Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ
Улс төр
2021.07.23 09:07

Х.Тэмүүжин: МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна

-ДАРАНГУЙЛАЛ ГЭХ ЮМ УУ, ДАВАМГАЙЛАЛ ГЭХ ЮМ УУ ЭНЭ ҮЗЭГДЭЛ МОНГОЛД ХЭСЭГТЭЭ ҮРГЭЛЖЛЭХ БАЙХ-


Хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа та гурав АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс АН-ын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ ажил одоо ямар шатандаа явж байна?

-Гишүүд идэвхтэй, сайн зурж байна аа. Намын гишүүдээр гарын үсэг зуруулах болсон шалтгаан, зорилго үндсэн гурван зүйлд чиглэж байгаа. Нэгдүгээрт, АНхоёр газар хуралдаад, хоёр шийдвэр гаргаад, дээд шүүх рүү хоёр тусдаа бичиг өгөөд байхаар дээд шүүх алийг нь ч бүртгэж авахгүй, манай намын дүрэм, даргын асуудал цэгцэрч дуусахгүй байна.Дотроо учраа олохгүй бол хууль зүйн хувьд ямар ч бүртгэл хийхгүй гэх ганц үгээр буцаачихаад байгаа. Хоёр газар хуралдахаа больж, нэг хурал хий гэдэг бол гарын үсгийн эхний зорилго. Нам гэдэг үзэл санаан дээрээ нэгдсэн хүмүүсийн хамтын удирдлагын байгууллага болохоос хэн нэгний хувьчлаад авчихсан аж ахуйн нэгж биш л дээ. Тийм учраас хий талцаж, тамганы хоёр булан тэврээд суулгүйгээр, нэгдэж нийлж хуралдаад, асуудлаа шийдэж, нэг тодорхой дүрмээр намаа цэгцэлж авах нь зөв л дөө. Би сая хий талцал гэлээ. Намын удирдлагын түвшинд үүссэн ангал бол зохиомол. Зохимол ангалын хоёр талд зогсоод байгаа хүмүүсийн нэгдэж нийлэх гүүрийг намын жирийн гишүүдийн гарын үсгээр бий болгох зорилготой санаачилга, товчхондоо. Хоёрдугаарт, энэ олон мянган гишүүдийн гарын үсэг шүүхэд Ардчилсан нам хуваагдаагүй гэдгийн гэрч, хурлаа нэг хийх болсныг нотлох баримт болно. Гуравдугаарт, энэ намыг байгуулсан хүмүүсийн хоорондын хувийн өширхөл, хонзогнол бүтээсэн ардчиллаа нураачихгүйн тулд зогсох ёстой л гэсэн уриалгыг жирийн гишүүд гарын үсгээрээ илэрхийлж байгаа хэлбэр.

АН-ын нэрээр Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хоорондын үл ойлголцол, жөтөөрхөл нь энэ намыг бусдын идэш болоод МАН-ын оролцоотой тамга тэмдэгний хэрүүл болчихсон нь үнэн. Тэд хэрүүлээ намаас хол хийвэл АН илүү хүчтэй бөгөөд цул явах боломж байна. АН нам шиг нам байвал улс оронд улс төрийн тэнцвэр, хяналт үүсч, ардчиллын жаахан ч гэсэн үнэр энэ нэг намын хэт хүч түрсэн цаг хугацаанд байх юм даа.

-АН сэргэх болов уу?

-Учраа олох байх гэсэн горьдлого байна. АН чинээндээ тултал уначихлаа. Доошоо нүх ухаж үсрэх гээгүй л юм бол одоо болно ш дээ.

-АН-ын гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадаж байна уу?

-Сөрөг хүчний дуу хоолой гэж бараг байхгүйтэй адил байна. Өнгөрсөн хоёр жил МАН ковидоор далимдуулж ямар их мөнгө, их эрх мэдлийг төвлөрүүлж, хяналтгүйгээр яаж үрэн таран хийж дуусгав. Улс орны нөхцөл байдлыг харахаар дүр зураг нь ичиж үхэм байгаа биз дээ. Эрсдэлийг сэрэмжлүүлж, бурууг нь хоосон шүүмжлэлгүй хатуухан хариуцлага нэхээд, зөвд нь дэм өгөөд явсан бол эрх баригчдыг байх ёстой байр, ажиллах ёстой хүрээнд нь авчрах боломж байж л байгаа. Энэ ажлаа АН уул нь хийж чадна ш дээ. Бид сөрөг хүчнийхээ ажлыг хийх биш, өөрсдөө дотроо сөргөлдсөн хүчин болж хувирчихаад, хэтэрхий сул дорой байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН дахиад нэг боломжоо алдчихлаа даа?

