ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.08 11:09

Х.Тунгалагмаа: Дэлхийн татварын мэргэшсэн гурван том холбооны ерөнхийлөгч ирж, “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна

Ирэх сарын 12-14-ний өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Олон улсын татварын чуулган болно. Чуулганы ерөнхий зохион байгуулагч нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг. Энэ чуулганд Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны гишүүн 13 орны 19 мэргэжлийн байгууллагууд оролцоно. Дэлхийд Европын татварын зөвлөхүүдийн холбоо, Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Африкийн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо гэсэн гурван том мэргэжлийн байгууллага байдаг. Үүнээс хүн ам, эдийн засаг газар нутгийн хамралтаараа хамгийн том нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо юм. Энэ утгаараа манай болох чуулган дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Мөн дээрх холбоод 2013 оноос нэгдэх тухай яригдсаар өнөөг хүрсэн. Харин анх удаа нэгдэх талаар “Улаанбаатарын тунхаг” бичиг гаргана. Энэ талаар Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн Сургалт, судалгаа, менежмэнтийн хорооны дарга Х.Тунгалагмаатай ярилцлаа.


-Монголын татварын мэргэшсэн нягтлан зөвлөхүүдийн нийгэмлэг ямар зорилготой байгууллага вэ?

-Манай нийгэмлэг 2004 онд байгуулагдсан. Монгол Улсад татварын мэргэшсэн зөвлөгөөг хөгжүүлэх, нийт тавар төлөгчдөд татвар төлөх хандлага, төлөвшил олгох, татвар төлөгч татварын байгууллага хоёрт туслах, мэргэжлийн туслалцаа үзүүлж, гүүр болж ажилладаг байгууллага. Байгууллага, хувь хүнээс бүрдсэн 1500 гаруй гишүүнтэй ТББ.

-Байгуулагдсанаас хойш ямар үр дүнд хүрэв?

-Аливаа төрийн хамгийн том үүрэг татвар хураалт байдаг. 1992 оноос эхлэн манайд өөрөө татвараа тодорхойлох тогтолцоо үүссэн. Татвар төлөгч өөрөө ногдлоо тодорхойлоход бид мэргэжлийн зөвлөгөө өгсөөр ирсэн. Мөн мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж өгдөг.

-Та нараас зөвлөгөө авсан компанид ямар эерэг нөлөө гардаг вэ?

-Татвар төлөгч өөрөө ногдлоо тодорхойлохдоо хуулийн дагуу зөв ногдол хийх үүрэгтэй. Гэтэл татварын алба төрийн өмнөөс ажиллагаа явуулдаг мэргэшсэн байгууллага. Аль нэг байгууллагын нягтлан бодох тэр бүр хуулийн хүрээнд тайлан гаргадаг гэж үзэж болохгүй. Татварын хуулийн нарийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд заавал мэргэшсэн нягтлан бодох шаардлагатай. Энэ бол олон улсад 100 шахам жил хэрэгжиж ирсэн түүхтэй тогтолцоо. Компани мэргэжлийн үйлчилгээ авснаараа аливаа эрсдэлээс сэргийлэх, зөв ногдол хийх чадвартай болж байгаа юм. Мөн татварын маргаантай асуудал төлөөлөх үйлчилгээ авна.

-Олон улсын жишигтэй харьцуулахад манай татварын тогтолцоо ямар түвшинд байна?

-Олон үзүүлэлтээр харьцуулдаг. Гол үзүүлэлт нь өөрөө татвараа ногдуулдаг байж яагаад татварын хяналт байх ёстой вэ гэсэн асуудал. Бүх татвар төлөгчийг 3-5 жилийн дараа дахин шалгах нь зөв үү гэсэн асуулт гарна. Энэ талаар бид судалгаа хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан бүх татвар төлөгчийн 90 шахам хувь нь татвар ногдуулалтад их бага хэмжээний зөрүү гардаг. Эндээс маргаан гарна. Нэг хэсэг нь буруугаа хүлээгээд татвараа төлнө. Нөгөө хэсэг нь маргана. Маргаан үүсээд шүүхээр ороход асуудал үүссэн 90 хувийн татвар төлөгчийн 60 гаруй хувь нь татвар төлөгч нарын талд шийдэгдсэн байдаг.

-Татварын байцаагч нар хуулийг буруу хэрэглэж байна гэсэн үг үү?

-Яг тэгж шууд утгаар нь ойлгож болохгүй. Нэгдүгээрт, татварын хуулиуд маань зөрчилтэй байгаа нь нөлөөлж байна. Бид татварын орчинг сайжруулах нэрээр хуульдаа өм цөм өөрчлөлт хийдэг. Нэмэлтээр хийсэн зохицуулалт нь асуудлыг шийдэх боломжгүй болгодог.

