Цаг үе
2014.06.02 12:06

Х.Тэмүүжин: Хүний амиар тоглох хүртлээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна


Хууль зүйн сайд Х.Тэмүү­жинтэй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн талаар ярилцлаа.
-Нийгэмд хүлээлт үүсгэ­сэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эрүүгийн болоод Захиргааны хэргийн тухай хуулиас ямар давуу бодлогыг хуульд шингээсэн бэ?
-Захиргааны хариуцлагын болоод Эрүүгийн хууль нь хоёр өөр зохицуулалттай юм шиг хэрнээ олон зүйл дээр давхацсан байдаг. Хоорондоо зөрчилтэй хууль байх нь хуулийн үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад маш их бо­лом­жийг олгодог. Авлига, хээл хахууль, танил тал, хувийн ааш аягаа ч гаргах боломжийг олгосон гэсэн үг. Тиймээс зөвхөн Эрүүгийн хуулийг өөрчилж байна гэж харж болохгүй. Жишээлбэл, Захиргааны хариуцлагын бо­лон бусад хуулиудад энэ заалтыг зөрчвөл тийм хариуцлага хүлээлгэнэ гээд биччихсэн хэрнээ бусад 220 хуульд яг тэр заалтаа өөр шийтгэлтэйгээр томъёолоод оруулчихсан байдаг нь төвөг­тэй байлаа. Жишээ нь Эрүүгийн хуульд “баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино” гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд “Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэг үйлдэлд хоёр өөр шийтгэл оноохоор хуульд тусгачихсан нөхцөлд хуульч яаж ажиллах вэ гэдэг асуудал босно. Өөрт нь таалагддаг хэсэг бүлэг, танил талдаа хөнгөн шийтгэлтэйг нь, таньж мэдэхгүй, мөнгө төгрөггүйд нь хүнд шийтгэлтэй хуулийг нь ашиглах боломж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүнд шийтгэлтэй хуулиа барьж аваад “Чамайг гурван жил хорино” гэдэг. Тэгэхээр иргэн гурван жил шоронд суухгүйн тулд танил талаараа яриулж, хахууль өгөх гэж оролдоно. Ингээд хууль хэрэгжүүлэх бус, хувь хүмүүсийн хоорондын яриа өрнөнө. Тохирч чадвал 50 мянган төгрөгөөр торгоно, чадаагүй бол гурван жилийн ялыг нь өгөөд явуулдаг. Ийм ойлгомжгүй, тодорхойгүй, дур зоргоороо аашлах хуулийн тогтолцоо манайд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан. Хууль батлагдвал хоёр гараар иргэдтэй харьцдаг хуулийн байгууллагын ажиллагааг таслан зогсоох боломжтой.
-Эрүүгийн хуулийг хэт шоронжсон гэж шүүмжилдэг. Гэмт хэргийн тухай хуульд ялын бодлого яаж тусч байгаа бол?
-Эрүүгийн тухай хуульд маш их шүүмжлэл байсан. Нэгдүгээрт нь шоронжуулсан бодлоготой, өчүүхэн жижиг алдаа гаргасан залуу үеийн­хэнд хамгийн хатуу хууль юм. Хоригдлуудын ихэнх нь залуус байна. Дийлэнхдээ танхайн хэргээр орсон байдаг. Яагаад гэвэл хууль нь ийм хатуу. Шүүгчдэд ямар ч боломж олгоогүй. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гээд ангилчихсан. Үүнээс болоод шүүхийн шийдвэр гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч гаргахаасаа илүүтэй ялыг механикаар тулгадаг. Шүүхэд боломж олгоогүй, ялын бодлогыг хэтэрхий хайр­цагласан байгаа нь шоронжсон нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шаард­лага болсон. Нэг хэрэгт 5-8 жил өгөх бус, 3-8 жил өгөх гэх мэтээр ялын дээд, доод хэмжээг дэлгэж өгсөн.


-Шинээр маш олон гэмт хэргийн заалтууд олон орсон, энэ нь эргээд нийгмийг шоронжуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна билээ?
-Шинэ төрлийн гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хууль үнэхээр зүйлчилж чадахгүй байна.
Товчхондоо улс дамнасан зохион байгуу­лалттай гэмт хэрэг гэх мэт үзэгдлүүдийг зүйлчилж ха­риуцлага тооцо­ход Эрүүгийн хуулийн хүч, нөөц нь хүрэхгүй байгаа юм. Үүнийг өөрчилж, зүйлчилж өгсөн. Бас нэг асуудал байсан нь үнэт зүйл. 1990 оноос хойш бид шинэ нийгэм рүү орсон ч шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалдаг хууль тогтоомжтой болсон уу гэвэл үгүй. Энгийн нэг жишээ дурдахад “нэр төр гутаах” гэдэг асуудал хувь хүнд байдаг болохоос биш төрийн байгууллагад байж болохгүй.
Гэтэл өнөөдөр төрийн бай­гуул­лага миний нэр төрийг гутаалаа гээд иргэдээ шоронд хийх нь холгүй байна. Энэ нь уг хууль социализмын үеийнх шиг хамгийн чухал нь төр, хоёрдугаарт иргэн гэдэг зарчмыг хадгалсны илрэл. Иймэрхүү үнэт зүйл, хандлага, зарчим гээд олон зүйлийг өөрчлөхийн тулд Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага байсан.
Захиргааны хариуцлагын тухай хуульд иргэн захиргаа­наас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд торгоно гэсэн байх атлаа хажууд нь төрийн албан хаагч, төрийн байгууллага албан үүргээ гүйцэтгээгүй бол бас торгоно гээд биччихсэн байгаа юм. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй бол цалингийн хувийг хасна, сануулна эсвэл албан тушаа­лаас нь бууруулна, хөөн зайлуулах ёстой. Гэтэл торгуулийн шийтгэл оноохоор заасан нь албан тушаалтныг эргээд “авлига ав” гэсэнтэй адил болж байгаа юм. Дараа­гийн нэг эмгэнэлтэй зүйл нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төр иргэнийг буруутгаад шийтгэж байна. Тэгсэн атлаа иргэний шүүхээр асуудлыг шийдэж байна. Иргэний шүүх хоёр иргэний асуудлыг шийддэг болохоос биш төр, иргэн хоёрын хоо­рон­дох асуудлыг шийддэг газар биш. Энэ бүгдийг бид анзааралгүй урсгалаар нь явуулснаас иргэний эрх хөсөр хаягдаж байна.
-Тэгвэл хувийн өмчийн халдашгүй байдлын тухай ойлголт ямар хэм хэмжээнд туссан бол?
-Аль ч оронд гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигла­сан эд зүйлийг хураадаг. Гэтэл одоо байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт огт хамааралгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон баялгийг нь буюу “хөрөн­гө хураах” ялтай. Гэмт хэргийн тухай хуулиар тэр ял байхгүй болж байгаа. Юу үлдэж байгаа вэ гэвэл хохирол барагдуулах зорил­гоор иргэдийн өмчид халдаж болно, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмч хөрөнгийг нь хураана.
-Сэжигтнийг заавал цаг­дан хорьж байж хэргийг нь шийддэг нь иргэдийн эрхийг ихээр зөрчих, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахад хүрдэг тухай байнга шүүмжилдэг. Үүнийг өөрчилж байгаа гэсэн. Хууль батлагдвал “Ганц худаг”-т хүн үлдэхгүй гэсэн үг үү?
