Нийгэм
2021.02.24 01:02

​Цагдаагийн ээлжит “сайн ах” ажиллагаа явагдав бололтой


Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад цагдаагийнхан “сайн ах” нэртэй ажиллагаа явуулж огцруулж байсан. Энэ ажиллагаанд биеэ үнэлэгч ашигласан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нэр бүхий гурван шүүгч, АТГ-ын ажилтан нарын дуулиан шуугиан болсон бичлэг цагдаагийн ээлжит “сайн ах” ажиллагаа бололтой.

Яагаад “сайн ах” ажиллагаа гэж үзээд байна гэхээр хуучин Х.Тэмүүжинд хэрэглэсэн арга шигээ биеэ үнэлэгчийг ашигласнаараа төстэй байгаа юм. Учир нь тэнд улстөрчдийн “гар хөл” болсон АТГ, шүүгч, ҮАБЗ, өмгөөлөгчид уулзалдсан. Цагдаагийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулж мэдээлэл өгдөг болоод удаж байна. Энэ бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа улсууд энэ албаныхаа ард нуугдаад нийгэмд ил гардаггүй юм аа. Тэд залуусыг ажилд авч тэднээр өөрсдийнхөө хийсэн булхай, луйврыг хэлүүлдэг болсон. Ингэж гар хөл болж байгаа залуучуудын ирээдүй бүрхэг болсон. Нийгэмд ахиц дэвших шаансгүй болчихдог. Ерөнхийдөө цагдаа болон хүчний байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагаараа улстөржсөн ажиллагаагаа хийлгэдэг гэсэн үг.

Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хүчирхийлэл хийдэг байдал аль дээр үеэс эхтэй. Саяных ч юм биш. Үүний нэг жишээ, тухайн үедээ Ё.Отгонбаярын эхнэрийн дансанд 300 сая.ам доллар байршиж, мөнгө угаасан байж болзошгүй талаар бөөн шуугиан дэгдэж байв. Гэтэл энэ нь худлаа байж таарсан. Угтаа зориудаар тархи угаалт явагдсан. Энэ бүгдийг цагдаа хүчний байгууллага хэвлэл мэдээллийн албаараа дамжуулдаг болоод удаж байна. Хэвлэл мэдээллийн албаа сошиал сүлжээтэй холбоод өгчихсөн учраас аливаа нэг ажиллагааг нийгэмд үүгээрээ сэвүүлж, шүүх шийдвэр гаргахаас өмнө ард түмэнд өөрсдийнхөө гаргах шийдвэрийг танилцуулдаг болгочихсон. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар шийдвэр гарахыг урьдчилаад хүмүүст үнэмшүүлдэг. Саяын гурван шүүгчийн шуугиан дээр ч ийм зүйл давтагдлаа. Учир нь ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү шүүгчдийг биеэ үнэлэгч авсан гэж шившиглэсэн. Шүүхээс түрүүлж хэн нэгнийг буруутгаж болохгүй. Энэ бол шүүхийг атгасан бүдүүлэг үйлдэл. Энэ бүгдээс харахад Ерөнхийлөгчийн талын шүүгчдийг намнах цагдаагийн “сайн ах” үйл ажиллагаа эхэлжээ гэж дүгнэхээр байна.


Б.НОМИН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд