ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.09.04 04:09

Хөгжлийн банк санхүүгийн тайландаа аудит хийлгэжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “PricewaterhouseCoopers” ХХК-ийн хийсэн олон улсын аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд, аудитын дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар тогтлоо. Хөгжлийн банк санхүүгийн тайландаа Үндэсний аудитын газраар жил бүр, олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар сүүлийн 2 жил дараалан аудит хийлгэжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны 29 тоот тогтоолоор 2013, 2014, 2015 онуудын хагас жил, жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийх компаниар “PricewaterhouseCoopers”-ыг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу эхний удаад тус байгууллага Хөгжлийн банкны 2013 оны эхний хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгээд “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Хөндлөнгийн аудитын энэ дүгнэлтийг Үндэсний аудитын газраас давхар хянаж баталгаажуулсан байна.
Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулсан гурван жилийн хугацаанд дотоодын болон олон улсын аудитын гурван компаниар санхүүгийн тайлангаа шалгуулж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд