ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.04.09 04:04

Хүн, амьтны төрж байгаа бичлэгийг хараад баяжна гэж байх уу

Төрөх, үхэх хоёр адилхан гэдэг. Тийм ч болохоор монголчууд төрөлт гэдэг зүйлд маш нарийн эмзэг ханддаг. Төрж байгаа эмэгтэй хүний дэргэд нөхөр, хөвгүүд нь байлцдаггүй, гэрийнхээ гаднаас шинэ хүний дуу хэзээ гарах бол хэмээн хүлээдэг заншилтай байсан. Алив айлд эх амаржлаа гэвэл үдэш орой орохгүй, гэрийнх нь ойролцоо чанга дуу чимээ гаргахыг цээрлэдэг ёстой байж. Үрээ төрүүлэхийн тулд маш их зовлон, өвдөлтийг бие сэтгэлээрээ туулж байгаа эх хүнийг ойлгодог учраас монголчууд шууд төрөх гэж биш “амаржих, нярайлах” гэх мэтээр хүндэтгэн ярьцгаадаг.

Элдэв янзын алт, боодолтой мөнгөтэй зурагнуудыг шэйрлэж, зургийг нь оруулж “Аз, аз”, “Баяжих болтугай” хэмээн бичдэг моодны хажуугаар төрж байгаа амьтдын зургийг оруулах нь олширчээ. “Төрж байгаа ингэний бичлэг. Ингэ ботголохыг харах сайн байдаг гэсэн” гэх аж. Тэгээд хонь, ямаа, гүү, ингэ бүр анаашны төрж байгаа бичлэгийг хүртэл харж “Аз жаргал ирэх болтугай, баяжтугай!” гэж ерөөж байх юм. Угтаа хоёр яс сална гэдэг ямар их өвдөлт шаналал билээ. Үүнийг бурханы номд тов тодорхой дурдсан байдаг шүү дээ. Эхнэрээ төрөхийг харсан залуу “Би эхнэрээ тэгэхэд маш их өрөвдсөн. Төрж байсан тэр үеийг нь бодохоор өөрийн эрхгүй өрөвддөг” гэж ярьж байна. Ийм л хэцүү зүйл байсаар байтал олон нийтийн сүлжээ, сайтуудаар нээлттэйгээр гаргаж байгаа нь хачирхалтай. Бас эхнэрийнхээ нярайлж буй, дуншиж байгаа зургийг дараад фэйсбүүк рүү хийх нь хэр зохимжтой бол. Хүн төрөлхтний заяагдмал ёс зүйг зөрчсөн үйлдэл болно л доо. Төрөх гэж зүдэрч байгаа эхэд өөрийнх нь зургийг ийн цахим ертөнцөд байрлуулбал таатай сэтгэгдэл төрөхгүй нь л ойлгомжтой.

Онцлох нийтлэлүүд