ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.16 09:02

Х.Наранжаргал: Дээрх гурван хэрэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна

Холбоотой Зураг

“Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.


-Саяхан Монгол банкны захирал асан Н.Золжаргал манай сониныг хэвлэлийн бага хурал мэдээлсэний төлөө шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн “Уулс Заамар” гэх компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу шүүх компанийн дансыг хаасан байна. Мөн саяхан “Chu­ham.mn” сайтын редакцид зөвшөөрөлгүй дайран орж нэгжлэг хийсэн хэрэг ч гарсан. Дээрх асуудлууд яг ямар, ямар хуулийн заалтыг илт зөрчсөн байна вэ. Та тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ гурван хэрэгт цензурын хэлбэр орчихлоо гэж үзэж байна. Тодруулбал, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн тодорхой зөрчлийг агуулсан байна гэсэн үг. Энэ хуулинд бүх төрлийн хяналт (цензуртэй) байхыг хориглоно гэж заасан байдаг юм.

Тухайлбал, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин хоёрын холбогдсон хэрэгт яах аргагүй эдийн засгийн цензурын хэлбэр байна. “Өнөөдөр” сонины дансыг хаачихснаар санхүүгийн хувьд тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломж нь хумигдчихсан. Харин “Өдрийн сонин”-оос хэвлэлийн хурал мэдээлсний төлөө 30 сая төгрөг нэхэмжилсэн нь дарамт шахалт болсон байна. Иймээс үүнийг яах аргагүй эдийн засгийн цензур гэж үзнэ. Тиймээс 1998 онд батлагдсан дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн хурлыг хүртэл мэдээлэх эрхгүй болох нь байна шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн эрх ашигт нийцсэн, үнэн бодитой мэдээллийг олон нийтэд өгөх зорилготой. Ямар ч сэтгүүлч бүх мэдээллээ цуглуулж, боловсруулж, анализ дүгнэлт хийх эрхтэй. Тиймдээ ч иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж, найддаг. Нэг ёсондоо итгэл найдвараа өгчихсөн байдаг шүү дээ. Угаас иргэдийн итгэл найдварыг дааж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулдаг юм. “Өнөөдөр” сонинд гарсан уул уурхайн компанитай холбоотой нийтлэл нь нийтийн өмч гэсэн үг гэж ойлгож болно. Нийтийн өмчийг захиран зарцуулахдаа зөв зохистой ажиллаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Энэ нь яах аргагүй олон нийтийн эрх ашиг бүхий мэдээлэл гэсэн үг. “Өдрийн сонин”-д гарсан Монгол банкны захирал асан Н.Золжаргалын талаарх мэдээллийг авч үзье. Монгол банк төрийн байгууллага. Н.Золжаргал төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Энэ тодорхой хэмжээгээр төсвийн болон нийтийн хөрөнгийг буруу зарцуулсан уу, үгүй юу гэдгийг анзаарах нь олон нийтийн эрх ашигт нийцнэ.

Хэвлэлийн бага хурал хийсэн сурвалжлага дээр нэмэлт мэдээ мэдээлэл, баримтыг гаргаж тавих нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сонголтын асуудал юм. Ер нь олон нийт мэдэх эрхтэй, сэтгүүлч хэлэх эрхтэй. Юуг нийтлэх вэ гэдэг нь нийтлэлийн бодлогоор зохицуулагдана.

Үүний төлөө манай байгууллага олон жил хөөцөлдсөн. Тодруулбал, сэтгүүлчдийн эсрэг ашиглагддаг хууль бий. Эрүүгийн хуулинд нэр төр гутаахтай холбогдуулан гүтгэх, доромжлох асуудал байна. Ийм зүйл, заалтыг халах ёстой гэдгийг олон жилийн турш нөлөөллийн үйл ажиллагаагаар явуулж байна.

-Сүүлийн үед сэтгүүлч үгээ хэлж, эрхээ эдэлснийхээ төлөө ял эдэлчих гээд байдаг хандлага их гарах боллоо..

-Сэтгүүлч үгээ хэлж, хэлэх эрхээ эдэлсний төлөө олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийг өгснийхөө төлөө ял эдэлчих гээд байгаа нь үнэн. Энэ нь саяхан гарсан хэргүүдээс тодорхой харагдаж байна. Үүнийг олон улсын жишигт иргэний хуулиар зохицуулдаг практик бий. Иргэний хуулиар зохицуулахдаа хоёр зүйлийг анхаарах ёстой байдаг. Нэгдүгээрт, иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын жишигт нийцүүлэх ёстой. Ингэхдээ тухайн нэхэмжлэх гаргаж байгаа хүн нь мэдээлэл буруу, миний нэр төрд халдсан гэдгийг өөрөө нотлох ёстой байдаг. Манай улсад эсрэгээрээ хариуцагч нь үүнийг нотлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс л алдаа гараад байгаа юм. Хоёрдугаарт, торгуулийн хэм хэмжээ. Манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч 1961 онд НҮБ-ын гишүүн болж байсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактыг 1974 онд соёрхон баталж байлаа. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн үүрэг тодорхой байдаг. НҮБ олон улсын хамтын нийгэмлэг. Тиймээс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх гэсэн заалт бий.

-НҮБ-аас манайд ямар зөвлөмжийг өгсөн байдаг юм бэ?

-НҮБ-ын хүний эрхийн зөвлөл нь дөрвөн жил тутам гишүүн улс орныхоо хүний эрхийн төлөв байдлын тайланг нь авч хэлэлцдэг. Ингээд гишүүн улсуудаас ирсэн зөвлөмжийг тухайн улс хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь тодорхой хэмжээний зохицуулалттай. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлээр найман улсаас манайд зөвлөмж өгсөн байгаа.

-Манай улс тэрхүү найман зөвлөмжийг биелүүлдэг юм уу?

-Найман улсын зөвлөмжийг манай улс бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Асуудлыг “шийдвэрлэе” гэж хүлээн авсан. Зөвлөмж дотор гурван төрлийн зүйл бий. Нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой дотоодынхоо хууль тогтоомжийг иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факттай нийцүүлээч гэсэн байгаа. Хоёрдугаарт, хүний эрхийн идэвхтнүүд сэтгүүлчийг айх аюулгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангаач, хамгаалаач гэж заасан. Гуравдугаарт, Эрүүгийн хуулиас хүний нэр төр гутаахтай холбоотой зүйл, заалтыг халах хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. Өөр бусад нарийн зүйл заалт ч бий. Нэг ёсондоо манай хуулиудад илүүц хязгаарлалт байна гэдгийг Хүний эрхийн хороо анхааралдаа авсан байгаа юм. Нэр төр гутаахыг Эрүүгийн хэргээс бүрэн гаргах ёстой гэсэн. Нэр төр гутаах хэрэг бол хүнийг эрх чөлөөгүй байлгах шалтаг болох ёсгүй. Эрүүгийн болон иргэний хуулийг үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох, хүний эрх чөлөөг нухчин дарах хэрэгсэл болгож өөрчлөхгүй байх ёстой. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна. Шүүх хүртэл хүний эрхийн эсрэг шийдвэр гаргадаг.

-Манай улсад сэтгүүлчдийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Зөвлөмжид хэвлэл мэдээллийн ажилтнууд болох сэтгүүлчдийн эсрэг аливаа хэлбэрээр нь хяхан хавчих сүрдүүлэхээс хамгаалах хэрэгтэй гэсэн. Харин хэрэг үйлдэгчдэд нь тохирсон шийтгэлийг хүлээлгэх ёстой. Ингэвэл шударга ёсоор хариуцлага ноогдуулна гэдгийг тусгасан байдаг.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан байхад бид одоо хаана хандах вэ?

