ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.14 08:01

Хүний сэтгэл хэзээ нэг дэлхий шиг дулаарах бол?

Сэтгэл хөрөх, мөс шиг хүйтэн сэтгэлтэй, цэвдэг амьтан гэх мэтээр муу санаатай, муухай сэтгэлтэй хүнийг төлөөлүүлэн хэлэх үг монгол хэлэнд баялаг. Үнэндээ ч өнөөдөр хүний сэтгэл нэгнээсээ уйдан хөрч, мөс шиг цэвдэг болоо юу гэж эргэлзмээр санагдана. Нийгмийн аль ч салбарт, ажил алба, гудамж зээлд очсон нэгнээ муулсан, үзэн ядсан харьцаа ноёрхоно. Унаа тэрэгтэй улс нэгэндээ зам тавьж өгөх нь байтугай нялх балчир хүүхэд гарцаар гарч явахад дайраад амь насыг нь хөнөөнө. Бүүр цагдаагийн албан хаагч жолоочдоо урсгал сөрж явах тушаал өгснөөр цэцэг цэврүү шиг нялх охиныг дайрчихсан хэрэг гарсан. Тэгтэл мөнөөх сүрхий том дарга талийгаачийн ар гэрийнхэнтэй ганц ч удаа уулзаагүй гэж байгаа. Монголчууд ийм мөсөн сэтгэлтнүүдийг "зүйрлэхээ зүлгэчихсэн" гэж жигшин өгүүлж ирсэн. Зүйрлэхээ зүлгэчихсэн амьтдын мөсөн сэтгэлд яс үндэс, шашин шүтлэг, хэл соёлын ялгаа үгүй. Саяхан Францад сэтгэл нь цэвдэгшсэн нүгэлтнүүд мэргэжил нэгт нөхдийг минь хайр найргүй хөнөөсөн эмгэнэлт явдал гарсан. Хүний хүйтэн сэтгэлд хил хязгаар ч гэж алга. Мөрөөрөө явж байсан нэгэндээ аль болох л гай, гарз учруулж байвал бах тав нь сая нэг ханана. Дэлхийн дулаарал ч хүний цэвдэгшсэн ухаан, ахуйн хэтийдсэн хэрэглээтэй холбоотой. Байгаль дэлхийтэйгээ хүйтэн сэтгэлээр хандах тусам л сүйрлээ ойртуулна. Хүний сэтгэл хэзээ нэг дулаарч, аж төрөл амар амгалан болох юм бол доо?

Л.БАТЦЭНГЭЛ

Онцлох нийтлэлүүд