ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 11:05

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхныг шагналаа

Нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар өнөөдөр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар гардуулан өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Та бүхэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтны баярын мэндийг дэвшүүлье. Нийгмийн ажилтан бид бүгд хүнийг хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн гэж ялгалгүйгээр тэдний төлөө бие сэтгэлээ зориулж, тусалж дэмжсэн буянтай, хариуцлагатай ажил эрхэлдэг. Та бүхний хөдөлмөрийг өнөөдөр төр засгаас үнэлж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Сонгино хайрхан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баярмаа, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Даваасүрэн нарын 10, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Х.Нямбаяр, Баянгол дүүргийн 19-р хорооны нийгмийн ажилтан Т.Энхтуул, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Батцэрэн нарын 11 албан хаагчийг тус тус шагнав.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн тавдугаар сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд