ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.03.30 09:03

Хүүхэд, морь хоёр


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.


Намайг зургаа, долоотой байхад анх удаа айл хэсэх эрхээр шагнав. Энэ эрхийг анх удаа сумын төв орох, наадам үзэх гэхчлэнгийн гайхалтай бонус дагалджээ. Тусад орж хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэсэн хэрэг. Хэрхэн тусад орж хонь сайн хариулдаг болсон бэ гэвэл, ийм юм. Ер нь тусад орно гэдэг мал аж ахуйн өдөр тутмын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэхийг хэлдэг. Хөвгүүд хонь малд явж, охид тогоо шанага барьж, мал сааж сурснаар энэ гарааг эхлүүлнэ.

Хүүхэд эхлээд хурга хариулж сурдаг. Энэ бол гэрийнхээ ойролцоо явганаар гүйцэлдүүлж болох хөдөлмөр. Харин морь унаж сурснаар алсын бэлчээрт хонио хариулах чадвартай болно. Бараг айл болгонд “хүүхдийн морь”, “хүүхдийг унаанд сургасан морь” гэж байна. Хүүхдийн морь ихээхэн хүндтэй байдаг ба бусад төрлийн уналга эдэлгээнд бараг ашиглагдахгүй. Өөрт илүү хариуцлагатай боловч хөнгөн ачаа ногдож байгааг зөнгөөрөө мэддэг болов уу гэлтэй, ихэнх хүүхдийн морь том хүн унахаар ааш гаргах, булгих зэргээр авирладаг нь сонин.

Санасан дээрээ сонирхуулахад, монголчууд морь малаа уналга эдэлгээнд сургахдаа, зэрлэг байгальд бие даан бэлчээрлэх, өвс усаа өөрөө олоод идэх чадварыг дарангуйлахгүй гэж хичээдэг. Наад зах нь мориндоо зөвхөн зүүн талаас нь ойртож, мордож бууж сургана. Ийм учраас ихэнх морь баруун талаасаа хүн ойртуулдаггүй байх жишээний. Харин цөөн тооны морь л онцгой тайван, номхон, бүх талаасаа ойртуулдаг болж “хүмүүждэг” бөлгөө. Ардын дуунд “Буурал морь нь буруугүй номхон хө” гэж гардаг нь аль ч талаас нь очиход үргэхгүй гэсэн утгатай.

Ихэнх тохиолдолд зөнгөөрөө тайван, амгалан адууг “Хүүхдийн морь” болгон сонгож авдаг. Зориудаар хүүхдэд зориулан сургаж, номхруулж авдаггүй. Харин хүүхэд морь хоёр бие биеэ сонгож учрах талтай байдаг юм шиг санагддаг. Ихэнх морь эмээл холбирч унах, ачаа бараа унжиж чирэгдэх зэргээс үргэж тонгочдог бол хүүхдийн морь энэ бүхнийг номхноор тэвчин өнгөрөөнө.

Намайг анх хөлгийн зоонд гаргасан “Хонгор морь” байлаа. Бид хоёрын дассан түүх урт. Анхандаа би түүнийг аргамжаанаас нь тайлж авчирдаг байв. Хонгор морио унаж сурахаасаа өмнө хонгор мориноосоо унаж бэртсэн ч түүх байна. Түүнд морины буруу огт байгаагүй юм.Томчуудаар өргүүлэн хонгор мориндоо мордоод, хөтлүүлэн явдаг байхад тохиолдсон явдал л даа.

Нэг өглөө морио аргамжаанаас нь тайлан хөтөлж авчрах замдаа бие даан унаж үзмээр санагдаад болдоггүй. Ингээд хэц газар зогсоогоод, том чулуун дээр гишгэн гараад мордов. Дөнгөж мордтол морь маань газрын уруу тонгойжээ. Ингээд зайдан мориноосоо хүзүүг даган гулгаад унаж, тохойгоо мулталсан байгаа юм. Моринд явсан хүүхдээ ирэхгүй болохоор сандраад эржээ. Хонгор морь яг тэндээ зогсчихсон, би урьд өнхөрчихсөн уйлаад хэвтэж байсан гэсэн.

