ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.08.21 12:08

Хүлээлт

Хоёр хөршийн тэргүүн дараалан айлчлах гэж байгаа энэ өдрүүд дотоодын улс төр, эдийн засгийн асуудалдаа бухимдалтай байгаа Монголын олон нийтэд дотоод асуудлуудаас анхаарлаа түр ч гэсэн хөндийрүүлж, томоор бол олон улсын тавцан дахь, тодруулж хэлбэл хоёр хөршийн дундах улс орныхоо байр суурийн талаар эргэцүүлэх боломжийг олгож байх шиг.  

Монгол, Орос, Хятад гурван үндэстэн хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хэдэн зуун, мянганаар тоологдох харилцаа¬ны түүх өнөөгийн бидний ой санам欬¬¬¬¬¬¬ийг биежүүлж, харилцан бие биедээ хандах хандлагыг тодорхойлж иржээ. Дэлхийн хүчний төв гэж тооцогддог Евроазийн эх газрын дийлэнх хэсгийг эзлэн оршдог энэ гурван үндэстэн Монголын эзэнт гүрний үеэс бие биеийнхээ хувь заяанд харилцан хүчтэй нөлөө үзүүлж, хэдэн зууны турш ээлж дараалан дэлхийн геополитикт гол нөлөөтэй улс үндэстнүүд байсаар ирэв.

 Өнөөгийн монголчууд бидний өвөг дээдэс хоёр хөрш орныхоо газар нутгийг нэгтгэж, урьд байгаагүйгээр тэлж, өнөөдрийн хүчирхэг хоёр гүрэн байгуулагдах үндэс суурийг баттай тавьж өгсөн гэж бахархдаг. Бас хожим Манжийн бүрэлдэхүүнд, мөн Зөвлөлтийн хараанд байсан үеэ ч тод санадаг. Манжийн эзэнт гүрэн нуран унахад монгол, хятад үндэстэн аль аль нь колоничлолоос салж, тусгаар тогнолоо тунхагласныг зүй ёсны өрнөл байсан гэж үздэг. 

Түүнээс хойшхи хэдэн 10 жилийн туршид тусгаар тогтнолоо баталгаажуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл явц хоёр хөршийн харилцааны өрнөл дунд хэрхэн үргэлжилж, биелэлээ олсныг нийтээр ойлгодог бөгөөд энэ нь ч Орос-Хятадын харилцааны үнэ цэнийг мэдрэх суурь болдог гэж болно. Энэ бол монголчуудын түүхэнд ханддаг хандлага, түүхээс улбаалан өнөөдөр хоёр хөршдөө харах үзэл бодлын суурь юм. 

Гурван сая хүрэхгүй хүн амтай атлаа энэ дайны хүн амтай аль ч улс үндэстнээс илүү гэж болохоор нэгдмэл төр, үндэсний гал голомт, тусгаар тогтнол, соёл уламжлалаа шүтэж дээдлэх хүчтэй эрмэлзэлтэй монголчуудын үзэл санаа, сэтгэл зүй ийм түүхээс эхтэй. 

Дэлхий ЗХУ, АНУ-ын хоорондын зөрчлөөр хоёр хуваагдаж байсан цаг үед Монгол үнэн хэрэгтээ социалист, капиталист хоёр лагерийнхаас илүүтэй хоёр хөршийнхөө хоорондын хүйтэн дайны талбар болж байлаа. Хөрш орнууд харилцан зөрчилд ороход аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн аль ч утгаараа ямар таагүй байдал үүсч болохыг Зөвлөлт-Хятадын сөргөлдөөний жилүүд бидэнд мэдрүүлсэн. 1980-аад оны сүүлчээс хоёр хөршийн харилцаа сайжирч эхэлсэн нь Монгол Улсад амар тайван амьдрал, хөгжил дэвшлийн олон боломжийг нээсэн юм. 