-Гэмт хэргийн тухай хууль Өршөөлийн хууль биш. Гэмт хэргийн тухай хуулиар зарим нөхдийнх нь ял багасна. Гэмт хэргээс зөрчил рүү орсон зүйлчлэлтэй бол суллагдана. Тэгэхээр бүгд гарна гэсэн үг биш. Зарим төрлийн гэмт хэрэг дээр хуучин ялын бодло­гыг хадгалж үлдэж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг дээр л гэхэд хуучин ялын бодлого хэвээрээ байгаа. Мөн Гэмт хэргийн тухай хууль гарах­тай холбогдуулаад өршөөл үзүүлэх, Өршөөлийн тухай хуулийг гаргах асуудал яригдана. Харин сэжигтнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй байж хугацаагүйгээр хорьдог байдал өөрчлөгдөж байгаа. Юу юуны туханд хүрэл­гүйгээр цагдан хорьж, тэгээд гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж байж шийтгэдэг зөвлөлт маягийн энэ арга барилаас татгалзана. Цахим гав, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг нь хязгаарлах гэх мэт шинэ төрлийн ялтай болж байгаатайгаар холбоотойгоор хүнийг заавал цагдан хорьж байж хэргийг илрүүлэх шаард­лагагүй болно. Цагдан хорьж байгаа гол шалтгаан бол мөрдөн байцаах үйл ажил­лагаанд саад учруулах, оргон зайлах магадлалтай гэсэн хоёр үндэслэл байгаа шүү дээ. Энэ шалтгаанаар бүгдийг нь хоморголон хорьж байгаа. Электрон гавыг нэвт­рүүлчихвэл тэр хүнийг хаана явж байгааг нь араас нь хөөцөлдөлгүйгээр мэдэж чадах учраас оргон зайлах боломжгүй болж байгаа юм.
-Урьдчилан саатуулах хугацааг ямар хэмжээнд тогтоож өгч байгаа вэ?
-Бидний гол зорилго бол буруутгагдаж байгаа хүнийг барьж хорьж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх бус, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хуулийн байгууллага өөрөө нотлох ёстой. Социализмын үед гэмт хэргийг нотлох эхний арга техник нь хүн гэм буруугаа хүлээх гэж үздэг байсан. Зодож байгаад ч болов гэм буруутай гэдгийг нь хүлээлгэчихвэл баттай нотоллоо гэж үздэг. Ардчилал хөгжсөн орнуудад гэмт хэргийг өөрөөр нь нотлуулахыг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үздэг. Тэгэхээр хуулийн байгууллага өөр бусад нотлох ажиллагааг хийх ёстой. Тэгэхийн тулд шинжлэх ухаан, нотлох онол, хууль сахиулах байгууллагын арга барил өөрчлөгдөж байгаа. 


-Хамгийн их шүүмжлүүлж байгаа заалт нь 14 настай хүүхдэд ял эдлүүлэхээр болсон асуудал юм шиг?
-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ял эдлүүлэх нас 16-аас эхэлж байгаа. Зарим хүнд хэрэг дээр 14 наснаас эхэлдэг. Үүнийг ний­тээр нь 14 нас руу буулгасан нь гэмт хэргийн орчинд хүмүүжиж бай­гаа хүүхдүүдтэйгээ хуулийн байгууллагууд өөрсдөө ажил­ла­хыг шаардаж байгаа юм. Нас нь болоогүй гээд ялгүй гаргачихаар тэр хүүхэд 16 нас хүртлээ нөгөө гэмт хэргийнхээ орчинд амьдраад мэргэжлийн хулгайчийн хэмжээнд оччихож байна. Товчхондоо өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдэд ялыг яаж оноох вэ гэдэг тусгай бодлого байгаагүй. Насанд хүрсэн хүнтэй яг адилхан ял оноодог. Харин Гэмт хэргийн тухай хуульд үүнийг тусгайлан зааж өгсөн. Жишээ нь хүүхдийг хорихдоо том хүнтэй ижил шоронд аваачаад хийдэг бай­сан бол Гэмт хэргийн тухай хуулиар хаалттай тусгай дунд сургуульд хүмүүжүүлэхээр заасан. Заавал нийгмээс нь тусгаарлахгүйгээр өөр бод­логоор гэмт хэргээс нь холдуулахаар ялыг зүйл­чил­сэн. 14 нас болгож бууруулсан маань хүүхдэд аюултай гэхээ­сээ илүү хүүхдийг цаашид аюултай замд орохоос нь хамгаалах арга юм.
