ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.15 11:06

"Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" 211 улс нэгдлээ

Дэлхийн хамгийн олон улсыг хамардаг "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" хөлбөмбөгийн фестиваль 21 дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын Москва хотод нээлтээ хийлээ.

Уг фестивальд өнгөрсөн жил 68 улсын хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад улс, бүс нутгийн нийлээд 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Анх удаа "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивальд оролцож байгаа Монгол улсыг төлөөлж залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Спартак клубын академийн бэлтгэлийн талбайд Монголынхоо далбааг намируулан олон орны үе тэнгийхэнтэйгээ мөр зэрэгцэн жагслаа.

Үйл ажиллагааг нээж үг хэлсэн "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивалийн Ерөнхий захирал А.Серов Монголын оролцогчдод амжилт хүсч: "Москва хотод болон фестивальд тавтай морил" хэмээн урилаа.

Эх орон, элгэн нутгаа дэлхийн олон орны зочдод танилцуулах эрхэм үүрэг хүлээсэн төлөөлөгчид тун ч зав чөлөөгүй шинэ найзуудынхаа тоог нэмсээр байна. Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар "Western Gorilla" багт орсон. Москвагийн цагаар 20:00-аас тэмцээний сугалааны үйл ажиллагаа явагдана.


Онцлох нийтлэлүүд