Харин хойтон жилээс нь хонгор мориндоо эмээл тохоод ойр зуур явж, хонь хариулах боллоо. Эмээл өөдөө авирна, авирч гараад мордоно гэж Алтайн оргилд гарахын дайны юм болох авч хонгор морь маань тэвчээртэй хүлээн зогсоно. Заримдаа, зүүн хөлөө дөрөөлсөн чигээрээ, арай мордолгүй зогсож явах зугаатай санагдана. Хожмоо, циркчид яг ингэж давхилдахыг хараад гайхаагүй билээ. Хэрвээ баруун хөлөө дөрөөлөөд мордвол эмээл дээрээ хойшоо хараад суучихдагийг та нар мэдэх үү?

Хүүхдийн морь хэмээх хөөрхий амьтны тэвчээрийг ч далимдуулна шүү дээ. Заримдаа, эмээлээсээ бууж бие засахаас залхуураад морин дээрээсээ хөнгөнөөр “морь харсан” явдал ч ганц нэг байна. Шоррхийх чимээнээр чихээ нэг хөдөлгөснөө “энэ золиг юугаа хийгээд байна? За даа, юугаа ч хийсэн ямар хамаа байна” гэх шиг хэнэггүй зогсдогсон.

Хэрвээ чонотой таарах юм бол тэгж сандрах эсэх нь эргэлзээтэй. Санасан дээрээ сонирхуулдаг зангаараа хуучлахад, унаж яваа морь чоно хараад сүйдтэй айдаггүй. Эзэн нь чоныг айлгагч гэдэгт зөнгөөрөө итгэж байх шиг санагддаг.

Монгол хүн “Чоно угаасаа хүнээс айдаг” гэсэн бат итгэлтэй хүмүүждэг. Энэ итгэл үнэмшил нь чоныг айлгах хүчин зүйл болдог байх. Өрнөдийн шашин номлогч Ж.Гильмор монгол, хятадаар аялсан тэмдэглэлдээ нэгэн сонин жишээ дурдсан байдаг. Түүний дурссанаар, Хятад тариачдын тосгон руу чоно дайрч, хүн барьсан явдал гарсан гэнэ. Тариачид талбайдаа гарч чадахаа болиод арга барагдахад нэг нь “Монгол хүн чононоос айдаггүй, тэднийг агнадаг гэнэ. Иймээс монгол хүн олж ирье” гэсэн санал гаргаж бусдаараа дэмжүүлжээ. Монгол анчин ч олдсон байна. Эхний өдөр чоныг отож суусан анчны буу баарчээ. Хятадууд, одоо ч хөөрхий чононд бариулж дээ л гэж бодсон аж. Гэтэл, анчин буугаа гацсанд огт сандарсангүй. Улмаар нуугдан зугтаахын оронд өндийж ирээд чоно руу зандран хашгирчээ.

Амьдралдаа ийм зоригтой хүн үзээгүй хятад чоно паникт орж, эргээд явжээ. Мөнөөх чоно болсон явдлыг шөнөжин эргэцүүлээд, “очиж очиж хүнээс айна гэж юу байхав” гэж бодсон уу яасан, маргааш нь эргэж ирээд нам буудуулжээ. Анчин нь буугаа засварлаж, баараггүй болгоод хоносон хэрэг.

Үүнтэй төсөөтэй явдал надад ч тохиолдож байсан. Хонгор морио унаад хонь хариулж эхлээд удаагүй байсан цаг. Нэг удаа хонины цаад талд урьд өмнө үзээгүй саарал нохой явж харагдав. Үзээгүй гэдэг маань ойр хавийн айлуудад тийм шар нохой байхгүйг хэлсэн хэрэг. Гэтэл үргэсэн ямаа тургилаад эхлэхээр нь нохой биш болохыг анзаарлаа.

Тийм ээ, тэр бол чоно байлаа. Хамгийн түрүүнд сүүлээ буулгасан байхыг анзаарлаа. Монгол нохой, чоно хоёр сүүлээ сөхдөг, буулгадгаараа хамгийн түрүүнд ялгардаг билээ. Энэ онцлогоос болоод малчин ардууд сүүлээ сөхдөггүй болон саарал өнгийн нохой тэжээхээс зайлсхийдэг. Учир нь чонотой төстэй нохойнд мал дасахаас болгоомжилж байгаа хэрэг.