-Танхайн хэрэг яагаад хуульд байхгүй болчихов гээд Ц.Нямдорж гишүүн асуугаад байсан. Үйлдэл тус бүрээр нь зүйлчилж өгсөн гэсэн үг үү?
-Танхайн гэмт хэрэг гэж байхаа болино. Хамгийн гол нь танхай гэдэг нь бүхнийг оруулж болдог уут юм. Социализмын үед иргэдийг төр засгийнхаа эсрэг босгохгүй, хянаж цагддаг тэр хэлбэрээ эвдэхгүйн тулд “танхай” гэж зүйлчилдэг бай­сан. Одоогийн хуульд тан­хайтай холбоотойгоор гэмт хэрэг гэж үзэж болох гурван л зүйл бий. Хэн нэгэн агсам согтуу тавьж бусдын биед гэмтэл учруулсан бол, бусдыг өмч хөрөнгө, эд зүйлийг эвдэж, устгасан бол, олон нийтийн амгалан тайван байдлыг алдаг­дуулсан бол гээд  хуульд тусгачихсан бай­гаа. Энэ гурван үйлдэл нь гэмт хэрэг мөн гээд зүйлч­лэгдчихээд байхад дахиад “танхай” гэж бүхнийг чихдэг уут байж болохгүй. Хүнийг тодорхой зүйлээр, үйлдлээр нь буруутгах ёстой.
-Эрүүгийн хуульд ял авахаар зүйлчлэгдсэн, одоо зөрчил болоод торгохоор заачихсан асуудлуудыг УИХ-ын гишүүд шүүмжилж сонсогдсон?
 -Хуулийг бүтэн унших ёстой. Жишээ нь хууль бусаар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой нэг хэсэг асуудал нь Гэмт хэргийн тухай хууль дээр бичээтэй байна. Харин зөрчил рүү орсон хэсэг нь журам зөрчсөн тохиолдлууд байх юм. Жишээлбэл, би хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй. Гэтэл галт зэвсгийг яаж хадгалах вэ гэдэг журам байна. Буу нь битүүмжлэгдсэн хайрцганд сумнаасаа тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчил гэж үзээд торгоно. Харин гэмт хэрэгтэй холбоотой асудал үүссэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ.
-Гэм буруугаа хүлээвэл ялаас чөлөөлөгдөх үү?
-Гэмт хэргийн тухай хуулийн хамгийн дэвшилттэй бас нэг асуудал бол хохирол барагдуулах асуудлуудыг нэлээд түлхүү оруулж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим төрлийн гэмт хэрэг дээр хохирсон иргэн хохирсноороо үлдэж, хохироосон нөхөр нь шоронд яваад алга болчих­дог. Аль аль нь асуудлаа шийдүүлэлгүй, нэг нэгнээ үзэн ядсан хэвээрээ үлддэг. Үзэн ядсан харилцаа буг­шаад ирэхээрээ нийгмийг зөр­чил­дөөн­тэй, харгис болгодог. Энэ бүхнийг зохицуулахын тулд хохирлыг барагдуулах тухай нэлээд заалт оруулж ирсэн. Жишээ нь гэм буруугаа өөрөө хүлээвэл гэдэг заалт. Би буруутай гэж хэлбэл ялын хэмжээ нь доошоо буудаг шинэ тогтолцоо бий болж байгаа. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулаад бараг ялгүй үлдэх үү, эсвэл буруугүй гэж зүтгэсээр байгаад эцсийн дүнгээ харах уу гэдгээс сонгол­тоо хийж болно гэсэн үг. 


-Шүүх хурлын үе шат бас өөрчлөгдсөн гэж яригдаж байсан?