Аюулгүй байдлын үүднээс хоёр том хөршийн дунд оршдог ямар ч үндэстэнд байх сэтгэлзүйн дотоод зөрчлийг монголчуудаас олж харах тийм ч хэцүү биш. Хоёр хөрш хоорондоо зөрчилдөхгүй байгаасай гэж хүснэ. Бас хоорондоо хэт ойртож бидний эрх ашгийг наймаалцчих вий гэж болгоомжилно. Энэ бүх хүсэл, болгоомжлолын цаана монголчуудад хоёр л тодорхой ашиг сонирхол бий: Тусгаар тогтнол, хөгжил дэвшил.

Олон улсын харилцааны өнөөгийн хувьсал өөрчлөлтийн дунд тэр тусмаа хоёр хөрш хоорондоо ихээхэн ойртон дотносож байгаа цаг үед монголчууд удахгүй болох Хятадын тэргүүний айлчлалаас юу хүлээж байна вэ?

ЮУНЫ ТҮРҮҮНД ИТГЭЛЦЭЛ

Айлчлалын өмнөх энэ өдрүүдэд Хятадын интернетийн сүлжээгээр тархаж байгаа Хятад улс  Монголыг өөртөө нэгтгэх тухай хэн нэг нь санаатай түгээж байна уу гэмээр яриа хэлэлцүүлгүүд Монголын мэдээллийн сүлжээгээр амархан тархаж, монголчуудын хөршдөө үл итгэх уур амьсгалыг дэврээхэд хүргэж байна. Одоогоос арван нэгэн жилийн өмнө болсон Ху Зинтаогийн айлчлалын үеэр хоёр тал сайн хөршийн харилцан итгэлцсэн харилцаагаа бэхжүүлэх зорилт тавьсан ч энэ чиглэлд лав л Монголын нийгэмд тийм том дэвшил гарч чадаагүй. Үе үе Монголын сонин хэвлэлээр орчуулагдан тавигдах Монгол Улсгүй газрын зурагтай түүхийг гуйвуулсан мэдээлэл, Монголын УИХ 43 дахь удаагаа Хятадад нэгдэх асуудлыг авч хэлэлцлээ гэх цуурхал... энэ бүхэн өмнөд хөршөөсөө өөрийн эрхгүй жийрхэх үзэл, зай барих эрмэлзлийг  хүмүүсийн далд ухамсарт буй болгосоор байгаа нь харамсалтай. Монгол бол бидний ядарч явахдаа алдсан газар нутаг бөгөөд хэзээ нэгэн цагт буцааж авах ёстой гэсэн бодолтой жирийн хятад хүн, Монгол бол хэзээнээсээ Хятадын нэгэн адил Азийн бие даасан үндэстэн байсан гэсэн гуйвшгүй үнэмшилтэй Монголын жирийн иргэн хоёрын хооронд харилцан итгэлцсэн харилцаа үүсэх үү гэдэг хариулахад хэцүү асуулт юм. 

Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд үндэсний үзэл, үл итгэлцэл газар авч, улс орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргэж ч болзошгүй уур амьсгал буй болгож байгаа нь хөгжил дэвшлийн асар их нөөцтэй энэ бүс нутгийн хувьд харамсмаар зүйл юм. Иймээс өнөөг хүртэл амжилттай хөгжиж байгаа Монгол-Хятадын харилцааг ухраахгүйгээр найрсаг харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр орны төрийн тэргүүн, Засг­ийн газар дээрх эмзэг асуудлаас тойрч зугтах бус, нүүр тулж, хамтарч шийдэл хайхаас өөр гарц харагдахгүй байна. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө энэ асуудлыг онцлон дурдсаныг цагаа олсон зөв алхам гэж үнэлүүштэй.

Энэ бүхний цаана монголчуудын хувьд өмнөд хөршөөсөө хүсэн хүлээх хамгийн чухал зүйл бол бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний гүрэн болж өсч тэлж байгаа том орны хувьд хөрш зэргэлдээ жижиг улс үндэстнүүдийн түүх соёлд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг, ёс суртахуун, соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн  хариуцлагатай их гүрэн байх. 