-Одоо хэрэгт холбогдоод буй ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага эргээд шүүхэд хандаж болно. Учир нь олон улсын фактын 19 дүгээр зүйлийг зөрчсөн байна гэдэг утгаар нь эргээд хандаж болох юм. Ингэвэл шүүхийн практик авч хэлэлцэх ёстой. Дотоодын хуулиар үйлчилнэ. Хэрвээ манай дотоодын хууль зөрчилтэй байвал олон улсын тус факттай хууль тогтоомжийг нийцүүлж, өөрчлөлт оруулах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хууль гэж бий. Тухайлбал, захиргааны актууд байна. Энд тушаал, шийдвэр, журам хамруулж оруулсан байдаг. Эдгээр нь хуулиас давахгүй байх ёстой. Хуульд нийцэж гарсан байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү шууд дайрч орсон тохиолдолд хэд хэдэн хуулийг зөрчөөд байна.

-Иргэний тухай хуулийг тодруулахгүй юу. Иргэн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үг үү?

-Тухайн байгууллага нь нэхэмжлэх гаргасан бол хувийн, төрийн байгууллага уу гэдгийг нь авч үзнэ. Хэрвээ хувийн байгууллага байвал нийтийн өмчийг захиран зарцуулж байна уу, үгүй юу гэдгийг нарийн авч үзэх ёстой. Нийтийн баялгийг эзэмшиж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, олон нийтийн, бид нарын байгалийн баялаг. Иймээс нутгийн иргэдийнх нь эрх ашгийг хөндөж байна уу, тухайн нутгийн иргэдийн хувьд хүний эрхийн том зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг сайтар ялгаж, салгах хэрэгтэй. Манай улсын шүүх маргаантай асуудлыг зохистой шийдсэн тохиолдол бий. Иймээс шүүх хийх ёстой ажлаа чанартай хийх хэрэгтэй. Ингэхгүй “Энэ худлаа мэдээлэл. Сэтгүүлч та нар өөрсдөө нотол” гэж буй нь сэтгүүлчдийн эсрэг байна. Энэ нь цензурын хэлбэр болж хувирч байгаа юм.

-Цензур нь дотроо олон төрөл байх уу?

-Сэтгүүлчдийн өөрсдийнх нь хүссэн зүйлийг бичихээ болиулбал, ямар нэг байдлаар саад учруулах, сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан гэсэн цензурын хэлбэрүүд байдаг. Ийм тохиолдлууд их гардаг. Мөн мэдээлэл өгөхөөс татгалздаг, эсвэл мэдээлэл олж авах, түгээхэд нь саад болдог. Мэдээллийг түгээсний төлөө хариуцлага ноогдуулдаг. Хэрвээ материал, бичвэр гараагүй байхад хаагаад байвал урьдчилсан цензурын хэлбэр болно. Гарсных нь дараа шүүхэд хандана гэдэг бол түгээхэд нь саад болж байна гэсэн үг. Манай байгууллагын 2006 оноос 2016 оныг дуустал хийсэн монитерингийн дүнгээр нийт 520 шахам сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Манайд хандаагүй өөр ямар ч тохиолдол гарсан байж болно. Үүнийг шүүгчид мэдэж байх ёстой. Шүүгчид, өмгөөлөгчид өөрсдөө дотоодынхоо хууль тогтоомж олон улсын гэрээ, конвенцийг шийдвэр гаргахдаа ашиглах ёстой. Цагдаа, прокурорууд ч хянаж байх явцдаа ашиглах учраас мэдэж байх ёстой. Манай улсын эрх зүйчид үүнийг төдийлөн ухамсарлаагүй явж байна. Шүүх, цагдаад олон улсын фактын 19 дүгээр зүйл гэж юу юм бэ, үүнийг яаж шүүхийн практикт ашигладаг юм бэ гэдэг дээр сургалт явуулна. Мөн Монголын цагдаа сэтгүүлчдийн ёс зүйн баримтлах журмыг зөрчиж байна. Энэ бол байж болохгүй зүйл.


Онцлох нийтлэлүүд