-Анхан шатны шүүх хурал л гэхэд дөрөв салж байгаа. Баривчлахдаа шүүх хурал хийнэ. Нотлох баримтын шүүх хурал, гэм буруугүйн шүүх хурал, ял оноох шүүх хурал гэж тусдаа явна. Ингэж ялгаж зааглаж байж ял завшихгүй байх боломж бүрдэнэ. Ийм систем бүрдээгүйгээс бараг бүх хэрэг давж, заалдах, дээд шүүх рүү явж байна. Сүүлийн үед хэн нэгэн өөрийн талд асуудлыг шийдүүлэхийн тулд дээд шүүхийн 15 шүүгчийн нэгийг нь таньдаг байхад хангалттай гэдэг зарчим хүр­тэл гарсан байна.
-Авлига өгсөн, авсан этгээ­дүүдэд ямар хариуц­лага ирэх бол?
-Авлига авна гэдэг гэмт хэрэг. Харин тодорхой тохиол­долд авлига өгсөн талыг нь гэм буруугүйд тооцно. Жишээ нь, иргэд газрыг өмчилж авах хууль ёсны эрхтэй. Өмчлөөд авах гэтэл төрийн албан тушаалт­ны хүнд суртал, ойл­гомж­гүй байдлаас нь болоод өмчилж чадахгүйд хүрч, арга ядахдаа гарыг нь хүндрүүлж байна. Ингэж хууль ёсны эрхээ эдлэхийн тулд иргэн хахууль өгсөн гээд гэмт хэрэгтэн болж болохгүй. Харин авах ёсгүй үйлчилгээгээ авахын тулд төрийн албан хаагчид авлига өгсөн байвал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийгээ илчлээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ.
-Гэт хэргийн болон Зөрч­­лийн хууль гарснаар хоригдлуудын хэдэн хувь нь суллагдах бол гэдгийг нийгмийн нэг хэсэг хүлээж байх шиг?
-Ямар гэмт хэрэг үйлдсэ­нээс нь шалтгаална. Мэдээж ялын бодлого зөөлөрч байгаа. Нөгөө талд нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг тодорхойлох шинж чанар нь илүү иргэншсэн, ухаалаг болж байгаа. Энэ зохицуулалтын үндсэн дээр одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 40 орчим хувь нь суллагдана. Үлдсэн хоригдлуудынх нь ял багасна. Ийм байдлаар үр дүн гарна.     
-Ярилцлагын сэдвээ­сээ хазайхад хорих байгуул­лагуудад хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүний амь эрсэдлээ. Энэ явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Цагдан хорих төвд нэг иргэн нас барсан. Үүнтэй холбоотойгоор шал­гал­тууд хийгдэж бай­на. Буруутай, хариуц­лага алдсан гэж үзэж байгаа албан тушаалтанд хариуц­­лага тооцно.
Гэхдээ шууд хувь хүмүүсийг буруутайд тооцмооргүй байна.
Яагаад ийм нөх­цөл үүсээд байна вэ гэд­гийг харах ёстой. Хуулийн болон хуулийн бус алдаанууд байна.
Хүнийг бариад, цагдан хориод түүнийхээ дагуу гүй­цэтгэх ажиллагаа явуулж буруутай гэд­гийг нь нотлох арга бари­лаа­саа салахгүй бол хуулийн байгууллагууд бүгд хүнийг барих донтой болчихсон байна. Хоёрдугаарт нь цагдан хорьж байгаа нөх­цөл байдал нь эрүү­дэн шүүх хэв маяг руу орчихож гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс арга­гүй байна. Хүнийг мэдээлэлгүй, гэр бүл, амьдралаас нь тасал­чихаад тэр бухимдал дээр нь тоглодог, түүгээр нь дамжуулж ар гэрийнхнийг нь дарамталдаг байдал газар авчихсан байна. Энэ бүгдийг таслан зог­соох ёстой. Урт хугацаа шаардагдах ч хийх л ёстой. Гэмт хэргийн хуулиас гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд энэ тухай заалтууд орно. Мөн ял эдлүүлэх, цагдан хорих үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулах ёстой.
-Дээрээс тушаал өгсөн гэдэг шалтгаанаар эмчилдэггүй ойлголтыг яах вэ?
