ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.04.09 03:04

Х.Алтай: Цар тахал хэр их хохирол учруулах нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон


Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Коронавирусийн халдварын тархалт дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байна вэ. Компаниудын хувьцааны ханш тогтвортой байна уу. Коронавирусээс үүдэлтэй нөлөөллүүд хэрхэн илэрч байна вэ?

-Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлаас улбаалан бизнесүүд зогсонги байдалд орж, ажилгүйдэл хурдацтай нэмэгдэн хөрөнгө оруулагчид үнэт цаасаа зарж эхэлснээр дэлхийн голлох хөрөнгийн биржүүдийн индексүүд 2008 онд болсон олон улсын санхүүгийн хямралаас хойших хамгийн их уналтыг үзүүлж эхэллээ. Улс орнуудын Засгийн газар бизнесүүдийг дэмжих, иргэдэд тэтгэмж олгох зэргээр эдийн засгаа аврах цогц арга хэмжээг авч эхэлснээр олон улсын хөрөнгийн зах зээлийн уналт бага зэрэг тогтворжих хандлага ажиглагдаж эхлээд байна. Гэсэн хэдий ч цаашид энэ өвчний тархалт хэр их хохирол учруулах нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон.

Манай зах зээлийн хувьд ТОП-20 буюу идэвхтэй арилжигддаг 20 үнэт цаасны үнийн индекс оны эхнээс хойш 12 хувиар, MSE A буюу нэгдүгээр ангиллын үнэт цаасны үнийн индекс 17 хувиар, MSE B буюу үнэт цаасны хоёрдугаар ангиллын үнэт цаасны үнийн индекс гурван хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Зах зээлийн үнэлгээ мөн долоо орчим хувиар буурсан. Өнгөрсөн хоёр болон гуравдугаар саруудад өмнөх оны мөн үеэс арилжааны үнийн дүн зургаа дахин болон 10 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна. Арилжааны үнийн дүн ийнхүү буурахад вирусийн дэгдэлттэй холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах ажиллагаа буюу IPO хойшлогдсон, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх суларсан нь нөлөөлсөн.

-Нөхцөл байдалд тохируулж Монголын хөрөнгийн бирж ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл уналттай байна гэдэг нь нэг талаар хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг хямдаар худалдан авах боломж үүсч байгаа хэрэг юм. Ийм нөхцөлд зах зээлийг дэмжих үүднээс арилжааны шимтгэл хураамжийг аль болох бууруулах, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтмол орлого олгох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нь чухал бөгөөд манай байгууллагаас зах зээлийн оролцогч байгууллагуудад хандан зургаан зүйл бүхий уриалга гаргасан.

Учир нь зах зээлийн аливаа өөрчлөлт, шинэчлэлт нь дан ганц хөрөнгийн биржийн гэхээсээ зах зээлийн нийт оролцогч байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болох юм.

Тухайлбал, төрөөс аливаа татаас авдаггүй, үйл ажиллагааны орлогоороо зардлаа санхүүжүүлдэг манай байгууллагын хувьд арилжааны нийт шимтгэлийн 9-25 орчим хувийг авдаг бөгөөд үлдсэн нь үнэт цаасны компани буюу брокер, арилжааны клирингийн байгууллага, зохицуулагч төрийн байгууллага зэрэг байгууллагуудад хуваарилагддаг.Ийнхүү, манай зах зээлийн бүтэц өөрийн байгаа хэмжээндээ ахадсан, данхар бүтцээр олон салангад байгууллагуудтай үйл ажиллагаа явуулж байгаа нь арилжааны өртөг, зардал өндөр байхад шууд нөлөөлж байгаа тулнэн тэргүүнд зах зээлийг олон улсад мөрдөгддөг стандартын дагуу цомхон, нэгдмэл, оновчтой бүтцэд оруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайд бид энэ онд “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинээр боловсруулан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болгоод байна. Ингэснээр манай хөрөнгийн зах зээлд тогтмол орлоготой, эрсдэл харьцангуй багатай шинэ төрлийн бүтээгдэхүүн бүртгэгдэж арилжаалагдан эдийн засаг дахь илүүдэл хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулж ирэх боломж бүрдэнэ.

Мөн дотоодын зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, арилжааны дараахь төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, Т+2 горимд эргэн шилжүүлэх ажлыг манай зах зээлийн мэргэжлийн байгууллагууд 2017 оноос эхлэн хийж, өнгөрсөн сарын 31-ний өдөр тус горимд шилжүүллээ. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдад зах зээлийг сурталчлах, тэдэнд зах зээлийн мэдээ, мэдээллийг ил тод, шуурхай болгох гэх мэт чухал ажлуудыг хийж байна.

-Манай улсын санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг арилжааны банкууд эзэлж байна. Гэвч дэлхий нийтийг хамарсан хүндрэл тохиолдоход санхүүгийн нэг тулгуурт байдал ямар эрсдэл авчирч байгааг харж байна. Хэрэглээний болон бизнесийн зээлийн чанар муудсанаар арилжааны банкуудад томоохон эрсдэл үүслээ. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Аливаа хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахын тулд диверсификаци буюу тараан байршуулалт хийх шаардлагатай байдгийн адилаар санхүүгийн зах зээлийн эрсдэлийг тархаахад хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй байдаг. Санхүүгийн зах зээлийн нийт эрсдэлийг банкинд төвлөрүүлэх нь эдийн засгийг хямраах эрсдлийг нэмэгдүүлэх тул хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, нийт эрсдэлийг дахин хуваарилах замаар эдийн засгийг хамгаалах нь чухал.

-Бид санхүүгийн зах зээлд олон тулгууртай болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар олон жил ярьж ирсэн. 5 эсвэл 10 жилийн өмнөхтэй харьцуулбал хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт, дэвшил гарсан бэ. Эсвэл байрандаа л байна уу?

-2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Үр дүнд нь хувьцааг давхар бүртгэж арилжаалах(dual listing), хадгаламжийн бичиг (depositary receipt) зэрэг шинэ бүтээгдэхүүн гарах боломж бүрдсэнээс гадна IPO гаргах процесс хялбар, ойлгомжтой болсон. Ингэснээр үнэт цаасны салбар сүүлийн жилүүдэд огцом хөгжих боломж бүрдсэн. Тухайлбал, санхүүгийн салбарын 4-5 хувийг эзэлдэг байсан хөрөнгийн захын үнэлгээ өдгөө санхүүгийн салбарын 7 орчим хувийг эзэлдэг болсон байна. 2017-2019 он дотоодын хөрөнгийн зах зээлийн хувьд өсөлт хөгжлийн түүхэн он жилүүд байсан. Тухайлбал, 2017 онд Монголын хөрөнгийн бирж түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 67.4 хувиар тус тус өссөн, 2018 онд хамгийн олон компани үнэт цаасаа бүртгүүлсэн түүхэн дээд амжилт тогтоосны зэрэгцээ үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн онцлог үйл явдал тохиосон бол 2019 онд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хамгийн өндөр түвшинд буюу 42.5 тэрбум төгрөгт хүрсэн.

Хөрөнгийн биржийн хувьд 2012 онд програм хангамжаа шинэчилж, арилжааны бодит горимын хяналт, онлайн арилжааг нэвтрүүлж арилжааны өртөг зардал, цаг хугацааг хэмнэх нөхцөлийг бий болгосон. Өнөөдөр хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжааны 50 гаруй хувь нь онлайнаар хийгдэж байна.

Мөн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн биржээр арилжаалах зохицуулалтыг цоо шинээр бүрдүүлж, төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 горимд шилжсэн зэрэг нь манай хөрөнгийн захыг олон улсын түвшинд аваачих томоохон алхмууд гэдгийг онцолмоор байна. Ийнхүү, хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, чамлахааргүй амжилтад хүрч байгаа. Гэхдээ цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, зах зээлийг үсрэнгүй хөгжүүлж, цоо шинэ түвшинд хүргэхийн тулд хөрөнгийн захын нийт оролцогчидхамтран хөрөнгийн захын бүтцийг цомхон болгож өртөг шимтгэл бууруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Эдгээрийг ажил хэрэг болгоход ялангуяа манай хувьцаа эзэмшигч болох Сангийн яам болон зохицуулагч байгууллагын бодлогын дэмжлэг шаардлагатай.

