ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.08.01 03:08

Хүний алхааг эрчим хүч болгож, азотын ислийг сорж, агаар цэвэршүүлдэг Лондонгийн ухаалаг гудамж

Pavegen плитаны анхны хувилбар. 2012 он

Байгуулагдсан цагаасаа эрчим хүчний салбарт нээлт хийж, шинэ технологийг нэвтрүүлсээр олонд танигдсан Pavegen гэх компани бий. Дэлхийд Pavegen systems гэх нэрээрээ алдаршсан. Саяхан тус компанийн Лондонд туршсан бас нэг технологи нь дэлхийг шуугиулж эхэллээ. Pavegen-ийнхэн хүний алхалтыг эрчим хүч болгон хувиргах хавтан бүтээснээ зургадугаар сарын 29-нд Лондонгийн West End дүүргийн Bird Street гудамжинд байрлуулж ашиглалтад оруулсан нь ийнхүү олны талархлыг хүлээгээд байна. Дэлхий нийт Pave¬gen компанийн тохижуулсан гудамжийг Ухаалаг өргөн чөлөө, Эрчим хүчний өргөн чөлөө гэх мэтээр нэрлээд эхэлжээ.

Тухайн компани нь яг энэ технологи дээр сүүлийн хоёр жил ажилласан гэх ч 2012 оны Лондонгийн олимпийн үеэс л энэ төрлийн технологиудыг туршиж эхлээд байсан. Одоогоос таван жилийн өмнө “Хөдөлгүүрийн эрчим хүчийг кинетик энерги болгон хувиргах гибрид технологийг танилцууллаа” гэж судлаачид тэмдэглэж байсан бол зохион бүтээгчид “Урьд өмнө хэзээ ч байгаагүй тэжээлийн эх үүсвэр. Хүн төрөлхтөн үүнийг ашиглаж” эхэллээ хэмээн онцолж байв. Зохион бүтээгчид уг технологио “Хур тунадас хураах” зарчим гэж томьёолж, нэрлэж байлаа.
Үндсэндээ Pavegen плита буюу хавтанцрын гадаргуугийн тавин таван миллиметрийг хөдөлгөснөөр кинетик энергийг бий болгодог. Ингэснээр хүний нэг хөлийн даралтаас дунджаар зургаан ваттыг үйлдвэрлэж, хувиргадаг. Туршилтын хоёр долоо хоногийн хугацаанд Pavegen плита нь 20 киловатт-цаг эрчим хүчийг бий болгосон. Энэ нь шөнийн турш гудамжны гэрэлтүүлгийг бүтэн асаалттай байлгахад хангалттай хүрэлцэхүйц эрчим хүч гэсэн үг. Энэ технологи нь олон өндөр байшингийн сүүдэртэй буюу салхин сэнс, нарны зайн хураагуур ашиглах боломжгүй шигүү барилгатай хот, суурин газарт яв цав нийцсэн эд болжээ. Олимпийн үеэр гудамжны гэрэлтүүлгээс гадна зар сурталчилгааны дэлгэц, замын гэрэлт тэмдэглэгээ зэрэг эрчим хүч бага зарцуулдаг ламп, чийдэнтэй бүхий л зүйлийг цахилгаанаар хангаж байсан юм. Үндсэндээ, маш олон хүн алхаж явдаг газар хаана байна, тэнд энэ технологи илүү үр дүнтэй байдаг.

Хүний алхааг эрчим хүч болгон хувиргадаг Pavegen явган хүний зам. 2017 он

Таван жилийн өмнө хүний алхааг эрчим хүч болгох технологи нэг иймэрхүү түвшинд байлаа. Хамгийн гол нь Pavegen плита нарны зайн хавтангаас хэд дахин өндөр үнэтэй байсан явдал. Үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад нэгжийн үнэ буурах болно гэж итгэсэн зохион бүтээгчид хөрөнгө оруулагчидтай уулзах бүртээ нааштай хариу сонсч байжээ. Лондонгийн олимпийн үеэр Pavegen системийг ашиглаж, туршсанаар Баруун Лондонгийн Стратфорд хотын худалдааны төв гэх мэт томоохон пүүс компаниуд, арилжааны төвүүд өөрийн байрандаа энэ технологийг суурилуулах захиалга ч ихэссэнээр Pavegen системийн үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн байдаг.
Харин таван жилийн дараа буюу өнөөдөр Pavegen плита интерактив хавтан болон шинэчлэгдэн, улам хөгжиж Эрчим хүчний, ухаалаг өргөн чөлөө нэрийг дагуулан иржээ. Төслийг Лондонгийн Bird Street гудамжинд зургадугаар сарын 29-ний өдөр эхлүүлснээ Pavegen компани албан ёсоор зарласан. Хүмүүс гудамжаар явган зорчиход зам нь эрчим хүчийг гарган авна. Яг л Лондонгийн олимпийн үеэр туршсан шиг. Paveg¬en компани ухаалаг өргөн чөлөөг тохижуулахдаа зөвхөн явган хүний зам эрчим хүч үйлдвэрлэн гэрэл болгон хувиргадаг системээр шинэ технологио хязгаарлаагүй. Хүний алхаанаас олж авсан эрчим хүчийг агаар цэвэршүүлэгч, түлшний ялгаруулалтанд агуулагдах азотын ислийг сорогчийг ч байрлуулж өгсөн. Түүнээс гадна агаарын бохирдлыг 95 хувиар өөртөө шингээдэг будган гадаргууг ч Лондонгийн Ухаалаг өргөн чөлөөнд нэвтрүүлсэн байна.

Ухаалаг гудамжны ерөнхий систем

Мөн хамгийн бага эрчим хүч хэрэглэдэг Blu¬etooth дамжуулагчийг тэнд суурилуулсан. Очсон хүмүүс өөрийн утсандаа Эрчим хүчний, ухаалаг өргөн чөлөөнд зориулсан тусгай аппликейшнийг татаж авах ёстой. Уг аппликейшн зорин очсон зочны алхмуудыг тоолж, системд оруулах бөгөөд энэ нь өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л дэлгүүрийн ваучер болон хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгодог гэсэн үг. Өргөн чөлөөнд ирээд мянга алхсан бол тэр дэлгүүрээр тэдэн хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлнэ гэх мэтээр аппликейшн нь өөрөө хэлээд өгнө. Нэг ёсондоо хүмүүсийг Эрчим хүчний өргөн чөлөөгөөр ирэх сэдлийг төрүүлэх гол түлхүүр нь болж өгнө. Дэлгүүр ч орлоготой, хүмүүс ч хэмнэлттэй, ухаалаг гудамж ч эрчим хүчээр тасрахгүй байх системийг ингэж боловсруулж өгсөн байгаа юм. Лондон хотын захирагч Садик Хан Лондон хотыг ухаалаг хот болгох эхлэл тавигдлаа гэж зарласан нь ийм учиртай. Тус өргөн чөлөө тэр чигээрээ ухаалаг, орчин үеийн хүн төрөлхтний, суурин соёлд тулгамдсан бүхий л асуудлыг шийдсэнээрээ ухаалаг гудамж хэмээн нэрлэгдэж байгаа юм.

-НАРНЫ ЗАЙН ХАВТАНГААР ЯВГАНХҮНИЙ ЗАМ ХИЙЖЭЭ-

Нарны зайн хавтангаар хийсэн явган хүний зам. Франц улс

Лондонгийн энэхүү ухаалаг гудамжны нээлттэй давхцаад Франц улсад бас нэгэн сонирхол татам гудамжны нээлт боллоо. Тэр нь нарны зайн хавтангаар хийсэн явган хүний зам. Нарны зайн хавтангаар явган хүний зам хийсэн гэхээр ойлгомжтой байх. Pavegen хавтанг үйлдвэрлэгсэдтэй нэг ижил зорилготой. Францын “Colas‘ Wattway” технологийн компани цаашид цэвэр эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэхийн тулд нарны хавтанг явган хүний зам болгон хувиргах ажил дээр сүүлийн хэдэн жил төвлөрчээ. Ингэснээр сүүдэрлэх барилга цөөн, жижиг хотын гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны эх үүсвэрийг хангах боломж нээгдэж байгаа юм байна. Гэхдээ энэ технологид нэг их нээлт, ололт ороогүй аж. Нарны зайн хураагуурыг, явган хүний замын хавтан болгох шийдэл дээр нэмэх нь гадаргыг хагарч, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн явдал. Ердөө таван давхар силиконоор бүрж, хамгаалжээ. Ингэснээр хоногт 280 мегаватт цаг эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгийг танилцуулсан байна. Манай улсынхаар жишвэл сумын төвүүдэд илүү тохирох технологи бололтой юм.




Онцлох нийтлэлүүд