-Хэн тушаал заавар өгсөн талаар тодруулах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотроо тийм тушаал өгсөн асуудал бол байх­гүй байх. Хамгийн гол нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх бай­гууллага айдас үйлд­вэр­лэж ажиллах арга барил руу орчихлоо. Манай бай­гууллагын аваачиж хийсэн хүнийг тэгсэн байх юм бол өөр дээр чинь хэрэг үүсгэнэ шүү гэдэг ч юм уу. Аман сүрдүүлгээр ийм асуудал үүсгэх болж. Яах аргагүй араас нь тийм ажиллагаанууд явагддаг. ШШГЕГ-ынхан хуулийн дагуу ажиллаж байтал “бидэнд таалагдахгүй байна” гэсэн шалтгаанаар араас нь хэрэг үүсгэх гэж хөөцөлдөх, заналхийлэх тохиолдол байна. Энэ нь эцсийн дүнд хүний амиар тоглох хүртэл хуулийн байгууллагын үйл ажил­ла­гааг гажуудуулж байна. Үүнийг засах ёстой. Хатуу хандах ёстой. Нөхцөл байдал тодорсны дараа хариуцлагыг нь үүрүүлж, өөрчлөх асуудлууд байвал бүхнийг хийнэ. ШШГЕГ руу би зохих хэм­жээ­ний шийдвэрийг явуулсан.   
-Одоо танай Засгийн газрын хувьд нэлээд хүнд үеийг туулж байна. Эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан нь Засгийн газар гэж сөрөг хүчин шүүмжлүүлж байна. Та кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?
-Эдийн засгийн энэ хүндрэл сүүлийн нэг хоёр жилийн дотор бий болсон зүйл биш. Бид уул уурхайтай холбоо­той, гадны хөрөнгө оруулалт­тай холбоотой таатай жижигхэн “цонхон” дээрээ үнэхээр тэнэг авирласан. Тэр мөнгөөрөө ирэх эрсдэлийг зохицуулах, баялаг бүтээх, бизнес эрхлэлтийг дэмжих бус нийгмийн халамж руугаа тараагаад дуусгасан. Бүр олж байгаа орлогоосоо ч бус, нэмж зээл аваад тараасан. Тэр зээлийг дарахын тулд өнөөдөр энэ эдийн засгаа шатааж байна. Хоёрдугаарт нь популистууд худлаа эх оронч царайлж олон нийтэд таалагдах гэснийхээ золиосонд эх орноо, бодит эдийн засгаа шатааж дууслаа. Гадны хөрөнгө оруулалтыг хөө­лөө. Олон төсөл хөтөл­бөр, компанийг зог­соо­лоо. Эдийн зас­гийн цус сэлбэлтийг бооми­лоод хаачихлаа. Боомил­чих­сон тохиолдолд тэр эдийн засаг үхжих нь ойлгомжтой. Үхжээд ирэхээр нь энэ хэний буруугаас болов гэж үсчих нь зохимжгүй. Тэгэхээр нь оношийг нь зөв тавих ёстой. Улстөржсөн нүдээр хараад байвал онош зөв тавигдахгүй.
Нэг ийм хошин шог байдаг шүү дээ. Асуудал тулгарахад шийддэг гур­ван арга байдаг. Асуудал юу байна гэдгийг хараад, юунаас болов гэдгийг нь олоод, асуудлаа шийд­чихээд цаашаа явдаг нэг арга байна. Асуудал байна, байхгүй гэж баахан хэрэлдэж байс­наа “асуудал байхгүй боллоо” гээд пиар хийгээд цаашаа явдаг бас нэг арга байна. Гуравдугаарт энэ асуудал хэнээс болов гэж зодолдож байгаад буруутныг олоод тэрийгээ цаазалчихаад цаашаа явдаг бас нэг арга зам байна. Энэ гурван арга замын алинаар нь явах вэ гэдгийг бидний ухаан л шийднэ.

Л.МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд