Улс төр
2020.11.20 02:11

Х.Булгантуяа: Манайд зарим улс орноос ирдэг зээл, тусламж багасна. "Айлаас эрэхээр авдраа уудлах" цаг ирж байна

УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдлаа. 2021 төсөв ямар дүр зурагтай болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Он бүрийн төсөв тусгайлсан нэг салбар чиглэл рүү хандаж боловсруулагдаж ирсэн. 2017 оны төсөв өр дарах, төсвийн алдагдлыг эрчимтэй бууруулах төсөв, 2018 оны төсөв боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх төсөв, 2019 онд соёлын салбарын томоохон барилга байгууламж шинэчлэх ажлыг эхлүүлсэн төсөв болсон. Өнгөрсөн дөрвөн жилд ашиглалтад орсон 200 сургууль, 200 гаруй цэцэрлэгийн бэлтгэл ажлыг 2017 онд хангаад 2018 онд эхлүүлсэн байдаг. 2020 оны төсөв бол цар тахлын төсөв боллоо. Энэ оны эхний зургадугаар сарын байдлаар орлого 1.2 их наядаар буурч, тодотгол хийх шаардлага үүссэн. Тодотголоор орлогыг 2.2 их наядаар, зарлагыг 705 тэрбумаар багасгасан. 2021 оны хувьд эрүүл мэндийн салбарт реформ хийх төсөв боллоо. 2019 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарын санхүүжилт хагас их наяд орчмоор нэмэгдсэн төсөл болсон. Энэ реформыг хийх судалгаа, бэлтгэл ажлыг сүүлийн дөрвөн жилд хангасан байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гээд холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж эрүүл мэндийн үйлчилгээг иргэн төвтэй болгосон. Төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт шинээр нэмэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн нэг ангид ногдох хүүхдийн тоо их байх нь эрсдэл нэмдэг, мөн хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харгалзан үүнийг хийхээс өөр аргагүй.
-Төсвийг дээрэмдэж байна. Орон нутагт төсвийг алагчилж олгож байна гэх шүүмжлэл төсөв батлагдтал олон нийтийн дунд нэлээд явсан. Ерөнхийлөгчийн сонгуультай төсөв болсон ч гэж үзэх хэсэг байлаа.
-Гишүүдийн дундаас ч төсөв тэгш бус байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Баянхонгор аймгийн төсөв гэхэд 2015 онд явж байсан концессийн гэрээний төлбөр энэ онд төлөхөөр таарсан. Баянхонгор аймгийн төсөв дээр эргэн төлөлтийг нь суулгахаар Баянхонгор дээр маш их өндөр дүнтэй харагдаж байгаа юм. Хэнтий аймгийн хувьд гол төсөв нь аялал жуулчлалын салбарт чиглэсэн нэлээн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт. Азийн хөгжлийн банкнаас Монголын аялал жуулчлалын салбарын талаар 2017 онд тусгайлан ТЭЗҮ хийсэн байдаг. Хэнтий, Архангай, Хөвсгөл аймгуудыг аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн боломжтой хэмээн судалгааны хүрээнд эхний хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барилга байгууламж баригдаж байгаа.
Гэхдээ ажлын хэсэг, УИХ дахь МАН-ын бүлэг дотор энэ цаг үед соёлын төв барьж байгуулах хөрөнгө оруулалт, халамжийн хэт хавтгайруулсан бодлогод шүүмжлэлтэй хандсан. Үүний үр дүнд зарим аймгийн хөрөнгө оруулалтыг багасгаж, конторын олон барилгын ажлыг хасч, халамжийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. 2021 оны төсөв “COVID-19” цар тахлыг дотооддоо алдахгүй үргэлжилж чадвал эдийн засаг их өөдрөг харин дотроо алдвал их хүнд байх, үнэхээр таамаглахын аргагүй л нөхцөл байдал дунд төсөл боловсруулагдсан байх.
-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан. Үүнтэй холбогдуулж хатуу хөл хорио тогтоосон. Улс орны эдийн засаг хүнд байдалд орох нь. Цаашид улсын эдийн засаг хэрхэх бол?
-Эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7.2 хувьтай байхаар тооцож оруулсан. Төсвийн орлогыг 2020 оны түвшнээс 2.2 их наядаар нэмэгдүүлж тооцсон. Энэ бүхэн цар тахлын хатуу хөл хорионд үргэлжилбэл хэрэгжихэд хүнд болно. Мөн энэ онд хэрэгжсэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хувь хүний орлогын татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хэрэгжилт энэ оны эцсээр дуусна, ирэх онд хэвийн горимд шилжихээр тооцож боловсруулсан. Тиймээс хэрэв эдгээр хөнгөлөлт чөлөөлөлт цаашид хэрэгжвэл орлого буурч, харин нөгөө талдаа халдваргүйжилт, ариутгал, онцгой байдалтай холбоотой урсгал зардал нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдын цалин цар тахлын үед ч олгогдоод явдаг. Тэгэхээр гол гол урсгал зардал төлөвлөсний дагуу гарна. Тиймээс төсөв батлах үед УИХ-ын гишүүдээс төсвийн тодотголын талаар ч Засгийн газраас асуусан, хуулийн хүрээнд төсвийн тодотгол хийх нөхцөл үүсвэл хийхэд бэлэн гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Эхэн үедээ цар тахлын хуулиа үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах боломжтой. Тиймээс Засгийн газар нэн шаардлагагүй хөрөнгө оруулалт, санхүүжилтийг зогсоож, багасгаж нэн чухал арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг хийх бүрэн эрхтэй, ийм ч үүрэгтэй.
-Тэгэхээр нөхцөл байдлаас шалтгаалж төсөвт тодотгол хийж таарах болов уу?
-2021 оны төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хөл хорио тогтоогоогүй байсан. Хуулиараа УИХ энэ үед гол өөрчлөлтүүд хийх боломжтой. Үүний дараа гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт өмнөх хэлэлцүүлгээр гарсан саналыг дэмжих дэмжихгүй гэдэг л санал хураалт явдаг. Тиймээс сая цахимаар хуралдаан гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийхэд хөл хорионд орсон, өөрчилье гэхэд процесс, цаг хугацааны хувьд хэт оройтсон байсан. Төсвийн тухай хуулийн 6.2.3-т Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх гэж заасан байдаг. Гэхдээ төсвийн тодотгол хийхэд улсын төсөвт бүх байгууллагууд бүх хүчин чадлаараа ажиллах болдог. Энэ бол өөрсдийн төлөвлөсөн ажлаасаа ирэх жил аль нь чухал гэдгийг эрэмбэлж хасна гэсэн үг. Төсвийн санхүүжилт бүрийн цаана төлөвлөсөн ажил байдаг. Тиймээс Сангийн яам жишээ нь, эрчим хүчний салбарын урсгал засвараас дур мэдэн хаслаа гэхэд магад энэ жил хамгийн хүндэрсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Магад бүгд гэртээ байж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр үүнийг хасах нь буруу байж болно. Тиймээс үүнийг салбарын яам нь эрэмбэлэх, хасах хэрэгтэй. Ид цар тахлын дэгдэлт дунд бүгдээрээ ажилдаа ч явж чадахгүй байхад төсөв боловсруулна гэдэг бүр амаргүй. Бид эцсийн хэлэлцүүлэг хийх ч амаргүй байлаа. Минутанд баригдан асуух асуулт, хариулт ч богино. Гэхдээ алдагдал, дагаад өрийн хэмжээг нэмэхгүйн тулд шаардлагатай бол тодотгол хийх хэрэгтэй.
-Төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдсан. Соёлын төв, Биеийн тамирын ордон, Засаг даргын тамгын газрын байр барих зэрэг тэвчиж болох олон тэрбумын зардлыг хасч, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа бэхжүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй байсан юм биш үү?
-Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж ирсэн. 2016 оны төсвийн алдагдлыг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлж ДНБ-д харьцуулсан харьцаа 15.3 хувь орчим байсан бол 2017 онд 6.4 хувь, 2018 онд бүр сайжирч 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. 2020 онд цар тахлын улмаас өндөр алдагдалтай гарсан. 2021 онд алдагдлын хэмжээг өмнөх онтой харьцуулахад хоёр дахин бууруулсан. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орны төсөв алдагдалтай, эдийн засаг уналттай гарч байна. 2020 онд Канад улсын төсвийн алдагдал ДНБ-ны 13 хувьтай, Нидерланд улсынх 9.6 хувьтай, Чили улсынх 14.1 хувь байхаар байна. 2021 оны төсвийг Засгийн газар боловсруулж хэлэлцэн есдүгээр сарын сүүлээр УИХ-д өргөн барихад нөхцөл байдал харьцангуй сайн, Засгийн газрын зүгээс эдийн засгаа эрчимтэй өсгөх бодлого барьсан болов уу гэж харагдаж байсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг урсгал зардлыг бууруулах, онц шаардлагагүй барилга байгууламжийг хасах, урсгал зардлыг нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр бууруулах арга хэмжээ авсан. Засгийн газар төсөв боловсруулж өргөн барьсны дараа Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан. Гэхдээ хэд хэдэн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. СЗХ, Үндэсний аудитын газар, цагдаа хууль хүчний байгууллагуудад хяналт, зохицуулалтыг улам сайжруулах, хариуцсан албан хаагчдын тоог нэмэх, техник тоног төхөөрөмж сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор урсгал зардал, хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу өрхийн амьжиргааг хамгаалах, эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд Хүүхдийн мөнгийг эхний хагас жилд үргэлжлүүлэн 100 мянган төгрөгөөр олгох, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ төсөвт ачаалал өгч байна. Дэлхийн хамгийн баян улс ч ийм арга хэмжээ авч байгааг харгалзан 2021 оны төсөвт тусгасан. Зөвхөн хүүхдийн мөнгө эхний хагас жилээр тооцоход 720 тэрбум төгрөг болох юм. Цаашид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газарт УИХ-аас чиглэл өгч халамжийн давхардлыг арилгах, халамжийг зорилтот бүлэгт илүү чиглүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулах, цахимжуулах гэх мэт арга хэмжээ авахаар тусгасан.
-Ирэх оны төсөвт болосвролын салбарт хэр анхаарсан бэ?
-2021 онд боловсролын салбарын багш, ажилчдыг үр дүнтэй нь холбон урамшуулал олгох төсөв, санхүүжилтийг тусгаж өгсөн. Иргэдээс хамгийн их үйлчилгээ авдаг, бухимдал түрүүлдэг, реформ хүсч байгаа салбарын нэг бол боловсролын салбар. Энэ ажлыг урамшуулалтай нь уялдуулан эхлүүлж байна. Цаашид салбарын яам нь зөвхөн барилга байгууламж шинэчлэх, нэмэхэд биш сургалтын чанарт анхаарах, сурах бичгээ сайжруулах, багш ажилчдын хөгжилд нэн анхаарах шаардлага бий. 2021 оноос төрийн алба цахим системтэй болж, төрийн албан хаагч тус бүр тусгай дугаартай, нарийн бүртгэлтэй болж байгаа. Ингэснээр, төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, шаардлагагүй, батлагдаагүй орон тоо нэмэх дагаад зардал нэмэх байдлыг бууруулах юм. Жишээ нь, нэг төсөвт байгууллагын орон тоог 100 гэж зааж өгсөн байхад захирал нь 120 болгоод 100 хүний цалингаа 120 хүнд өгч, зарим хүмүүст үр дүн, хүнд нөхцөлийн урамшуулал болон очих ёстой санхүүжилтийг олгодоггүй эсвэл бууруулж нэмэлт орон тоог санхүүжүүлдэг байдал их байсан. Ингэж явж байгаад хэдэн жилийн дараа эдгээр хүнийхээ орон тоог ч батлуулж аваад зардлаа өсгөөд явдаг. Ийм байдал багасна. Татвар төлөгчдөөс орлого бүрдүүлэх гэж, түүнийгээ үр дүнтэй зарцуулах гэж бүгд чармайж байхад төсвийн гадна, хараа хяналт муутай үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд байгаад миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөвт байгууллагуудын цалин, орон тоо хязгаартай, УИХ-аар орж батлуулдаг, харьцангуй хатуу хяналтад байдаг. Гэтэл сүүлийн хэд хоногт сошиалаар ТӨХК-ийн удирдлагуудын тансаглалыг хараад өөрийн эрхгүй бухимдаж байна. УИХ-аас эдгээр байгууллагуудаас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлсэн. Мөн, хяналт, аудит, ил тод байдлыг сайжруулах үүрэг өгсөн. Өнөөдөр эдийн засаг хүнд үед эдгээр компанийн 60 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг, гэтэл тансаглал яагаад байгаа юм. Энэ тансаглалыг танавал төсвийн алдагдал байтугай мөнгө гарч магад.
-УИХ-аас цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг дахин зургаан сараар үргэлжлүүлэх боломжтой талаар чуулган дээр хэлж байсан. Энэ хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд хэрхэн үргэлжилсэн бэ?
-УИХ-аас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталсан. Энэ хуулийн хүрээнд эхний дөрөвдүгээр сараас 10 дугаар сарын хооронд 700 гаруй мянган иргэнийг Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн байна. Үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 хувь ба түүнээс дээш буурсан 73 мянган аж ахуйн нэгжийн ажилтан бүрд 200 мянган төгрөг олгоход 25.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийт 242,992 хүнд олгож буй хүсний талоныг хоёр дахин нэмж 27.2 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нийт 67,300 иргэн хамрагдаж 20 тэрбум төгрөг улсын төсвөөс олгосон байна. Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн дэмжих чиглэлээр жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөхөд 105,000 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Түүнчлэн, 38,400 ААН-ийн 401,800 даатгуулагч, сайн дурын 144,300 даатгуулагч хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэлийн 271 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдсөн байна. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хоорондох тоо баримт юм. Энэхүү бүх арга хэмжээг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр 2020 оны төсвийн тодотголд заасан. Ингэснээр мэдээж төсөвт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэнэ. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг цахимаар явагдаж байхад би Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуусан. Ирэх онд энэ нөхцөл байдал үргэлжилбэл яах вэ. Иргэдийн амьжиргаа, эдийн засаг хүндрэх нь тодорхой. Гэтэл цар тахлын хуулийн хэрэгжилт энэ оны эцсээр дуусгавар болж байна гэхэд Засгийн газраас энэ хуулийн хэрэгжилтийг дахин зургаан сараар сунгахаар удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. Тус хуульд дээрх зохицуулалтууд байгаа юм. Ингэснээр иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийг дэмжсэн арга хэмжээг ирэх онд ч үргэлжлүүлэн авах дүр зураг харагдаж байна. Тус хуулийн хүрээнд, тухайлбал Монголбанкнаас зохих арга хэмжээг авч 85,100 иргэний 751.4 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт оруулсан. Мөн ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан 2.04 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,152 зээлдэгчийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлэй 34 мянган зээлдэгчид гурван сарын хугацаанд долоон тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн 1,451 байгууллагын 2.2 их наяд төгрөгийн бизнесийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн байна. Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах талаар Засгийн газар, Монголбанк яриа хэлэлцээ хийж байгаа талаар Сангийн сайд төсвийн хэлэлцүүлгийн эцэст хэлсэн. Ингэснээр банк санхүүгийн салбарт ямар хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжих нь удахгүй тодорхой болох байх. Энэ үед ялангуяа бизнес эрхлэгчид, бага орлоготой иргэд үнэхээр хэцүү байгаа. Авах арга хэмжээний тухай энэ хэд хоногт надаас олон хүн асууж байна.
-Халамжийг хавтгайруулж байна гэж сүүлийн үед их ярих боллоо. Цар тахлын үед улам гааруулж байна уу?
-Олон улсын жишгээр цар тахлын үед өрхийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж дэлхийн улс орон болгон ийм арга хэмжээ авч байна. Дээрээс нь эрүүл мэндийн салбар, цагдаа, онцгой гэсэн байгууллагуудын төсвийг хангалттай сайн тавьж өгөх ёстой. Дэлхий даяараа халамжийг олгож байна. Гол нь халамжийг хэрхэн хүргэх нь чухал. Очих ёстой эзэндээ очиж чадаж байна уу. Жишээ нь манай тойрог, Баянзүрх дүүрэгт иргэд тухайн хороо, дүүргийн нийгмийн ажилчдыг таньдаг хүн олон төрлийн халамжинд хамрагдаж байхад, яг авах шаардалагатай хүн нь бүртгүүлж ч чадахгүй байна хэмээн шүүмжилж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Халамжаа аваад жийпэнд суугаад гарч байгаа хүмүүс байна” гэж хэлсэн байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих биш, халамжийг дэмжсэн бодлого ямар ч улсыг хөгжүүлж байгаагүй. Харин энэ цаг үед цар тахлын нөлөөг зайлшгүй тооцох хэрэгтэй. ДЭМБ-аас ирэх оны эхний хагаст багтан вакцин гарч олон нийтэд хүрч эрсдэл буурахаар байна гэж мэдээлсэн.
-Ковидын дараахь эдийн засаг ямар байх бол?
-Дэлхий даяар ковидын дараахь эдийн засгийн төсөөлөл, бэлтгэл ажил хийгдэж байна. Гэхдээ хэдхэн сарын дотор цар дахлын хоёр дахь давлагаа явахад Европ, АНУ бүгд л хөл алдаж байна. Улс орнууд дотоод гадаад аялал жуулчлал үүний дараа эрчимтэй хөгжинө гэж үзэж байна. Үйлдвэрлэл, хүний шилжих хөдөлгөөн багассан тул байгаль орчин үйлдвэрлэл хөгжиж эхэлснээс хойш байгаагүйгээр цэвэршиж байна. Тиймээс, ялангуяа хөгжиж буй улс орнуудаас цар тахлын дараа байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засагт эрчимтэй шилжих арга хэмжээ авч байна. Саяхан Япон, Солонгос гээд Азийн том эдийн засгууд ч энэ амлалтыг өгч нэгдэж байна. Эдийн засгаа улам төрөлжүүлэх ёстойг онцолсон. Жишээлбэл, Хавай, өмнөд Азийн Фижи зэрэг нь аялал жуулчлалаас хэт хамааралтай тул эдийн засгийн гүн хямралд орсон. Энэ цаг үед хүмүүс том хот руу шигж амьдрах хүсэл багасах байх, компаниуд эдийн засгийн хүндрэлд орсон тул судалгаа, инновацид хийх хөрөнгө оруулалт багасна гэж тооцжээ. Харин цахим шилжилт урьд өмнө байгаагүй эрчимтэй явагдаж байна. Цаашид ч эдгээр компанийн хувьцаа, ашиг орлого өсөх байх. Жижиг дунд бизнесүүд хамгийн хүнд байх дүр зураг ажиглагдаж байна. Жишээ нь, АНУ-ын жижиг дунд бизнесүүд 27 хоногийн үйл ажиллагааны зардалтай тэнцэх хэмжээний хуримтлалтай байдаг аж. Гэтэл аль хэдийнэ долоон сар эрэлт, нийлүүлэлт хүндэрсэн тул 25-36 хувь нь үүд хаалгаа хаахаар байгаа тухай Мкэнзи компани судалгаандаа дурдсан байна. Дэлхийн улс орнууд гадаад худалдаа, гадаад харилцаанаас илүү дотоодын асуудалдаа чиглэсэн, магад бүр нэлээд амиа хичээсэн бодлого ч явуулахаар байна. Энэ нь манай улсын хувьд зарим улс орноос ирдэг зээл, тусламж багасах үр дагавартай. Бид айлаас эрэхээр авдраа уудлах цаг ирж байна гэсэн үг.
-УОК гэртээ тусгаарлагдах 14 хоногийг цуцалсан. Хариуцлага алдсанаас дотооддоо цар тахлыг алдав уу?
-Ялангуяа "Энхсаран" амралтын газарт үнэхээр хариуцлага алдсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Хүүхэд хөгшид хүртэл халуун зун маскаа зүүж, хөл хорионд өчнөөн сар болж байхад даанч яав даа гэж бодогдсон. Хүүхдүүд ялангуяа нэг хэсэг гадаа гарч тоглох ч эрхгүй, гэртээ дуулгавартай хөл хорионд байлаа шүү дээ. Гэтэл насанд хүрсэн хэдэн хүмүүс уйдаад өрөө өрөөгөөрөө орсон гээд сууж байдаг, түүнд хяналт тавих хүмүүс нь ч үүнийг бүр сүүлд олж мэддэг үнэхээр хариуцлагагүй. Гэхдээ хариуцлага тооцох цаг хугацаа хангалттай олдоно.
-Голомтоо тойруулж хавтгайд нь ингэж хөл хорио тогтоохын ач холбогдол нь юу вэ?
-Гол нь тархалтыг цааш нь нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Үүнийг дэлхийн улс орон болгон цар тахал гарахад хэрэглэж байна. Хоёр дахь давлагаа явах гээд байна гээд бэлдээд байсан ч одоо хоёр дахь давлагаанд ямар хүчтэй цохиулж байна. Олон улсын валютын сангаас дэлхийн 129 улсын дунд хийсэн судалгаагаар хөгжсөн улс орнуудын хувьд сайн дурын хөл хорио, зай барих нь илүү үр дүнтэй байсан гэдгийг нотолсон. Иргэд нь харилцаа холбоо, техник, технологи сайтай тул гэрээсээ ажиллах боломжтой, хувийн хуримтлал сайтай, эрүүл мэнддээ ч илүү анхаардаг. Харин орлого багатай улсын хувьд хуримтал муу тул сайн дурын гэхээс илүү хатуу хөл хорио илүү үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Энэ үед ялангуяа залуучууд эдийн засгийн хувьд хамгийн их хохирол амсаж байгаа талаар ч судалгаанд дурджээ. Орлого нь багасч, харин хүүхдийн тоогоор өрхийн ачаалал нэмэгдсэн байна. Манайд ч ийм байна. Дээрх 189 улс орны төр засаг олон сар амь нас уу, амьжиргаа юу гэдэг сонголтыг хийсэн, үнэхээр амаргүй байна, вакцин гарахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн байна. Эртхэн хатуу арга хэмжээ авч халдварыг тогтоож чадсан улс орон хэдий эдийн засаг нь огцом саардаг ч буцаад эдийн засаг нь эртхэн сайжирдаг гэж зөвлөсөн байна. Тиймээс монголчууд бид энэ цаг үед талцан хуваагдалгүй, улстөржиж сенсацилахгүй, эв эеийг хичээн, УОК-оос өгсөн үүрэг, зөвлөмжийг хүндэтгэн дагаж хамтдаа цар тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе гэж уриалъя.

Онцлох нийтлэлүүд