ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.25 05:06

Хөрөнгө оруулагчдад цахимаар тодорхойлолт олгодог болно

Хөрөнгө оруулагчдад “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс үйлчилгээ үзүүлдэг Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар гэсэн таван агентлагийн удирдлагууд ээлжит уулзалтаа хийжээ. Уг уулзалтаар "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн сүүлийн гурван сарын ажлын үр дүн, явцтай танилцаж, цаашид үйлчилгээг илүү хялбаршуулах, гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахимжуулах талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дээрх таван агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө зэрэг хувийн байгууллагуудын нийт 62 төрлийн 11608 үйлчилгээг хөрөнгө оруулагчдад зориулан нэг цэгээс үзүүлжээ.

Өмнө нь уламжлалт байдлаар цаасаар өргөдөл, материалыг хүлээн авч, таван агентлагийн мэдээллийн системээс хүний оролцоотойгоор мэдээллийг татаж, шалгасны үндсэн дээр ажлын гурван өдөрт олгогддог байсан тодорхойлолтыг ирэх наймдугаар сард багтаан цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цахим үйлчилгээ ашиглалтад орсоноор хөрөнгө оруулагч биечлэн ирэхгүйгээр тодорхойлолтоо цахимаар түргэн шуурхай авах нөхцөл бүрдэх юм.

Онцлох нийтлэлүүд