Гэхдээ итгэлцэл гэдэг бол нэг урсгалтай хандлага бус, харилцан бие биедээ итгэх тухай асуудал. Монголын нийгэмд үе үе цухалзах болсон Хятадын эсрэг үндсэрхэг үзлийг өдөөн турхирах, Монголд байгаа хятад иргэдийн аюулгүй байдалд халдах үйлдлүүдийг таслан зогсоож, хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байх нийгмийн зөв уур амьсгалыг хадгалахад Монголын Засгийн газар ч мөн үүрэг хүлээж илүү анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр орны удирдлага итгэлцэл бэхжүүлэх тухай уриа лозун дэвшүүлэх бус, үл итгэлцэл буй болгож байгаа бодитой шалтгааныг арилгахад ахиц дэвшил гаргана гэж найдъя.

ДАЛАЙН ГАРЦ, ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, БАНК...

Монгол, Хятад хоёр тал эдийн засгийн харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч буй. Монголын тал эдийн засгаа хөгжүүлэхийн тулд өмнөд хөршийн зах зээлийг түшиглэх, хөрөнгө оруулалт татах, Хятадын нутгаар дамжин далайд гарч гуравдагч оронд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Хятадын тал өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн эрэлтээ хангах, олон улсын өрсөлдөөнд давуу байр суурьтай байхын тулд Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн, эрчим хүч авах шаардлагатай гэж үзэж буй. Хоёр орон хоёулаа харилцан ашигтай эдийн засгийн харилцаа нь тогтвортой байдал, сайн харилцааны суурь болно гэж үзэж байна. 

Монгол Улс далайд гарцгүй орон. Энэ нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах нэгэн бодитой хүчин зүйл болдог. Хятадын тал 1990-ээд оны эхэн үеэс манай улсад Тяньжингийн боомтоор гадаад худалдаа хийх боломж олгосон нь өнгөрсөн хугацаанд монголчуудын ахуй амьдралд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлохгүй байх аргагүй. 

Си Зиньпиний айлчлалаар хоёр орны хооронд харилцах боомтын тоог нэмэгдүүлэх,  Монгол Улсад ганц Тяньжин бус, Зүүн хойд Хятадын олон боомтоор далайд гарах боломжийг олгох, олон жилийн хугацаатай, Монголд таатай нөхцөл олгосон дамжин өнгөрөх төмөр замын тээврийн хэлэлцээрийг байгуулахаар ярилцаж байгаа нь хоёр талын харилцаанд гарах маш бодитой ахиц дэвшил болохоор харагдаж байна.   

Түүнчлэн манай уул уурхайн бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү шууд гаргах  Таван толгой - Гашуун сухайт, Сайншанд – Замын Үүд, Хөөт – Бичигтийн гурван чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих асуудал талуудын хооронд яригдаж, Хятадын тал энэ асуудлыг шийдвэрлэхийг манай Засгийн газраас хүсч буй. Олон жилийн турш талцал, улс төржилт дагуулсан царигийн асуудал өнөөдөр ч монголчуудыг хуваасан маргааны сэдэв хэвээр байна. Гэвч УИХ-ын хаврын чуулганы хуралдаан Хятадын тал дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцлийг баталгаажуулж гэрээ хэлэлцээр байгуулсан нөхцөлд дотоодын зөрчлөө сөрөн дээрх гурван газарт нарийн царигийг баталж болох юм гэсэн нэлээд өргөн хэмжээний ойлголцолтойгоор завсарласан. УИХ асуудлыг барьцаалж байгаа хэрэг бус, харин нарийн царигийг эсэргүүцэж байгаа нийгмийн нэг хэсгийн бухимдлыг намжаахын тулд хөрштэйгээ сайн тохиролцоо хийх шаардлагатай гэж үзсэнийх юм. Улс төрчид олон нийтийн шаардлагыг тэнцвэржүүлэхийн тулд ийм сонголт хийж байгааг ойлгохоос аргагүй. 

Мөн Монголын нүүрсний ихээхэн нөөцийг түшиглэн нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих чиглэлээр хамтран ажиллах, Хятад руу хоолой тавьж Хятадын зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотыг ч бохирдол багатай эрчим хүчээр хангах асуудал яригдаж байгаа нь шинэ бөгөөд нэн дэвшилттэй сонсогдож байна. Гол нь ийм хамтын ажиллагаанд Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын оролцоог хангаж чадвал Монгол Улс Хятадад эрчим хүч экспортлогч орон болно. Ингэснээр хоёр орны хоорондын стратегийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тогтвортой харилцааны суурийг бэхжүүлэх нэгэн чухал алхам болно. Монгол Улсын эрчим хүчний баялаг эх үүсвэрийг тооцон үзвэл энэ нь бүтэшгүй зүйл биш юм.

Мөн хөршийн зүгээс Хятадын Банкны салбарыг Монголд байгуулах асуудлыг тавьж байгаа. Жижиг эдийн засагтай, банк санхүүгийн салбар эмзэг хэвээр байгаа монголчууд харин энэ саналд болгоомжтой хандсан хэвээр байна. 

ХӨРШИЙН ХҮЛЭЭЛТ

Дээр дурдсан улс төр, эдийн засгийн асуудлуудаас нэлээд нь айлчлалын хүрээнд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой. Тэдгээрийн цаана айлчлалын яриа хэлэлцээрийн явцад хөршүүдийн зүгээс хөндөхгүй байж болох ч цаанаа хадгалж үлдэх битүү болгоомжлолууд байгааг энд хөндөхгүй байхын аргагүй.

Юуны өмнө Монголын дотоод амьдралыг сайн мэдэх хөрш орны хувьд Монголын талд тохирсон гэрээ хэлцлээ биелүүлэх эсэхэд эргэлзээ тээж үлдэхэд гайхах зүйлгүй. Энэ асуудлыг өмнө нь хоёр хөрш хоёулаа, түүний дотор умард хөрш илүүтэй хөндөж тавьсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдийн Монголын улс төр хөрш орнуудад ийм эргэлзээг бий болгосонд бид өөрсдөө л буруутай. Өнөөдөр Монголын дотоодын амьдрал ч, гадаад орчин ч биднээс энэ байдлаа яаралтай засч залруулахыг шаардаж байна. Аливаа тусгаар улс нэг төртэй, нэг зангидсан гадаад бодлоготой, хөрш түнш орнуудтайгаа нэг цонхоор хэлэлцэж ойлголцдог, ойлголцож тохирсон бол хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэж байж тогтвортой, найдвартай түнш байна. Ийм түвшинд ажиллахын төлөө бид хичээх, хөрш орнуудаасаа ч ойлгож хамтран ажиллахыг хүсэх нь чухал. Хятадын ч, Оросын ч хувьд өөр нэгэн болгоомжилдог зүйл бол Монголын “гуравдагч хөршийн” бодлого. Хэдэн мянган километрээр хил залган оршдог Монголыг өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах гуравдагч орны түшиц газар болон хувирах вий гэдэг болгоомжлол. Геостратегийн нэн онцлог байрлалд орших Монгол Улсыг дэлхийн их гүрнүүд сонирхож харьцдаг нь нууц зүйл биш. Гэхдээ бусад улс орнууд Монголыг ямар өнцгөөс сонирхохоос үл хамаараад Монголд өөрийн бодлого бий.

Хоёр хөрш хийгээд бусад улс оронтой харилцах талаар Монголын төр өнгөрсөн хориод жилд ухаалаг бодлого барьж ирсэн бөгөөд Монголын олон нийт ч үүнийг үнэлж дэмждэг. Монголын аюулгүй байдал, гадаад бодлогын хамгийн чухал баримт бичгүүдэд хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байхыг эн тэргүүний зорилго болгосон байдаг. Энэ бол хоёр талдаа таалагдах гэсэн тунхаглал бус, ерөөсөө хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь Монголын аюулгүй байдлын суурь шаардлага болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хэрэг юм. 

Үүний цаана дээрх бодлогуудад Монголтой улс төр, эдийн засгийн бодит харилцаатай хэсэг бүлэг орныг нийлүүлж нийтэд нь “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон. Гуравдагч хөршийн бодлого бол монголчууд өөрийнхөө үндэсний эрх ашиг, хөгжил дэвшлийг урагшлуулахын тулд бусад улс оронтой харилцаа хөгжүүлэх бодлого болохоос бус хэн нэгний эсрэг зорилго агуулсан зүйл огтоос биш. Гадны зарим судлаачид төдийгүй монголчуудын дунд хүртэл гуравдагч хөршийг ганц нэг улсаар төлөөлүүлж ойлгох, мөн хоёр хөрштэй тогтоосон харилцаатай сөргөлдүүлж тавих хандлага байдаг. Үүнийг аюулгүй байдал судлалд “нийлбэр нь тэг” буюу “чиний нөхөр бол миний дайсан” гэх хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй зүйрлүүлж үздэг. Монголын үндэсний язгуур эрх ашигт юуны өмнө Монголын ард түмний амар амгалан амьдрал багтдаг. Эндээс хоёр хөршийн эсрэг чиглэсэн гуравдагч хөршийн бодлого байж болохгүй бөгөөд байлаа ч энэ нь эргээд үндэсний эрх ашигтайгаа харшилна гэдэг нь харагдана.     

Монгол Улс хоёр хөршийн дунд, мөн бүс нутгийн бусад улс орнуудтай харилцахдаа ч “тэнцвэр” хэмээх ойлголтыг ихээхэн чухалчилж ирсэн нь олон улсын тавцанд хутган үймүүлэгч бус, бусдад хэрэгтэй зөв тоглогч байх, үүгээрээ дамжуулаад улс төрийн аргаар үндэсний эрх ашгаа хамгаалах гэсэн бодлоготой холбоотой. Финлянд, Швейцар зэрэг Европын зарим орнуудын бусдад аюул тарихгүй, хэн нэгний талд орж үгсэхгүй байх, бусдын яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж өгөх замаар аюулгүй байдлаа ч, олон улсын тавцан дахь нэр нөлөөгөө ч хадгалж  хамгаалж ирсэн бодлогыг Монголын үе үеийн дипломатууд, шийдвэр гаргагчид манай улсын хувьд хамгийн тохиромжтой үлгэр жишээ гэж үздэг.

Зүүн хойд Азийн бүс нутаг бол улс орнуудын харилцан үл итгэлцэл, шийдвэрлэгдээгүй түүхийн маргаантай асуудал ихтэй, олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд амаргүй бүс нутаг. Монгол Улс Зүүн хойд Азийн бүх оронтой хоёр талын зөрчил маргаангүй ганц орон бөгөөд үүгээрээ бүс нутгийн орнууд уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлэх хамгийн таатай газар гэж болно. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улаанбаатарт Зүүн хойд Азийн яриа хэлэлцээг өргөжүүлэх санаачилага гаргасныг бүс нутгийн орнууд нааштай хүлээж авсны дотор БНХАУ-ын Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд онцлон талархууштай.

Товчоор дүгнэхэд, Монгол Улс гадаад бодлогын хувьд хөршүүдийнхээ итгэлийг хүлээж, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой, ийм ч эрмэлзэлтэй орон. Олон мянган километрээр хаяа залган орших Монгол орон үг хэлээ ололцож, итгэж хамтарч ажиллаж чаддаг тогтвортой түнш байх нь Орос, Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд ч нийцэх учиртай. Бид харин хөршүүдийнхээ болон олон улсын итгэлийг хүлээсэн орон байхын тулд дотоодын улс төрөө эрүүлжүүлж, засаглалаа сайжруулах, үндсэн хуулийн институцүүдээ бэхжүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай байгаа. Монгол Улс бүс нутагтаа аюулгүй оршиж, ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоогоо бэхжүүлж хөгжин цэцэглэх ирээдүй биднээс өөрсдөөс ихээхэн хэмжээнд хамаарах болно. Бид зөвхөн өнөөдрөөр амьдрах ёсгүй. 

М.БАТЧИМЭГ 

(УИХ-ын гишүүн) 2014.08.19

Онцлох нийтлэлүүд