ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.10.25 11:10

Цагдаа алуулдаг байснаас алдаг байсан нь дээр

Монголчууд их эртнээс “Эрийн муу цагдаа” гэж ойр зуураа хэлж ярьсаар ирсэн. Энэ сэтгэлгээ Манжийн үеэс эхтэй байх гэж боддог юм. Гадны улсын хараан дор аж төрсөн он жилүүдэд цагдаа нар яах нь тодорхой. Харийн орны хуулийг дагаж мөрдүүлж явсан байж таарна. Ер нь ямар ч хүн хуульд захирагдах дургүй, эрх зоргоороо байхыг илүүд үздэг мөн чанартай. Ийм мөн чанартай, тэгээд дээр нь харь улсын хараан дор амьдарч, зохиож баталсан хуулийг нь мөрдөж дагана гэдэг хүсэхээр зүйл биш. Тэгээд л эрийн муу цагдаа гэсэн хандлага гаарсан хэрэг. Социализмын үед ч ялгаагүй. Цагдаа нарт хандах хандлага хөндий хүйтэндүү хэвээр үргэлжилсэн. Шууд нэг улсын хараа мэдэлд биш хэр нь ганц улсаас хамаатай амьдарч байсан учраас “Эрийн муу цагдаа” гэсэн эртнээс улбаатай хандлага төдийлөн эерээгүй. Цагдаагийн тухай энэ мэт сөрөг аяс сүүлийн жилүүдэд харин мартагдах зүг рүүгээ эргэсэн. Учир нь сүүлийн 28 жилийн турш монголчууд төрийн эрхээ өөрсдөө барьж буй. Ямар нэгэн улсын эрх, хүсэл, хараан дор аж төрөөгүй он жилүүдэд цагдаа нарын нэр хүнд өсч байгаа нь бодитой үнэн. Өөрсдөө дэг журмаа тогтоож, тогтоосон дэг журмынхаа дор амьдарч яваа учраас “Эрийн муу цагдаа” гэсэн үг элэрч баларч байна. Хүйтэн халуун ямар ч үед замын түгжрэлийг зохицуулж зогсдог, согтуу хөлчүү жолооч нарыг илрүүлж эрдэнэт хүний амь сүйдэхээс сэргийлж явдаг замын цагдаа нарын тухай эерэг сайхан түүх өчнөөн дуулддаг. Үхэл, аюултай нүүр тулдаг эрүүгийн цагдаагийнхны ажлын хүнд хүчрийг амьдралаараа, биеэрээ мэдэрсэн улс хэдэн мянгаараа бий. Цагдаа нарыг эерэгээр харж ойлгохоор жишээ барагдахгүй л дээ.

Аливаа зүйл хоёр талтай. Цагдаа нарыг муухай харагдуулдаг шалтгаан, мэдээ мэдээлэл ч цөөнгүй дуулддаг. Төр засгийн үлбэгэр сул байдал, ашиг хонжоогоо нийгмийн эрх ашгаас дээгүүрт тавьдаг бүлэглэлүүдийн зөрчил, тэр бүлэглэлүүдэд үйлчилж буй, үйлчлэхээс аргагүйд хүрдэг цагдаа хүчин, хөрөнгөжсөн хурандаа нар гэж ирээд яривал цагдаагийн нэрийг унагасан түмэн өнгө анзаарагддаг. Ийм шалтгаануудаар цагдаагийн нэр хүнд нийгэмд унаж байгаа нь мөн л үнэн.

Сүүлийн үед цагдаа амиа алдлаа гэсэн мэдээ давтамжтай дуулдах боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан амиа алдлаа. Тэрбээр энэ сарын 15-нд албан үүргээ гүйцтгэж явахдаа сэжигтэй машиныг зогсоож шалгахад машиныг жолоодож явсан залуус зугтахыг оролдсон, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг алдахгүйн тулд машинаас нь зүүгдэж, цонхыг нь хагалах гэж оролдсон ч харамсалтайгаар осолдож амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хөвөрсөн юм. Дөрвөн хүүхдийн аав, дөч гаруйхан настай цагдаа залуу өнөөдөр бидний дунд алга.

