ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.07.12 10:07

Х.Батчимэг: Төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар нэхэмжилсэн


УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгтэй ярилцлаа. Тус алба хууль бусаар олж авсан хөрөнгийг хураахад бодлогоо чиглүүлж байна.


-Өнгөрсөн дөрөвдүгээр сард танай албыг шинээр байгуулснаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, эдгээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх юм байна гэж ойлгосон. Энэ тухай тайлбарлахгүй юу?

-2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалт туссан. Үүнтэй холбоотойгоор манай алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой. Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулахаар тус албыг бий болгох бас нэг шалтгаан болсон. Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Дээр хэлсэнчлэн байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо бол бид төр нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана ямагт нийтийн ашиг сонирхол давхар яригдана.

-Шийдсэн тодорхой жишээнүүдээс дурдахгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг нь гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилсэн. Тухайн хүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуулийн дагуу ч хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол бид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ мэт хууль бусаар олж авсан хөрөнгө, мөнгөний араас прокурор явах ёстой. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа ч иргэний хариуцлагаас чөлөөлөхгүй. Тийм учраас энэ мөнгийг улсын орлого болгох ёстой.

Ер нь төр, нийтийн эрх ашиг хохирсон асуудлаар төрийн холбогдох байгууллагуудаас манайд хүсэлт илгээхэд бид дүгнэлт хийж үздэг. Хохирсон байна гэж үзэж, хохирол бодитой тогтоогдвол хохирлыг иргэний журмаар нэхэмжилдэг. Хэрэв эрүүгийн журмаар шалгуулахаар бол эрх бүхий мөрдөх байгууллагад нь өгч шалгуулна. Зөрчлийн шинжтэй бол холбогдох байгууллагад шилжүүлэх ажил хийнэ. Төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн харилцаа л байвал бид судалж үздэг. Ер нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан тохиолдолд хохирол төлөгдөх хүртэл нь прокурорын байгууллага ажиллах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд “Хайр” нэртэй хөшөө байдаг. Залуучууд наана нь зураг авахуулж байгаад унагаж эвдэлсэн байсан. Үүнийг засч сэргээсэн зардал нь таван сая төгрөг болсныг Сүхбаатар дүүргийн прокурорын газар шүүхэд нэхэмжлэл гаргаж, буруутай хүнээс мөнгийг нь гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн өмчид хохирол учирсан дээрхтэй адил тохиолдолд төр, нийтийн эрх ашгийг прокурор хамгаалж ажиллах боломжтой юм.

-Дээрх 644 сая төгрөгтэй холбогдох хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна. Ер нь авлигын хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг ердийн хэргүүдтэй ижилхэн тавьж өгсөн нь “ял завших” боломжийг бүрдүүлээд байгаа юм биш үү?

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамгийн урт хугацаагаар тооцно гэсэн байдаг. Монгол Улс уг конвенцид нэгдэж орсон тул хууль тогтоомжиндоо конвенцийн заалтыг суулгах ёстой. Гэтэл манай Эрүүгийн хуульд авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ердийн хэргүүдтэй ижил байдлаар зохицуулсан нь учир дутагдалтай болсон гэж би хувьдаа боддог.

Авлигын хэргийг шалгаж, нотлоход амаргүй, цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Жишээ нь, хахууль өгөх, авах хэрэг нь тухайн хүмүүсээс өөр хүн мэдэхгүй. Хэн хэн нь сэтгэл хангалуун үлдсэн тохиолдолд илрэхэд бүр ч хэцүү. Иймд үед хахууль авсан, өгсөн үйлдлийг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотолж, тогтоон илрүүлнэ гэдэг нарийн түвэгтэй, тусгай ажиллагаа шаарддаг. Ингээд шалгаад, шүүхээр гэм бурууг тогтоолгоход бараг л бэлэн болсон байх үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдлууд байдаг. Хэрэв хэн нэгэн нөгөөхөө зодсон хэрэгт энэ намайг зодсон гэж хэлээд тухайн асуудлыг шалгаж тогтооход магадгүй тийм ч хэцүү биш байх. Тэгэхээр одоогийн Эрүүгийн хуулинд авлигын зарим хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосныг би арай богино гэж хуульчийнхаа хувьд дүгнэж байна. Хэрэв Эрүүгийн хуульд авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10, 20 жилээр тусгасан байсан бол 644 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээс гадна ял оногдуулах боломжтой байсан байх.

-Хорих ялаар шийтгүүлсэн хүний хөрөнгийг хураана гэж байна. Нэгэнт ял авчихсан хүнийг давхар шийтгэж болж байгаа юм уу. Коммунист үеийн арга барил юм биш үү. Монголчууд баялаг бүтээгч нарыг үзэн яддаг болчихоод байгаа. Энэ нь их буруу зүйл шүү дээ?

-Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүйг л гэмт хэрэг гэж үздэг. Хэрэв Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн нь тогтоогдвол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээх нь зайлшгүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тухайн хүний хууль ёсоор олж авсан өмч хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд заавал хураан авах хуультай. Хэн ч хууль бусаар хөрөнгөжих учиргүй юм.

Г.Бат

Онцлох нийтлэлүүд