-Хэрэв хөрөнгийн зах зээл өнгөрсөн хугацаанд сайн хөгжиж, санхүүгийн зах зээлд арилжааны банктай дүйх томоохон тулгуур болж өгч чадсан бол өнөөгийн цаг үед ямар давуу байдлыг бий болгох байсан бэ. Үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгө олдохгүй байна, олдсон ч өндөр хүүтэй байна. Энэ байдлыг хэрхэн эерэг болгох боломжтой байсан бэ?

-Манай зах зээл арилжааны банктай дүйх хэмжээнд хөгжвөл мэдээж хэрэг зээлийн хүү одоо байгаа түвшнээс бага, бизнесүүд банкнаас бус олон нийтээс урт хугацаат, өртөг багатай хөрөнгө татан төвлөрүүлж, зээлийн хүүгийн төлбөрийн дарамт амсахгүй байх боломжтой болно.

-Хөрөнгийн зах зээл дорвитой хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ. Төрд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүсэл сонирхол бодитой байна уу?

-Үндсэн 2-3 зүйл цохож хэлмээр байна. Монгол Улс 1991 онд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийсэн ч нийгмийн даатгалын тогтолцоондоо гар хүрээгүй. Үр дүнд нь тэтгэврийн тогтолцоо хуучин нийгмийн үед байсан хэвээрээ үлдсэн. Тэтгэврийн сангууд үүсээгүй. Үүнээс улбаалаад Монголын хөрөнгийн зах дээр мэргэжлийн институционал хөрөнгө оруулагч бараг байхгүйтэй адил. Гэтэл хөрөнгийн зах зээлийн үндсэн хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд болон бусад мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг.Нэн яаралтай тэтгэврийн тогтолцооны реформыг хийх шаардлагатай.

Хоёрт, их хувьчлалаас хойш “Монгол Шуудан” ХК-ийг эс тооцвол аливаа хувьчлалыг хөрөнгийн биржээр хийгээгүй. Тухайлбал, 2012 онд иргэн бүрт тараасан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд биржээр арилжаалагддаг болоогүй л байна. Үүнийг нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулж иргэд хувьцааныхаа ашиг шимийг хүртэж, манай хөрөнгийн зах дээр Монголын томоохон төслийн хувьцаа арилжаалагддаг болсноор зах руу гадаад, дотоодын хөрөнгийг татаж, хөрвөх чадварыг нэмэгдүүлмээр байна.

Гуравт, түрүүн хэлсэнчлэн хөрөнгийн захад татварын таатай орчин бий болгож компани бизнесүүдийг олон нийтийн болгох хөшүүрэг бий болгох, иргэд, хөрөнгө оруулагчдыг хувьцаа, бонд зэрэг бүтээгдэхүүн авдаг болгох сонирхлыг өдөөх хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийг харахад бүгд хувьцаат компани хэлбэрийн эзэмшлийн бүтэцтэй байдаг. Ингэснээр биржүүд зах зээлээ мэдэрсэн шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй гаргаж, өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээгээ бизнесийн зарчмаар тогтоож, оновчтой бүтцээр үйл ажиллагаа явуулж, шимтгэл хураамжаа зах зээлд дарамт багатай хэмжээнд тогтоох боломжтой байдаг. Манай бирж болон арилжааны клирингийн компани зэрэг нь төрийн өмчит хэлбэрээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

-Арилжааны банкуудад үүсч буй дарамтыг бууруулж, эрсдэлийг хуваалцах, нөгөө талаар санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгохын тулд зах зээлийн жам ёсонд найдахгүйгээр зоримог механик өөрчлөлтүүд хийж болох уу. Томоохон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү урвуулах гэх мэт?

-Олон улсын жишигт банк, санхүүгийн байгууллагууд активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан санхүүжилт татах замаар эрсдэлээ хуваалцах нь түгээмэл байдаг. Энэхүү боломжийг манай байгууллагын зүгээс бий болгохоор журам боловсруулж батлуулаад байна. Энэ онд энэ төрлийн үнэт цаас арилжигдаж эхэлснээр банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн санал болгох боломж бүрдэх юм.

Г.БАТ

Онцлох нийтлэлүүд