ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.03 11:10

Цагдан хоригдогсод өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болов

Цагдан хоригдогсдын эрх зөрчигдөж, өмгөөлөгчтэйгээ ч уулзах боломж олддоггүй гэх гомдол ХЭҮК-т, Монголын өмгөөлөгчдийн холбоонд байнга ирдэг байна. Тэгвэл дээрх байгууллагууд хүний эрхийг бүх талаар зөрчихгүй байх хүсэлтийг Цагдаагийн газар, ШШГЕГ-т удаа дараа илгээж байжээ. Энэ хүсэлтийн дагуу ШШГЕГ, Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр цагдан хоригдож байгаа иргэн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болж байгаа юм. Манай улсад цагдан хорих 26 газар бий. Тэнд 3000-4000 гаруй хүн саатуулагддаг аж. Тэдэнд өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах бололцоо олгогддоггүй гэнэ. Иймд олон сараар өмгөөлүүлэх эрхээ алддаг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадахгүй байгаагаа мэдэгдсээр байгаа. Дээрх санамж бичиг хэрэгжсэнээр хоригдогсдын гомдол багасч, хүний эрхийн талаарх НҮБ-ын зөвлөмж, олон улсын эрх зүйн актууд мөрдөгдөж буйн илрэл болно гэж хуульчид ярьж байна. Мөн МХХ-ны Ерөнхийлөгч С.Батсүх " Энэ шинэ журмаар өмгөөлөгч, хоригдогч хоёр шилэн хаалтны цаанаас утсаар ярьдаг байдал арилж, шууд биечлэн уулзах боломжтой болно" гэж мэдэгдлээ.

Онцлох нийтлэлүүд