ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.15 11:07

Х.Тэмүүжин: Дотоод хэргийн яам ерөнхий чиг үүргийн яамандаа хянагдаж байх ёстой


Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Үүндээ Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгахыг судлан үзэхийг хүссэн юм. Тус яамыг ийнхүү салгах нь ямар ач холбогдолтой талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах нь ямар ач холбогдол, үр дагавартай вэ?

-1992 оны үндсэн хуулийг баталсны дараагаас л манай улс Хууль зүйн яамтай байж үзээгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам гэж нэрлээд байгаа боловч яг үндсэндээ Дотоод хэргийн яам л байгаад байдаг. Үндсэндээ Ц.Нямдорж нар Дотоод хэргийн сайдууд л байсан хэрэг. Тэр ч утгаараа Хууль зүйн яам гэж хэлэх нь ч шүүмжлэлтэй. Яагаад дотоод хэргийн, Хууль зүйн яам гэж хоёр тусдаа байдаг талаар цухас дурдъя л даа. Хууль зүйн яамных нь сайд нь Ерөнхий прокурор байдаг. Тус яам нь шүүх буюу гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, хуулийн хөгжил гэсэн гурван том чиг үүрэгтэй. Мөрдөх алба, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг нь ч Хууль зүйн яамандаа байдаг. Харин Дотоод хэргийн яамандаа цагдаа, хил хамгаалах, бүртгэл, архив гэх мэт байгууллагууд нь багтдаг.

Жишээ нь, би 2012 онд Хууль зүйн сайд болсныхоо дараа Тахарын албыг байгуулсан. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах гэдэг чинь цэвэр Хууль зүйн яамны чиг үүрэг юм. Гэтэл МАН эрх баригч болж, Ц.Нямдорж сайд болонгуутаа Тахарын албыг татан буулгаж, Дотоодын цэргийг байгуулчихсан. Хууль зүйн яамны чиг үүргийг алга болгонгуутаа буцаад дотоод аюулгүй байдлаа хангах зорилгоор дотоодын цэргийн бүтцийг хийчихэж байгаа юм. Энэ мэтчилэн сүүлийн 30 жил дотоод хэргийнхээ чиг үүрэгт хууль зүй нь дарагдсан. Дандаа дотоод хэргийн чиг үүрэг нь л яваад байдаг.

Мөн би цагдаагийн сургуулийн нэрийг өөрчлөөд Хууль зүйн сургууль болгосон юм. Угтаа Хууль зүйн яамны чиг үүрэг дотор хууль сахиулагчдыг хянах чиг үүрэг байдаг. Хууль зүйн яамныхаа чиг үүргээр сургуулиа өөрчлөнгүүт буцаагаад Ц.Нямдорж Дотоод хэргийн их сургууль гээд нэрлэчихэж байгаа юм.

-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах нь тус тусын үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгох давуу талтай хэрэг үү?

-Дэлхий нийтийн орнуудад ч тусдаа байдаг. Гэхдээ Хууль зүйн яам нь ерөнхий чиг үүргийнх байдаг бол Дотоод хэргийн яам нь зөвхөн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг. Засгийн газар дотороо Хууль зүйн яам нь Дотоод хэргийн яамаа хянадаг юм. Учир нь Хууль зүйн яаманд прокурор, хүний эрхийн асуудал хамаардаг. Тэр утгаараа Дотоод хэргийн яамны чиг үүрэг бүхий агентлагууд хүний эрх зөрчиж байна уу үгүй юү гэдгийг хянадаг. Хууль зүйн яам ийм бүтэцтэй байдаг юм. Ерөнхий чиг үүргийн гэж хэлээд байгаагийн гол шалтгаан нь энэ. Хууль зүйн яам маргаангүй ерөнхий чиг үүргийнх байх ёстой. Дотоод хэргийн яам хэзээ ч ерөнхий чиг үүргийнх байж болохгүй. Энэ бол салбарын л яам байж, ерөнхий чиг үүргийн яамандаа хянагдаж байх ёстой гэх зарчим бий.

-Иргэд төрийн тэргүүнийг Дотоод хэргийн яам буюу хэлж заншсанаар До яам байгуулъя гэсэн нь ямар учиртай юм бол гэж гайхаж басхүү эмээж байх шиг байна л даа.

-Хууль зүйн яамны чиг үүрэг болох хүний эрх, шударга ёсны чиг үүргүүдийг огт хэрэгжүүлдэггүй газар Дотоод хэргийн яам дангаараа байх нь аюултай. Тэр чинь шууд НАХЯ болчихож байгаа юм. Тиймээс Дотоод хэргийн яам байгуулъя л гэж байгаа бол заавал Хууль зүйн яамандаа хянагддаг байх ёстой. Одоогоор манай улсын Хууль зүйн яам дотоод хэргийн яамыг хянах ямар ч чадваргүй.

-Хэрэв Дотоод хэргийн яамыг байгуулах бол Хууль зүйн яаманд хянах боломжийг нь олгосон эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байх нь.

-Тийм. Цогцоор нь нарийн ярих ёстой.

О.АРИУНцэцэг

Онцлох нийтлэлүүд