ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.09.13 04:09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь нь зүгээр л гэртээ байдаг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 100993 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг. Тэдний дийлэнх нь буюу 27 хувийг хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд эзэлж байна. Тэгвэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал үндэсний форумыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа ажээ. Чуулганд 21 аймаг, есөн дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцсон юм.

Ш.САМДАН: БИ ӨӨРИЙГӨӨ АЗТАЙ ХҮН ГЭЖ БОДДОГ

Энэ үеэр МУИС-д программ хангамжийн чиглэлээр хоёрдугаар дамжаанд сурч байгаа Ш.Самдангаас энэ удаагийн форумын талаар санал бодлыг нь сонслоо. Тэрбээр өөрийгөө азтай хүн гэж боддог. Багаасаа би жирийн хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт явж, сургуульд сурч өссөн. Тийм болохоор өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Харин Улаанбаатар хотод их сургуульд ирсэн эхний жилээ жаахан ганцаардсан. Манай сургуульд налуу зам байхгүй учраас шатаар өгсөх гэх мэт орчны асуудлууд тулгарч байна. Эцэг эхчүүд өөрийн хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэж ичиж зоволгүй боловсролд нь анхаарах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд бүр сайн боловсрол эзэмших боломжтой” гэж ярилаа.

С.СЭЛЭНГЭ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СӨБОЛОВСРОЛЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД МАРТАЖ, ТӨР ЗАСАГ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ БАЙНА

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ Бүх хүн суурь боловсрол эзэмших эрхтэй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь ямар нэг боловсрол эзэмшдэг. 40 хувь нь зүгээр л гэртээ байдаг. Хүн гэдэг нийгмийн амьтан. Тэр хүмүүс жаахан хүүхэд шиг эцэг эх, асран хамгаалагчийн хайр халамжид бүх насыг өнгөрөөнө гэдэг бол нийгмийн амьдрал биш. Ургамал юм уу тэжээвэр амьтан болж байна. Энэ бол хүний суурь эрхийг зөрчиж байгаа явдал юм. Харин өнөөдөр тэдний дуу хоолойг сонсох гэж байгаа нь маш зөв. Цаашид юу хийх талаар боловсролын яамыг төлөөлж ирсэн хүн зөвхөн тусгай зургаан сургуулийн асуудлыг яриад өнгөрсөн нь надад харамсалтай санагдлаа. Тэнд 1800 хүүхэд л сурдаг. Харин үлдсэн гурав дөрвөн мянган хүүхдийг орхигдуулах нь зүйд нийцэхгүй зүйл. Мөн 0-5 насанд хүний хөгжлийн 70-80 хувь явагддаг. Гэтэл цэцэрлэгийн насны хөгжлийн асуудлыг эцэг эхчүүд мартаж, төр засаг ач холбогдол өгөхгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна.

Б.НАРАН

Онцлох нийтлэлүүд