Одоогоос таван жилийн өмнө Ховд аймгийн Булган суманд хорьхон настай цагдаа залуу гэмтнүүдийн гарт амиа алдаж байв. Цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг зэвсэглэсэн этгээдүүд буудаж хөнөөсөн юм. Тухайн үед цагдаагийн гурван албан хаагч Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа “Бүрэн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоож эвдэрснийг анзаарсан байдаг. Хулгай орсон байх гэж сэжиглэсэн цагдаа залуус өнөө дэлгүүрт яваад орж. Дэлгүүр тонож байсан буутай хүмүүс цагдаагийн аминд хүрсэн нь тухайн үед шуугиан болоод өнгөрч байв. Согтуу иргэнд арав гаруй удаа хутгалуулж амиа алдсан цагдаагийн түүх ч хуучраагүй, өнөө ч сэтгэл эмзэглүүлдэг.

Согтуу иргэний хүйтэн мэсэнд өртсөн, галаас хүн аварч яваад амиа алдсан, хэмжилт хийж яваад машинд дайруулж орчлонгооос буцсан гэх мэт ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан цагдаа нарын тоо 70 хүрсэн гэсэн статистик дуулдаж байна. Бүр тодруулж хэлбэл 1961 оноос хойш 18-35 насны 70 орчим албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн тоог өнгөрсөн долдугаар сард цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Энэ бүхнийг эргэж шүүгээд бодоход Монголын цагдаа гар нүцгэн учраас аюулын өөдөөс яаж ч чадахгүй амиа алдаж байна. Бусад улсын цагдаа нар шиг буутай явдаг байсан бол “Цагдаа амиа алдлаа” гэсэн гунигтай мэдээ байсхийгээд цацагдахгүй. Хуулийн дор амьдардаг нийгэм дэг журамтай, цэгцтэй, амьдрахад аятай тухтай, хөгжил нь дажгүй байдаг нь хүн төрөлхтний түүхийн жам. Хуулийг хэрэгжүүлж мөрдүүлдэг цагдаа нар нь хүчтэй, зэвсэгтэй байж жинхэнэ хууль сахиулагч шиг харагдаж үнэлэгдэнэ. Иргэд нь хуулиа тоохгүй, цагдаагаа үл хүндэтгэдэг улс орныг хүний нийгэм цогцлоосон гэхэд хэцүү. Тийм орчинд адгуусны нийгэм л бүрдэнэ. Тэгэхээр цагдаа нараа гэмтний өөдөөс зоригтойгоор сөрөөд орох чадалтай болгоё. Бүр тодруулж хэлбэл буутай болгоё.

Америкаас эхлээд дэг журмыг эрхэмлэсэн ямар ч улсад цагдаа нар нь буутай явдаг. Америкт хэн нэг цагдаа хүн буудаад хөнөөсөн тохиолдол сонсогдож л байдаг. Тэр тохиолдолд “Цагдаа эрхээ хэтрүүлээд хүний амь эрсэджээ” гэсэн мэдээлэл цацагддаг. Хэзээ ч цагдаа хүн буудсан нь буруу хэрэг боллоо гэсэн утгатай мэдээ цацагддаггүй. Цаад шалтгаан нь өөр учраас тэр л дээ. Гэмт хэргийг зогсоох гэж яваад хэн нэгнийг буудахаас аргагүй байдалд хүрсэн бол яах ч аргагүй гэдгийг соёлт хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Гадаадын ямар ч улсад цагдаа нь буудах эрхтэй, гэмт оролдлогыг бүр боломгүй үед буугаар зохицуулах эрхтэй байхад Монголын цагдаа л гэмт этгээдүүдэд буудуулж, хутгалуулж, дайруулж амиа алдсаар байна. Ардчилсан нийгэмд цагдаа алуулж байснаас, цагдаад алуулж байсан нь илүү дээр шийдэл гэдэг юм билээ. Улс орнуудын түүхийг харах нь ээ амьдралд батлагдсан үнэн л дээ.

Ц.БИЛИГ

Онцлох нийтлэлүүд