ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.13 11:06

Хөх хотод байр авахад ажлын газрын тодорхойлолт л хангалттай

Хөх хотод байр нэг метр квадрат нь хоёр сая төгрөгийн үнэтэй. Өөрсдөө ихэнх материалаа үйлдвэрлэдэг болохоор хямдхан байх болов уу гэж бодсон ч манайхаас нэг их ялгаагүй юм. Сүүлийн үеийн орон сууцны хороолол нь хотынхоо зүүн зах руу сүндэрлэх ажээ. Дандаа хо­рин хэдэн давхартай хавтгай байшин барих юм. Манайхан шиг хувийн хаус ер нь ха­рагдаагүй. Орон сууцны хороолол барихад цэцэрлэгт хүрээлэнтэй байх шаардлага тавьдаг гэсэн. Оршин суугчид нь дуртай цагтаа гараад гүйчихэж болохоор, хөгшид хүүхэд нь нарлаад суухад тохитой байвал болоод яв­чихдаг ажээ. Барилгын ча­­нарын хувьд ярилтгүй. Угаасаа ба­рилгаа сайн барьдаг боло­хоор чанарын талаар санаа зоволтгүй. Чанартай юу ч гэж асуугаад хэрэггүй. Хэрэв ингээд асуучихвал яасан хэрэггүй юм ярьдаг нөхөр вэ гэж бодно. Сүүлийн хэдэн жил дандаа орон сууцны томоохон хороолол барьж байгаа гэсэн. Хорин давхар өндөртэй, арван барилга барилаа гэхэд манайхан шиг эхэлж барьсныгаа ашиглалтад оруулдаггүй юм байна. Аюул­гүй байдал талаасаа бүгдийг нь барьж дуусаад айлуудаа оруулдаг ажээ. Байрууд нь голдуу 70 м/кв-аас дээш талбайтай. Гуч, дөч, тавин м/кв-тай байр бараг байдаггүй гэсэн. Залуучууд нь сургуулиа төгсөөд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад гэр бүл болдог болохоор тодорхой хэмжээний хуримтлал цуг­луулчихна. Түүгээрээ урьд­чилгаа төлбөрөө төлөөд бай­ранд орчихдог байна. Банк­тайгаа тохироод лизингэд хамрагдаж болно. Шаардлагыг нь сонсоод байхад манайхаас хамаагүй амар юм билээ. Бараг л ажлын газрын болон цалингийн тодорхойлолт байхад болохоор. Дундаж цалин таван мянган юань. Манайхаар 1.5 сая орчим төгрөг. Албан тушаал болон ажилласан жил нэмэгдэх тусам авдаг хэд нь өснө. Тиймээс залуучууд нэг газраа тогтвор суурьшилтай ажиллахыг эрмэлздэг ажээ. 

ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”

Хөх хот манайх шиг хоёр зах руугаа нэлээн тэлж байгаа гэнэ. Ялангуяа зүүн зах руугаа орон сууцны томоохон хороолол босож байна. Бас залууст зориулан чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болох төвүүд нэмэгдэж байгаа гэсэн. Кино театр л гэхэд хэд хэд бий. “Ванда” их дэлгүүрийн дэргэд “iMax” нэртэй кино театртай. Тавдугаар сарын дундуур очиход “Сарtain America”, “Spider man” кинонууд гарч байсан. Шинэ кинонуудыг нээлттэй нь зэрэгцээд гаргадаг ажээ. Залуучуудад зориулсан төвд кино театраас гадна усан бассейн, спорт заал, үсчин, хоолны газруудтай. Бас гэрэл зургийн студи заавал байдаг гэсэн. Тэнд хосууд очиж үерхлээ батлах зураг авахуулдаг байна. Залууст иймэрхүү зориулсан төв нь томоохон худалдааны гудамжиндаа байрладаг. Тэдгээрт нь дэлхийд танигдсан брэнд дэлгүүрүүд байх ч барааны сонголт муутай. Энгийн загвартай хувцас байхаас цахим хуудсанд байдаг гоё, гоё бараа байхгүй. Ер нь худалдааны гудамжтай байх ч голдуу Хятадын өөрсдийнх нь брэнд дэлгүүр ихтэй. Тиймээс манайхан Хөх хот руу дэлгүүр хэсэхээр, эсвэл зарах бараа авахаар бараг явдаггүй юм байна. Харин эндхийн гудамжаар хүн бүрийн унаж яваа мопедонд нүд унаад болдоггүй. Цагаан, ягаан, хөх, хар, шар гээд төрөл бүрийн өнгөтэй. Эмэгтэй хүн унахад тохиромжтой, загварлаг мопедноос ганцыг аваад харьчих юмсан гэж бодогдлоо. Үнэ ханшийг нь судлахаар зах дээр очив. Хямд нь 1200 юань, үнэтэйдээ 2500 юань хүрэх ажээ. Дан тогоор цэнэглэдэг, хосломол гэсэн хоёр янз байдаг юм байна. Хосломол гэдэг нь дөрөөтэй. Тогоор цэнэглэчихээд цэнэг нь дууссан тохиолдолд дугуй шиг жийгээд явчихдаг юм байна. Дан тогоор цэнэглэдэг, хамгийн сүүлийн үеийн загварынх бол хоёр мянган юанийн үнэтэй юм. 40 км/цаг хурдалдаг. Тогонд залгаад бүрэн цэнэглэчихвэл 80 км зам туулах чадалтай. Нөөц зайтай учраас холын замд явахдаа аваад явчихаж болно. Цэнэг нь дуусвал бүрэн цэнэгтэй зайгаараа солиод 160 км зам туулна. Гар утастай адил хоёроос гурван цаг тогонд залгахад бүрэн цэнэглэгддэг юм байна. Зах дээр зарж байгаа мопедноос унаж үзэв. Мотоцикль шиг баруун залуур дээрээ хаазтай. Зүүнээрээ тоормослоно. Анх удаа унаж байгаа ч дажгүй яваад байх шинжтэй. Ер нь унаж сурахад амархан юм байна. Ардаа, эсвэл урдаа жижигхэн багаажтай учраас цүнх сав, ойр зуурын ачаа тээшээ хийгээд явчихаар юм. Дугуйнаас хурдан, тогоор ажилладаг ийм унааг манайхан оруулж ирвэл сайн зарагдах байх даа. Ганц нэгээр аваад ирвэл хил гаалиар ямар ч асуудалгүй оруулдаг гэсэн. Хөх хотод иймэрхүү мопед, дугуй хоёр ямар ч албан тушаалтай хүний хөл залгах унаа болдог ажээ.

Дэлгүүрийн гадаа мопедоо ингэж цэнэглэдэг

Хөх хотод “Өдрийн сонин” гэж бий. 1948 онд байгуулагдсан гэнэ. Хориод давхар байшинтай юм. 14 цаг арай болоогүй байхад тус сонинтой танилцахаар редакц дээр нь очлоо. Нэг ч хүн байдаггүй шүү. Нүүгээд явчихсанаас зайлахгүй, хэзээ байтлаа сонины редакц ийм нам гүн, эзгүй байлаа гэж бодоод гарахаар явж байтал өөдөөс нэг залуу ирж байна. “Өдрийн сонин”-ы дэргэдэх “Солонго” мэдээллийн төвийн редакцийн албаны дарга Б.Хурцаа гэж хүн ажээ. Аль ч албан газрын цайны цаг 12-14 цагийн хооронд үргэлжилдэг гэнэ. Хүмүүс гадуур гарч хооллохоос гадна ширээгээ дэрлээд хэсэгхэн зуур дуг хийдэг юм байна. Тиймээс нэг ч хүн байхгүй мэт анир чимээгүй болдог ажээ. Эндхийн “Өдрийн сонин” дотроо “Амьдрал гаригийн сонин”, “Багачуудын сонин” гэсэн хоёр сонинтой. “Солонго”, “Сонин мэдээний судлал” гэсэн хоёр сэтгүүлтэй. Бас “Солонго” сүлжээ, “Дундад улсын монгол хэлний сонин мэдээний сүлжээ гэх хоёр вэб сайттай юм байна. Зөвхөн “Өдрийн сонин”-доо зуу гаруй хүн ажилладаг гэнэ. Долоо хоногт найман хуудсаар таван дугаар гаргадаг. Хагас сайнд “Амьдрал гаригийн сонин”, бүтэн сайнд “Багачуудын сонин” нь хэвлэгддэг ажээ. Нам гүм байсан редакц 14 цаг жаахан өнгөрөхөд хөдөлгөөн ордог юм байна. Гэхдээ манай редакц шиг “буцлахгүй”. Сэтгүүлчид нь орж ирээд өөрсдийнхөө ширээний ард суугаад чив чимээгүй урдах ажлаа хийнэ. Хүүе, хаая гэх хүн байхгүй. Хэтэрхий гунигтай юмаа гэж бодогдож байлаа. Операторын алба буюу сонин барлах төв нь 22 цагт ирж ажилладаг гэнэ. Тэгээд шөнийн 02-03 цагийн үед ажлаа дуусгаж хэвлэлтэд явуулдаг ажээ. 66 жилийн түүхтэй, Өмнөд Монголын хамгийн том сонины спортын албаны сэтгүүлч ганц, нэг юм лавламаар байна гэхээр нь уулзлаа. “Санжаадамба Монгол Улсдаа ямар цолтой вэ. Одоо хэн гэдэг тамирчин хамгийн алдартай байгаа вэ” гээд асууж гарав. Хамгийн их сонирхож байгаа нь сумогийн хэдэн бөх. Учир нь хоёр жилийн өмнө Өмнөд монголоос гурван хүүхэд Японы сумод барилдахаар явжээ. Одоогоор ямар нэгэн амжилт гаргаагүй байгаа юм байна. Хүний нутагт очиж барилдахаар хэцүү. Хэл усыг нь ч яахав сурч л байгаа байх. Гэхдээ нутгийн бөхчүүд байна даа, тусалж дэмжээч гэж аваргуудад захимаар байна гэлээ. Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумод амжилттай барилдаж байгаа бөхчүүдэд захиж өгөөч гэж байгаа нь тэр. “Сумочид нутагтаа очоод хамгийн түрүүнд хэвлэлийнхэнтэй уулздаг юм байна лээ. Тэр үед нь Өмнөд Монголоос хэдэн хүүхэд байгаа гээд хэлээч өгөөч” гэж байна. Бас олимпийн аваргуудыг маань асууж байна. Н.Түвшинбаярын өвдөгний бэртэл бүрэн эдгэсэн үү, наадмаар хэн түрүүлэх бол гээд л. Ер нь манай тамирчдыг ямар амжилт гаргаж байгаа, олон улсын тэмцээнд хэрхэн оролцож байгаад тэд чих тавих болжээ. Өнгөрсөн өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын тухай ч ярилаа. Монгол Улсад цас их ордог. Өвлийн спортоор хичээллэх бүрэн боломжтой байхад яагаад сайн тамирчин төрөхгүй байна вэ гэж байна. Бас хамтарсан бэлтгэл хийгээд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргах боломж бий шүү дээ гэж ярилаа.

С.АЛТАНЦЭЦЭГ


Онцлох нийтлэлүүд