-Жишээлбэл?

-Зөрчлийн тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Зөрчлийн тухай хуулиар татварын маргааныг маргаан таслах зөвлөлөөр шийдэхгүй. Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр “Урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна” гээд буцаачихдаг. “Татварын хууль”-д маргаан таслах зөвлөлөөр оруулна гэж байдаг. Харин “Зөрчлийн тухай” хуульд байхгүй. Энэ нь эрх зүйн зохицуулалт тогтвортой бодлогоор хангагдахгүй байна гэсэн үг.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, танай нийгэмлэгийн хамтран зохион байгуулж байгаа Олон улсын татварын чуулганы тухай танилцуулахгүй юу?

-Тоо, даацаараа энэ бол дэлхий эдийн засгийн хамгийн том бүсийн чуулган. Дэлхий даяаршиж байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий даяар татварын нэг хэлтэй байх шаардлага тавигдаж байна. Энэ чуулганыг хийснээрээ хөрөнгө оруулагчдад эерэг дохио очно.

-Чуулганаас ямар үр дүн хүлээж байна?

-Дэлхий дээр Европын татварын зөвлөхүүдийн холбоо, Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Африкийн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо гэсэн гурван том мэргэжлийн байгууллага байдаг. Энэ холбоод нэгдэх асуудал яригдаад таван жил болж байгаа. Өнөөг хүртэл судалгаа, ярианы түвшинд байсан.

-Одоо нэгдэх үү?

-Энэ байгууллагууд нэгдэхгүй. Харин эдгээр байгууллагыг удирдах нэгдсэн байгууллага байгуулах тухай “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна.

-Чуулганаас манай татварын тогтолцоонд ямар нааштай үр дүн гарах бол?

-Гарна гэж бодож байна. Энэ чуулганаас бид дэлхийн, Европын, Азийн, Африкийн татварын бодлого ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авч өөрсөдтэйгөө харьцуулах боломж гарна. Мэдээлэл авна гэдэг нь урагшлах эхний алхам.

-Төрөөс ямар төлөөлөгч оролцох бол?

-Сангийн сайд нээж үг хэлэхээр яригдаж байна. Сангийн яамны газрын дарга үндсэн илтгэл тавина.

-Гаднаас ямар төлөөлөгчид ирэх вэ?

-Мэдээж бүсийн холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид оролцоно. Хамгийн чухал нь дэлхийн татварын мэргэшсэн гурван том холбооны ерөнхийлөгч нар ирж, “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна.

-Энэ том шийдвэрүүдийг нутагшуулахад төрийн зүгээс юу хийх ёстой вэ?

-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа татварын хуульд манай чуулганаар дэвшүүлэх зарчим сууж өгсөн. Энэ бол олон улсын жишигт ойртох татварын шинэчлэлийн эхний алхам.

-Татвар төлөгчдийг дарамтлах бас нэг шалтаг энэ өөрчлөлтөөр үүсэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Аливаа юм хоёр талтай байдаг. Татвараас зайлсхийхээс сэргийлэх дүрэм, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр яригдана. Гэхдээ зохицуулах нарийн журмуудгүйгээр ерөнхий заалттай дүрэм гарах бас эрсдэл дагуулах магадлалтай. Хувь хүний үзэмжээр шийдэх хийдэл гарах ч гэх зүйл байхыг үгүйсгэхгүй. Олон улсад үүнийг хянах мэргэжлийн байгууллага байдаг бол манайд алга. Дарамт гэдэг бол нэг талын хүч нь давамгайлаад ирэхээр үүсдэг эд байх. Энэ зөвхөн татварын салбарт биш, бүх салбарт байгаа. Манай татвар төлөгчид үүнээс зайлсхийхийн тулд татвар ногдуулалтаар мэргэшсэн түвшинд хийгээд байхад л болно шүү дээ.

-Татвар ногдуулалтын нэг хэлтэй болсноор компаниудад ямар ашиг ирэх вэ?

-Дэлхийн түвшинд тавигддаг ногдуулалтыг хийгээд сурчихсан байхад дотооддоо алзахгүй. Түүнээс гадна дэлхийн аль ч оронд бизнес эрхлэхэд хамгийн том саад байхгүй болно.

-Хурлын үеэр сургалт явагдана гэсэн...

-Чуулганд Европын татвараар мэргэшсэн, өндөр мэргэжилтнүүд бид ашиглахыг хичээж байна. Чуулганы хажуугаар Европын татварын зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгч, проффессор Пиержиорио Валенте “Олон улсын татвар, татварын бодлого XXI зуунд” гэсэн сэдвээр лекц уншина.


Онцлох нийтлэлүүд