-Ойлгомжтой ш дээ. Намаа хагалж хуваагаад, талцуулж байгаа хүн өөрөө том сонгуульд нэр дэвшчихээр дор хаяж намынх нь тал нь тэр хүний эсрэг ажиллаж эхэлнэ биз дээ. Унах нь тодорхой сонгууль. АН өөрчлөгдөж болох маш олон боломжийг нэг уутанд хийгээд өөрсөдтэйгөө цуг хогийн сав руу шидчихсэн. Намаа эмхлэх, олон нийтийн итгэлийг буцааж авах, сонгуулийн үеэр эрх мэдлийн хэт түрэлттэй байгаа улс төрийн намын эсрэг сөрөг хүчнийхээ хувьд дэмжигч, иргэдтэйгээ хамтран бэхжин зогсох боломжийг алдлаа. Намын нийт гишүүдийн 60, 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, оролцлоо ч өөр сонголт хийнэ гэдэг шийдэлтэйгээр сонгууль руу орсон.

-МАН төрийг барьж чадаж байна уу. Төрийн гурван эрх барих байгууллагад нэг нам суучихлаа. Тэнцвэртэй улс төр байж чадахгүйд хүрчихсэн биз дээ?

-Улс төрийн тэнцвэр алдагдаж,нэг талд хэт их эрх мэдэл төвлөрөөд ирэхээр асуудлыг бодитойгоор харах, ухаалгаар зүй зохицлыг нь олох, нийгмийн бусад бүлэгтэй ярилцах, хамтрах чадвар багасаад бэлэн байгаа хүч, нөлөөгөө юун түрүүнд барьж авч ашиглах гээд байдаг. Зүй тогтол юм даа. Ямар ч хүний гарт томоохон муна бариулчихвал мунатай нөхөр чинь хүмүүстэй ам хэлээрээ учраа олохоос илүүтэй мунаараа л асуудлыг шийдэх гэж оролдож эхэлнэ. Хүн нь сайн муу, аль нам байгаагаас үл шалтгаалаад тэнцвэргүй улс төр хүчирхийлэл, харалган байдлыг илүү өөгшүүлдэг нь үнэн. Эрх мэдэл овоороход овоолгон доороос эрүүл ухаан цухуйж гарах хэцүү л дээ. Эрх мэдлийнхээ цонхоор асуудлыг харж, тойрон эргэлдэж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойгоор нийгмийг дүгнээд эхлэхээр л бусдыг дарлаж эхэлнэ шүү дээ. Дарангуйлал гэх юм уу, давамгайлал гэх юм уу энэ үзэгдэл Монголд хэсэгтээ үргэлжлэх байх аа. Ийм үзэгдлийг зогсоох гэж хүн төрөлхтний олсон арга бол улс төрийн тэнцвэр. Ялгаатай үзэл бодолтой хүмүүс харилцан ойролцоо хүч чадалтай байж тэр хүч чадлынх нь тэнцвэр дээр эрүүл оюун ухаан, хууль ёс, иргэний эрх чөлөө оршин тогтнодог гэдгийг ойлгочихсон. Энэ ойлгоцоороо арай ухаалаг, эрсдэлгүй сонгуулийн тогтолцоо хүртэл бодож олоод байдаг. Манайх яг эсрэгээрээ л яваа. МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна. Харин төрд бол хөл толгой алга.

-С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаачихлаа. Шүүхээс хэрэг буцаадаг жишиг гэж ямар юм байна аа?

-Дэлхийд шүүхээс хэрэг буцаадаг жишиг бараг байхгүй. Ганцхан тохиолдолд хэрэг дахин хянан шалгах үйл ажиллагааг эхлүүлж болдог. Тэр нь шинэ нотлох баримт гарч ирсэн, шинээр нөхцөл байдал үүссэн үед. Хэрэг буцаах биш, шүүхийн процессыг дахин эхлүүлэх гэж хэлдэг. Манайх шиг дуртай үедээ мөрдөн байцаалт руу анхан шатны шүүх рүү хэргийг шиддэг, шүүх маргаан эцэслэхээс тойрч бултдаг улс байхгүй дээ. Завьчлах гэж улс төр, хуулийн ойлголт байна. Асуудлыг эцэслэн шийдэхээс илүүтэй нааш цааш нь шидсээр байгаад цаг хугацаа, зардал мөнгө, хүний тэвчээр, хувийн амьдралыг завьчилж дуусгадаг. Энэ чинь эрх мэдэлтнүүдийн хэн нэгний амьдралаар тоглодог арга. Ийм байдлыг хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг улс орнууд хорьдог. Шүүхээс хэрэг буцаахгүй. Прокурор, мөрдөх алба зэрэг процессыг хийх үүрэг бүхий байгууллагууд тодорхой хугацаанд төрд байгаа бүх хүч нөөц, техник, арга хэрэгслээр хэргийг шалгаад шүүхэд өгөхөд шүүх тэрийг шийдэх үүрэгтэй. Нотлогдохгүй, хууль хэрэглэхэд эргэлзээ байгаа бол шүүгдэгчид ашигтайгаар буюу энэ хүнтэй холбоотой гэмт хэргийг нотолж чадахгүй байгаа учраас энэ хүн гэмт хэрэгтэн биш гээд сулладаг жишигтэй. Энэ зарчим, энэ жишгийг олохын тулд хүн төрөлхтөн хэдэн мянган жил туулсан. Сүүлийн 500 жилийн тэмцлийн ололт. Гэтэл үүнийг манайх нулимаад суугаад байна. Шүүгч нь прокурор мөрдөгчийн ажлыг өмнөөс нь хийгээд байх юм. Орчин үеийн Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд байж болдоггүй зүйл. Дээд шүүх үнэхээр үндэслэлгүй ялласан байна гэж үзэж байгаа бол алхаа цохиод суллаад явуулах ёстой. Хариуцлага хэн дээр байх ёстой гэхээр хугацаа байсан уу байсан, татвар төлөгчид хангалттай мөнгө өгсөн үү өгсөн, техник хэрэгсэл, хүний нөөц хангалттай байгаа юу байгаа, тэр боломжиндоо хэргийг нотолж чадахгүй байгаа бол та нар муу ажиллалаа, эсвэл энэ хүн хэрэг хийгээгүй гэдэг хоёр дүгнэлт рүү очих ёстой болохоос дахиад мөрдөөд, алдаагаа засаад, яг шийтгэхээр болгоод аваад ир, би яллаад өгье гэдэггүй. Шүүхээс хэрэг буцаадаг тогтолцоог халах ёстой.

2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бичихдээ шүүхээс хэрэг буцаадаг заалтыг хасаж байсан юм. 2016 онд Дорлигжав буцаагаад оруулаад ирэхэд нь УИХ дээр хасаад баталж байсан. Тэр хуулийг эцсийн найруулга сонсоод ёсчлох байсныг МАН 65 суудалтай болоод зүгээр л буцаачихсан. 2017 онд энэ зарчим хуульчлагдахад 2019 онд нь сиймхий гаргаад Нямдоржтонгууд шүүхээс хэрэг буцаадаг болгочихсон. Шүүхээс хэрэг буцдаг процесс дотор иргэд л хохирдог. Харин хуулийнхан илүү хождог. Завьчилж шиднэ гэдэг чинь хүнийг хуулийн байгууллагатай тодорхойгүй хугацаагаар уяж, амьдралынх нь шим шүүсийг сорж, мөлжих л арга. Уул нь завьчилж, завшуулалгүй иргэн өөрийгөө шүүхэд нэн дариу сонсгох, хэрэг маргаанаа шударгаар шийдүүлэх гэдэг чинь Үндсэн хуульд байгаа шударга шүүхээр шүүлгэх гэдэг иргэний үндсэн эрхийн гол хоёр агуулга юм ш дээ. Шүүхээс хэрэг буцаана гэдэг энэ хоёр зарчим, агуулгыг шууд үгүй хийж байгаа явдал.

-Хуулийн салбарын шинэчлэлүүдийг та яаж харж байна. Дорвитой шинэчлэлт хийгдэж байх юм уу?

-Эргэж буцсан, дахин сэргээх гэж оролдсон, нэгдсэн төлөвлөгөөгүй л зүйл харагдаж байна. Хийсэн ажлуудыг буцааж нураагаад буцааж өрж босгох нь нэг ажлыг хоёр хийхтэй л адил л даа. 2012-2016 он хүртэл хийгдсэн шинэтгэлийн үйл явц, цөөнгүй судлаачдын судалгааны үр дүнгээр үүссэн олон шийдэл, санаа байсан. 8,9 жилийн дараа дахиад тэр шийдлүүдийг арай өөр хэлбэрээр дахин амилуулах гээд оролдож байна. Аливаа дэвшилтэт өөрчлөлт, шийдэл тэр цаг үедээ шүүмж, эсэргүйцэлтэй тулж, заримдаа бүтэлгүйтдэг ч цаг хугацааны шалгуураар буцаад бэхжиж, үнэ цэнэтэй болж, урагшилж байдаг.Хугацаа алдаж байгаа, гэхдээ нийгмийн оюун санаанд илүү бат бөх суух боломжтой болж байгаа. Одоо хийх гэж байгаа хүмүүс нь тэр үеийн зовлонг шинээр мэдэрч эхэлж байгаа байх аа.

Яагаад хуулийн салбарын шинэчлэл таагүй, эсвэл сөрөг байдаг вэ гэхээр яг энэ хуулийн гажуудлыг ашиглаж амьдардаг хуулийнхан,тэдэнд улс төрийн өмгөөлөл үзүүлж, шүхэрлэдэг эрх мэдэлтнүүд энэ өөрчлөлтийг хүсдэггүйтэй холбоотой. Тэр хүмүүс өөрийн дадсан амьдрах арга, олдог олзноосоо салах дургүй.Тэр олз, хуулийн эрх мэдэлд нь наалдаж, өөрийгөө улс төрд удаан амьд явж чадаж байгаа хүн ч Монголд байна ш дээ. Ц.Нямдоржоос эхлээд. Хэзээ ч хуулийн салбарт томоохон өөрчлөлт хийх гэж оролддоггүй. Байгааг нь л додомдож, нөлөөтэй хэдэд нь сайн хүн болж үлдэх гэж оролддог. Тэрний гайгаар Монголын хуулийн салбар 20 жил гацлаа. Урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхаж байдаг гаслант хувь заяатай боллоо. 2008 оны долдугаар сарын 1-ний явдлын сургамжийн дараа хуулийн салбарт маш олон шинэчлэл хийхгүй бол явахгүй нь гэдэг ойлгомжтой болсон. Гэтэл харамсалтай нь 13 жилийн дараа буцаад 2008 оны долдугаар сарын 1-нийхээ байдлаасаа ч дор нөхцөл рүү ухарчихсан. Тухайн үед хохирсон иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй л байсан. Яагаад гэхээр Хууль зүйн яам, тэр дундаа Хууль зүйн сайдын лицензээр үйл ажиллагаа явуулдаг учраас өмгөөлөгчид Засгийн газартай, тэр дундаа хуулийн салбарын маргаанд орохгүй байсан. Тиймээс Хууль зүйн яамнаас энэ лицензийг салгаад Хуульчдын холбоо байгуулаад Хуульчдын холбоо өөрсдөө шийддэг болж хувирсан. Гэтэл Ц.Нямдоржийн үед Өмгөөллийн холбоо байгуулаад Хуульчдын холбоог задалж эрх мэдлийг нь буцаагаад хуваачихсан. Цагдааг буцаагаад генералаар удирдуулаад цэрэгжсэн тушаалын хүүхэлдэй болгочихсон. Шүүхийг тахар биш буцаад цагдаа хамгаалдаг нэртэй, гэрч хохирогч нь хамгаалалтгүй, сонгуулийн луйвар, худалдан авалт ил цагаан гээд бүх юм бахь байдгаараа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Авлигыг бууруулж чадах болов уу?

-Авлига бол албан бус, гэхдээ өөртөө маш их мөнгө, ухаан зардаг тогтолцоо. Бас төлбөрийг нь төлчихвөл хамгийн хурдан хөдөлдөг хөшүүрэг. Гэхдээ төлбөр төлж чадах хүнд л ашгаа өгдөг, бусдаас нь бүгдийг хулгайлдаг тийм л тогтолцоо. Тогтолцоотой тогтолцоогоор л тэмцэнэ. Хоосон уриагаар явахгүй. Авлигын нөгөө талд албан ёсны хуулийн тогтолцоо амь тэмцэн зогсож байгаа. Тэр амь тэмцэн зогсож байгаа тогтолцоог зарж иддэг нөхдүүдийг л авлигач гэдэг биз дээ. Тэр тогтолцоог иргэд зарж идэж чадахгүй, харин байгаагаа барж, хахуульдаж тэр байх ёстой тогтолцоог авлигачдаас худалдаж авах гэж оролдоцгоож байна. Татвараа төлнө, дээр нь авлига өгч, авах ёстой үйлчилгээгээ авна гэдэг бол боолчлол л доо. Авлига өгөөд ч авч чадахгүй зүйл их. Авлига гэх мөнгөний уралдаан зарим хүнд авах ёсгүйг нь өгч, авах ёстой нь хохироод үлдэх явдал байнга гарна. Энэ нь дэндүү олон хохирогчтой. Авлигыг хэр хязгаарлаж барьж чадна, төдий чинээ олон хүмүүсийн итгэл, бүтээлч байдал нэмэгдэнэ. Авлигыг хэдий чинээ бага байлгана, төрийн үйлчилгээ хүн бүрд хүртээмжтэй, хууль иргэн бүрд алагчлалгүй болж эхэлнэ. Тиймээс Авлигатай тэмцэх үйл явц бол соёлт хүн төрөлхтний заавал хийх ёстой ажил. Монгол Улс авлигатай тэмцэх Засгийн газрын чиг үүрэг, эрх мэдлийг байхгүй болгоод удаж байгаа. Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилсан, тусгаар улс болгон Засгийн газар нь өөрөө эрх мэдлээ авч авлигын эсрэг ажилладаг. Миний бодлоор Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэл бодитойгоор гурван чиглэлд өөрийнхөө эрх мэдлийг авч хэрэгжүүлж эхлэх ёстой. Энэ нь авлига, хүний эрх, шударга ёсны асуудал. Манайх хүний эрх, шударга ёс, авлигын асуудлаа Засгийн газраасаа гаргаад тавиад туучихсан. Дэлхийн улс орнууд Засгийн газар дээр түшиглэсэн авлигатай тэмцэх бодлогын хувилбарыг нийтлэгээр явуулж байхад манайх эсрэгээр нь яваад олон жил болж байгаа.

Ядаж энэ бодлогын ялгаагаа харж байвал сайн л байна. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол судалгаа сайтай, алсын хараатай, цогц бодлого л хэрэгтэй дээ. Зарим асуудал дээр Үндсэн хуулийн түвшинд өөрчлөлт хийх шаардлага ч гарах байх.

Хууль зүйн яам, дотоод хэргийн яамаа салгах, прокурорын тогтолцоогоо өөрчлөх, төвлөрсөн эрх мэдлүүдийг задлах, төрд шаардлагагүй чиг үүргийг шилжүүлэх, үр дагаварт нь сүржигнэдэг бус процесст нь зөвлөдөг мэргэжлийн хяналт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх, ойлгомжгүй, ухаалаг бус дүрэм журмуудыг халах, шаардлагагүй шат дамжлагуудыг алга болгож, үр ашиггүй төрийн зохион байгуулалтыг өөрчлөх гэх мэт АТГ-ын хийдэггүй зөндөө л ажил байна. АТГ гэснээс гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг чинь Засгийн газрын үндсэн ажил ш дээ. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн хийх ажил огт биш. Ер нь ямар ч үед Ерөнхий сайд зоригтой урагшаа алхахад салбарын сайдууд нь дагаад урагшаа зоригтой алхдаг л юм. Ерөнхий сайд нь дүлгэнээд байвал бусад нь ч хойшоо ухарч, дов довныхоо ард л нуугдана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоригтой манлайлал гаргаж байгаа бол сайн. Харин шоу хийх гэж байгаа бол нөгөө шударга ёс гэдэг шиг нь авлига гэсэн гарчигтай шоу төдий л юм болно. Одоо Монголд шинэ сэдэвтэй социалист уралдаан хэрэггүй л дээ.

-Ковидын нөхцөл байдал манайд хүнд байна. Коронавирусийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна вэ?

-Засгийн газар ковидын үед ард иргэдээ хамгийн их алдагдалтайгаар давуулж байгаа. Ашгаа бол дарга нар нь хийчихсэн байх. Ямар ч байсан тэд эдийн засгаа хумьчихсан. Ажлын байруудыг өм цөм байхгүй болгочихсон. Бизнес хийх битгий хэл зээл, түрээс хоёроо яах уу гээд зарим иргэд орон байраа алдахдаа хүрсэн. Санхүү мөнгөний хувьд хүмүүсийн боломж нийтлэгээр багасчихсан, дундаж анги нь байсан цөөхөн хадгаламжаа идээд дуусгачихсан. Дээр нь бүх юмны үнэ өсчихсөн. Ядаж байхад зөв менежмэнт хийгээгүйгээсээ болоод эрүүл мэндийн салбарынхны хамаг хүчийг тарамдаад залхаачихсан. Хүнд хэцүү нөхцөл тулаад ирэхэд улс орны хэмжээнд ямар ч бэлтгэлгүй, мөнгөгүй, хамаг нөөцөө наана нь тоглоод устгачихлаа. Нөгөө талд төсөв нь ковидод зориулагдсан уу гэвэл үгүй. Харин иргэнээ хорьсон энэ хугацаанд сонгууль дамжсан авлига л гаарлаа. Хүн бүр нэг ийм дүгнэлт хийж байгаа биз дээ.

Онцлох нийтлэлүүд