Монгол хэлнээ “Сүүлээ сээрэн дээрээ тавих” гэсэн зүйрлэл хэллэг байдаг бөгөөд нохой нь сүүлээ өргөсөөр байгаад сээрэн дээрээ авчраад саасагнан эрхлэхээс үүдсэн үг. Эрхлүүлэхээр даврах гэсэн утгатай. Ер нь нохой нөхөрсөг байхын хэрээр сүүлээ өргөдөг бололтой. Айлын нохой сүүлээ өргөчихсөн байвал чамайг зуухгүй гээд ойлгочиход бараг болно. За энэ ч яахав. Түрүүн юу ярьж байснаа мартчих шахлаа.

Анх чоно харсан миний бие айсандаа хөшөөд, нүдний нулимс бүрхээд ирлээ. Энэ зуур “чоно тааралдвал битгий ай, чимээ өгч хашгирч бай” гэсэн эмээгийн захиас санаанд орлоо. Тэрээр галзуу л биш бол ямар ч чоно хүнээс айдаг гэж хэлсэн юм. Харин галзуу чоно тааралдвал чимээгүй байх нь зохилтой гээд “чоно галзуурахаараа нохой мэт сүүлээ өргөж явахаас гадна хараа муудаж, чимээгээр баримжаа авдаг болдог” гэхчлэнгийн шинж тэмдгүүдийг бас хэлж өгсөн билээ. Ингээд хэр чинээгээрээ л “хүүе хаая” хэмээн хашгирсан санагддаг юм. Үхтлээ айсан жоохон хүүхэд ямар л олигтой хашгирав гэж. Гэхдээ л чоно миний зандрааныг дуулсан байгаа юм.

Боохой зогтуссанаа, намайг ажиглав. Тэгснээ, дуртай дургүй буцаж эргэн шогшлоо. Байн байн тоомжиргүй эргэж харах нь “Ингэдэг ёстойгоос хойш, айсан л болохоос биш” гэсэн янзтай. Харин монгор морь маань сортолзон байсан нь надад санамж өгөх гэснийх болохоос чононоос айсных бус бөлгөө. Харин чоно надаас айж байхыг харсан тэр цагаас хойш би хээрийн боохой харагдахад итгэл төгс хашгирдаг болсон ба чоно гуай ч улам илүү ёсорхогоор айж одох болсон түүхтэй.

Ийнхүү монгол хүүхдүүд чоно айлгаж өсдөг бөгөөд тэрхүү итгэл үнэмшлийг нь ямар ч чоно хүндэтгэн дагасаар иржээ. Саяхан, 2019 оны хуучаар БаянӨлгий аймгийн Ногооннуур сумын малчин эмэгтэй М.Нургуль гурил элддэг ганжингаараа чоно цохиод алсан байх жишээний.

Харин эзэнтэйгээ хамт байхдаа чононоос ч айдаггүй хонгор морь маань машин тэрэгнээс л үхтлээ айдаг байсан байгаа юм. Машин дуугарах чимээ гарвал л сүйд болно. Байх суух газраа олохгүй болон үймрэх ба гадаа уяатай байсан бол чөдөр ногтоо тасдуулаад одох энүүхэнд. Унаж явахад тонгочоод хаячихгүй боловч байж ядан адгах нь үнэхээр бэрхтэй.

Тэрэг техник ховор байснаас болоод тэр үү, машинаас үргэдэг морь их элбэг байв. Айлын гадаа машин ирэхэд адуу мал нь хуйлраад, үнээ нь зэлээ аваад талийх бол энүүхэнд. Зарим хөгшид “Хайран сайхан лам багш нарыг маань чийчаантай ногоон малгайтнууд ачаад явснаас хойш морь мал хүртэл айдаг болсон” гэж тайлбарлах. Тэднийхээр бол хувьсгалт хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтээс үүдсэн эздийнх нь айдас адуу малд нь хүртэл шингэсэн байх нь. Үгүй гэхэд ч хэцүү, тийм гэхэд ч амаргүй.

Ингээд хонь хариулж явахад машин дуугарвал аль болох замаас холдож, гэрийн гадаа машин ирвэл хонгор мориныхоо хажууд очиж, биеийг нь илж тайтгаруулдаг байлаа...

Онцлох нийтлэлүүд