Туслах ангилал
2020.11.06 02:11

Хөвсгөлийнхөн "Өдрийн сониныг дэлгэхээс өдрийн ажил эхэлдэг болсон" гэлээ


Монгол шуудан ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай "Өдрийн сонин" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөө нутгийн иргэдийн оюуны мэлмийд нэмэр болох үүднээс энэ улирлаас эхлэн "Өдрийн сонин" өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээж байгаа билээ.

Өдөр бүр 330 суманд нийтдээ 1000 гаруй сониныг үнэгүй илгээснээр тухайн орон нутгийн иргэд баттай эх сурвалжтай төв хэвлэлээр хангагдахын сацуу, цаг үеийн сэдэвтэй холбоотой нийтлэл, тойм, сурвалжлага уншиж, соён гэгээрэх боломж бүрдэж байна. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаархи хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.


Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар

Өдрийн сонины редакцид Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хатгал тосгоноос мэдээ ирүүллээ. Тус аймгийн 24 суманд Өдрийн сонин очиж байгаа бөгөөд орон нутгийн иргэд тогтмол хэвлэлтэй болсондоо баяртай байгаа гэж Монгол шуудан ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид ярилаа. Мөн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар “Манай тосгонд Өдрийн сонин ирж байгаа. Өглөө шинэ сонин дэлгэхээс өдрийн ажил маань эхэлдэг болсон” гэлээ. Өдрийн сонин сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхимд хүргэгдэж байгаа.


"Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Г.Чимгээ

Мөрөн сумын уншигч Г.Чимгээ “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн бөгөөд ажлаа явуулахад эх сурвалжтай, үнэн мэдээлэл хэрэг болдог тулсумынхаа Номын санд ирж Өдрийн сониныг уншдаг юм байна. Г.Чимгээ “Мөрөнгийн шуудан холбооны газраас өдөр өдөрт нь бүртгэл хөтлөөд Өдрийн сониныг сумд руу явуулдаг. Би Номын санд ирж Өдрийн сонин уншдаг болсон. “Сумын мэдээ” булангаас Монгол орны аймаг, сум бүрээс ирүүлсэн мэдээг уншсан. Мэдээллийн хэрэгсэл олон болсон бас хүн бүр гар утастай ч сумдын мэдээг тэр болгон олж уншаад байдаггүй. Гэтэл Өдрийн сонин сумдын мэдээг багцалж гаргадаг болсон нь шинэлэг болжээ. Сонин бол мэдээлэлтэй, эх сурвалжтай, баталгаатай. Тиймээс би өдөр болгон ирж сонин уншиж байгаа” гэж ярьсан юм.

Сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхим зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад “Өдрийн сонин” хүрснээр сум, орон нутгийнхаа өдөр тутмын ажил амьдрал болон малчид, хөдөлмөрийн сайчуудынхаа талаар төвийн томоохон хэвлэлээр дамжуулан өргөн олон нийтэд сурталчлах, бусад аймаг орон нутгийн талаархи мэдээ мэдээллийг тогтмол авч байх боломжоор бүрэн хангагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сум болгонд Өдрийн сонин хүрч байгаа нь аж ахуйн нэгж, компани, үйлдвэрүүдийн хувьд үйл ажиллагаагаа улсын хэмжээнд, сум болгонд сурталчлах өргөн боломж бүрдэж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд