ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.11.16 03:11

Хөхөрсөн бугуй

Ажил тарахад хэдийнээ бүрий болжээ. Гудамжаар цуврах машинуудын уртаас урт гэрлэн хэлхээ эцэс төгсгөлгүй мэт хөвөрнө. Гадаа нэлээн жихүүн тул таксинд суухыг ихэд хүсэн яарч бас даарч, гараа өргөөд хүлээж ядаж байтал, ашгүй нэг машин зогслоо. Баярласан гэж яана, гэтэл миний хажууд дөнгөж ирээд зогссон улаан хүрэмтэй хүүхэн шуудхан дайрч суугаад машины хаалгыг тас хийтэл хаав. Такси ч ухасхийн хөдөлж, бохь зажилсан бүсгүй шижим ч үгүй хажуугаар давхин өнгөрлөө. Сүүлдэж ирсэн хүмүүст таксигаа дандаа булаалгачихдаг хүн дээ би, энэ удаа ч мөн ялгаагүй. Урамгүйхэн гараа дахин өргөлөө. Миний энэхүү байдлыг хараад өрөвдсөн бололтой таксины ард явж байсан машины цонх гэнэтхэн онгойж "Дүү минь суучих, жаахан ч гэсэн дөхүүлээд өгье" гэв. Би гайхаж баярласан харцаар найрсаг эрийн зүг хараад, машинд нь суулаа. Түгжирсэн машинууд хаа нэгтээ зугуухан гэлдэрсхийнэ, төдөлгүй л таг зогсоно. Яриа хөөрөө сайтай дунд эргэм насны эр, гадаадад нэлээн олон жил амьдарч байгаад эх нутгаа санан санан, мөрөөдсөөр ирсэн нэгэн аж. Ухаалаг, боловсон, сайхан хүнтэй элдвийг хөөрөлдөн байхад сэтгэлд нэг л ойр дотно байдаг. Яагаад ч юм бид бие биеэ хэзээний мэддэг, миний нэгэн сайн танил мэт санагдах аж. Тэрээр "Ах нь аавындаа очиж явна. Одоо эргээд л нүхэн гарцаар ороод л "Баян Монгол" хороолол орчихно. Танайх чинь эсрэг замынхаа нөгөө талд юм байна" гээд машинаа зогсоов. Тэгээд намайг анхааралтай харснаа "Зам хөндлөн гарахдаа болгоомжтой байгаарай" хэмээн дахин, дахин хэлээд миний сарвайсан хэдэн төгрөгийг авах нь байтугай, харах ч үгүй яваад өгөв. Огт танихгүй, замын нэгэн хүн намайг анхаарч, үгээр ч гэсэн халамжлах юутай сайхан хэмээн бодсоор таг зогссон машинуудын урдуур, хойгуур сүлжин шогшсоор явган хүний зам дээр гарлаа. Гэтэл яг улаан халз миний өөдөөс томоос том цагаан уутаар дүүрэн ундааны сав цуглуулан үүрсэн өндөр туранхай эр, зам халхлан зогсох нь тэр. Айхгүй ч аягүй тул хажуугаар нь хурдхан зөрөх гэтэл, нөгөөдөх чинь бүх биеэрээ хөндөлдөн зам хааж надтай үзэлцэх шинжтэй зогслоо. Дотор палхийж, би жаахан ухарч харин мань эр урагшлав. Шонгийн гэрэл, замд түгжрэн зогссон үй олон машины гялбасан хурц гэрэлд, бид хоёр нүүр нүүрээ ажин, нэгийнхээ бодлыг тааж ядан уншина. Яг л халз тулсан амьтад, гэнэтийн дайралтанд бэлдэн бүхий л биеэ хурааж, үйл хөдлөлөө хянан, өөрийнхөө хамаг л хүч чадал, анхаарал ухаанаа шавхаж сонор соргог болсон мэт. Айж балмагдсандаа, миний дуу хоолой таг болчихож. "Зөрөх гэсэн юм, намайг явуулчих" гээд бараг л шивнэх төдий хэллээ. Нөгөө эр надаар даажигнаж буй бололтой "Үгүй ээ, явуулахгүй ээ" гэж өөдөөс минь бас л шивнэв.

Айж байсан хэдий ч элдвийн бодол тархинд харван орж ирнэ. Цүнхэнд хамаг баримт бичиг, ажил, гэрийн түлхүүр, утас бас мөнгө байгаа... өсгийтэй гуталтай хурдан гүйж чадахгүй... их туранхай юм, түлхээд хаявал би дийлэх байх, энэ хүмүүс надад туслаасай... нөхрийгөө л дууддаг байж ....гээд л яг яахаа мэдэхгүй ядаж байтал, ганц гялс хийгээд баруун гарын маань бугуйнаас бахь шиг базаад авав. Зүрх минь учиргүй цохилж амьсгаа дээрдэн хашгирах гэсэн авиа ч гаргадаггүй, бүр таг.

Өлөн хиртэй нимгэрч элэгдээд энгэр нь сунасан, хэлхгэр ноосон саарал цамцных нь цаанаас эгмийнх нь яс хэрзийн харагдах доройхон эрээс, яаж ч хүчлээд гараа салгаж чадахгүйгээ мэдмэгц, түүнд бушуухан цүнхээ өгөв. Түгжрэн зогссон машинуудын цонх энд, тэндгүй онгойж улсууд шуугилдаж ... "туслаарай... болиоч ээ, чи..." гэх сонсогдож, айж сандарсан хүмүүсийн царай, нүдний буланд бүдэг бадаг харагдана. Миний зориг орж "Май энийг ав, гарыг минь тавь" гээд цүнхээ өглөө. Гэтэл нөгөө эр ихэд дургүйцэн цүнхийг минь өөдөөс түлхэв. Би бүр гайхаж, яах гээд байгаа учрыг нь огт ойлгосонгүй. Тэр миний өөдөөс их сонин харцаар харан зогссоноо гарыг минь зөөлхөн тавилаа. Тэгээд хоолойгоо зассанаа " Чи намайг ганцхан л үнсчих" гэх нь тэр. Би чихэндээ итгэж ядан өөрийн эрхгүй дуу алдаж " Юу уу?... чамайг үнсэх ээ..." гээд энэ удаа айж балмагдсандаа биш, гайхаж цочирдсондоо юу хэлэхээ мэдэхгүй ээрэн мэгдэв. Нөгөө хүн "Чи миний эхнэртэй их төстөй юмаа. Би үнсүүлдэг ээжтэй, эгчтэй бас чамтай яг адилхан эхнэртэй байлаа, даанч...тэр маань ... намайг арай л... дэндүүлсэн дээ..." гээд хахаж, цацан түүний хоолой нь сааралтав. Зэврүүн хүйтэнд сэмэрч элэгдээд, унжиж хэлхийсэн дан ноосон цамцтай, толбо хир болсон нимгэн даавуун өмд өмссөн, өлсөж ядарсан царайнаас гуч хол гарч яваа болов уу гэмээр, энэхүү эрийг анх удаа тогтон сайтар хармагц миний сэтгэлд сэрүү татаж, уймран эвгүйцэв. Хэзээ нэгэн цагт, хэн нэгний хайрлаж энхрийлдэг өхөөрдөм хүү, надтай адилхан гээд байгаа тэр эхнэрийн хайрлаж дурласан залуу, эр нөхөр нь байсан л байж таараа. Ямар гээчийн гай зовлонд унаж, сэтгэлийн гуниг гутралаа үүрч, ганцаардан зүдэрч яваа юм бол гэж бодовч, үнэн хэлж байгаа болов уу даа гэж тээнэглзэн эргэлзэв. Цүнх мөнгө авахгүй байгааг бодоход үнэн байх, яаж хийж байгаад аятайхан салчих арга хайж ядан мухардалаа. Гэтэл ашгүй нилээн том сүртэй биетэй, бахь байрын хоёр залуу машинаасаа буун, замын хашлага даван үсрэн гарч ирээд, яах ийхийн зуургүй нөгөө шуудай чирсэн чөргөр эрийг нам цохиод унагачихлаа. Нэг мэдсэн, би өөрийн мэдэлгүй "Битгий өшиглөөрэй яс нь хугарчихна, одоо болноо, наад хүн чинь их зовж байгаа юм байна" хэмээн чангаар дуу алдан хашгирав. Нөгөө хоёр залуу гайхсан харцаар над руу зэрэг харлаа. Нэг залуу нь "Өө, энэ чинь ямар сонин хүүхэн бэ? Яваач чи" гэж зандрав. Би талархсанаа илэрхийлээд сандарч бүдэчсээр гэрийнхээ зүг хурдлан гүйх шахам явахдаа байн байн эргэн харж, хөөрхийг ахиж битгий цохиосой гэж сэтгэл хөндүүрлэж байв. Зогссон машинууд ч хөдөлж тусч хоёр залуугийн гүйлдэн машиндаа сууцгаах, шуудайтай эрийн сүйтийн босон зогсож байх нь бүдэг бадагхан харагдав.Орой нь усанд орж байгаад хартал бугуйн дээр минь томоос том хүрэнтэн, хөхөрчээ. Миний хөхөрсөн бугуй ч яахав дээ, хэдхэн хоноод л зүгээр болно. Нөгөө өрөвдөлт эрийн сэтгэл зүрхний хөх няц л арилаасай хэмээн шимшрэн бодсоор гараа усаар булхаж угаав.

Д. АЗЗАЯА

Онцлох нийтлэлүүд