ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.13 12:09

Хүнсний стандарт хангасан зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг зөвлөж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “КОКО ДЕСЕРТ” ХХК нь хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж байсан үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулсан. Үүнтэй холбогдуулан НМХГ-ын төв лабораторид тарагны дээжийг авч, шинжилгээнд хамруулсан. Сорилтын үр дүн буюу шинжилгээний хариу 9-р сарын 10-нд эцэслэн гарлаа.

Шинжилгээний үр дүнгээр гэдэсний бүлгийн нян Enterobacter spp илэрсэн нь Монгол улсын “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага” болох MNS 6308:2012 стандартын шаардлага хангаагүй гарсан.

Энэ нян нь Enterobacteriaceae бүлэгт хамаарагддаг, грам сөрөг, спор үүсгэдэггүй, хүний бүдүүн гэдсэнд байдаг хэвийн бичил биетэн хэдий ч тодорхой нөхцөл бүрдэхэд /дархлаа сулрах, суурь өвчлөл, бохирдсон хоол хүнс хэрэглэх гэх мэт/ өвчлөл болон хордлого үүсгэдэг байна.

Цаашид үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь 2012 оны ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ 10.1.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах, мөн Монгол Улсын Засгийн газрын2011 оны 311 дүгээр тогтоол “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдөж, стандарт шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодлыг хэрэглэх шаардлагатай байгааг Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөж байна.

Онцлох нийтлэлүүд