчуудыг Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төслөө хэрэгжүүлэх гэхээр “Байгаль нуурын экологид сөргөөр нөлөөлнө” хэмээн хойд хөрш маань цааргалсаар ирсэн. Харин одоо тэд өөрсдөө Байгаль нуураас Гансу муж руу цэвэр ус дамжуулах хоолой тавихыг зөвшөөрвөл бидэнд Эгийн голын станцын ажлаа урагшлуулах боломж бүрдэнэ гэж харж болно. Нөгөөтэйгүүр Монгол Улс томоохон гол, нуураасаа иймэрхүү замаар ус экспортолж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж ч шинээр гарч ирж байна гэж бодох хэрэгтэй. Бидний хувьд ус дамжуулсны төлбөр авахын зэрэгцээ, говийн нутгаа ч усжуулаад авах боломж гарч болох юм. Бас хоолойг арчилж, харж хамгаалах ажилд монголчуудаа дайчилж ОХУ, БНХАУ-аас цалинжуулаад явах зохицуулалт ч байж болно гэдэг олон санал гарч байна.
Харин Хятад улсын хувьд нэгдүгээрт ОХУ Байгаль нуураасаа ус экспортлох зөвшөөрөл олгох эсэх нь л хамгийн чухал болоод байгаагаас биш уг хоолойг хаагуур яаж дамжуулах нь дараагийн асуудал гэсэн байр суурьтай байна. Гансу мужийнхны гаргасан уг төсөл хэрвээ хүчээ авч Хятадын төрийн эрх мэдэлтнүүд анхааралдаа даруй авбал ус дамжуулах хоолойн барилгын ажил ирэх зунаас эхэлчихнэ гэж төлөвлөжээ.
Д.САРУУЛ

Онцлох нийтлэлүүд