ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.01.14 12:01

“Цагийн зурвас”-ялж төгс амьдрахуй

Бичих бол хүний дээд чадвар гэдэгт үүнийг бичигч эргэлздэггүй. Хүн төрөлхтний үеийн үед үлдээсэн бүхий л сонгодог өв гагцхүү бичиг номын мөрт л үлддэг. Чингэхээр, үг үржүүлж, өгүүлбэр хүрдэлсэн хэнийг ч хүндэтгэх сэтгэл ивлэдэг. Гэвч, энэ гэгээн үйлсэд хуйвлуулагсдад, жинхэнэ бичих, жинхэнэ эс бичвээс орхих гэсэн хоёр сонголт л байх учиртай нь хууль. Ийн,сэтгэл чинадад бодож явах маань үргэлжийн бөгөөд, оюунт уншигч таны өмнө нэгэнт хуудсаа нээсэн энэхэн “Цагийн зурвас”-ын өмнөтгөлд үг хурайлах урам таашаал бүрэлдсэн минь, энэ ном бичигдсэн, бичсэнд л оршино оо. Алив нийгмийн оюун санааны удирдагчид, мэргэн ухаантнууд боловсрол мэдлэг, ёс суртахуун, хорвоог ойлгосон танилт, амьдрал замналынхаа хил-хэлээр үндэстний түүхийг бичиж, яруусгаж, мөн өөрийн эрэмбийг тогтоох билээ. Энэ эн шалгуураар, үндэстний эмэгтэй, хатагтай Жадамбын Цолмон өөрийн түүх, амьдрал үйлсийг өгүүлсэн намтарчилсан цэдигийг Танд толилуулж байна. Энэ нь түүний оюун ухамсар титэмлэсэн ухаарал бодролын үр ном юм. Ж.Цолмон бол улирагч зууны жараад оны сүүлээр социализмын тэргүүн сэхээтний гэр бүлд төрсөн хүн юм. Энэ хувь тавилантайн учир түүний бага нас эмх цэгц, эв хамтач дүүрэн ёс суртахуунт хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн байна. Номыг эхлүүлэн уншихаас төв үзэлч, энэрэнгүй, хүнлэг зөв хүн болон өссөн харгуй зам дурайх. Гэзгээ салаалан сүлжиж, өнгийн тууз зүүж, алдрай жаалхан дүүгээ өргөж тэвэрсэн, өөртөө ахадсан гэмээр хариуцлагыг багаас ухаарсан, ахас ихэсийг дээдлэн хүндэтгэсэн, өвөө эмээгээ халамжлан бүчилсэн зээрэн охины дүр байдал аяндаа тодрон гэрэлтэнэ. Амьдрал ахуйн аар саарханыг хар багаас мэдэрч, аргалын галын үнэр, манант зуслан дахь аавынхаа дан эгэлхэн байшингийн зууханд хуурай зомгол гишүү шажигнан асахын сайхныг санан санан энэхүү номыг бичсэн байна. Алив номоос бичигчийн нь түгээмэл хандлага шууд илэрч байдаг. Энэхүү “Цагийн зурвас”-аас зохиогчийн нь ухаан орон, ертөнцийг тольдсон эхлэх мөчөөсөө сэргэлэн цовоо, гуниггүй хонгор, үргэлжийн гэгээн тэмүүлэл төгс аяс үйл бэлхнээ ажиглагдах ажгуу.

Монголчууд сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээн хэлэлцэн бэлгэддэг ард түмэн. Энэ бэлгэдлийн урь зохирлоор Цолмон бол сайн хүний үр ээ. Хөвсгөл хоймор нутгийн Шинэ-Идэр тоонотын хэдэн үе дамжсэн эрдэмт, оюунт хүний үр сад юм. Уламжлал ёсоо бие сэтгэлдээ дархалсан, нэр төр, үе улбаа нь хэзээнээс хүндэтгэлт өвөөр төгс хүмүүний үр юм. Сайн хүний үр болж төрөх дээд ашид өгөгдөхүүн, өндөр хувь төөрөг. Цолмон сайн эцэг З.Жадамбын ууган хүүхэд, ганц охин нь болж төрсөн хүн. Түүний бага нас ер бусын эгэл сэхээтний гэр бүлд өсөн бойжиж, харин оюун ухаан төлжиж, эрдэм боловсролын уурганд шимтэх цагаасаа дээд хэмээн хэлэхээр хувь зохиолоор явсан гэхэд хилс үл болох билээ. Тэрбээр ийн ойлгогдохуйг таны энэхүү уншин буй номд нэн сайхнаар хүүрнэн өгүүлснийг онцлоход таатай. Энэтхэг бол онцгой сав шимийн нутаг. Тэнд бага наснаас эрдэм ном сурч боловсорно гэдэг түмэн шимт мөчрөөс хөхсөнтэй ижил ойлгогддог. Дэг сургууль, англи хийгээд хинди хэлний мэдлэг эзэмших, шашин соёлыг ойлгох,эгээрч гэгээрэх , амьдралын туйлуудыг хязгаарлан харах гээд өвөрмөц содон орчин. Хамгийн гол нь ертөнц хорвоо, хүмүүний тухай суурь бодомж, оюун дүгнэлтийг жирийнгүйгээр өөртөө болгох нөхцөлийг оршоосон ертөнц гэж эрхгүй бодогддог. Хатагтай Ж.Цолмонгийн энэ номыг уншихад эдгээр бодол маань батжиж, Энэтхэгтэй энхрий багаасаа холбогдон ээнэгшсэн түүний хувь заяа, гэгээрэл боловсролын зам нь яруухан болоод бахархалтайн үлгэрийг уншлаа. Энэ эмэгтэй бол энэтхэг бүсгүйн алтанхан саарийн завсраар булхалзах бэлхүүсээс эхлэх гэгээн дорныг өөртөө шингээсэн, ойлгож ухаарсан хүн юм. Энэ нь чухамдаа их ухаан, эрдэм мэдлэг юм.

“Цагийн зурвас” ном хүүхдийн гэмээр гэгээн энхрий, айзам хэмнэлээр бичигдсэн бүтээл. Хүүхдийн сэтгэлээр, түүний мөрөөдлөөр, түүний жимээр ертөнцийг бүтээх сайхан шиг сайхан үгүй. Ж.Цолмон бол энэ номоо тийм хүүхэдлэг, хонгорхон жаал охин тийм нэг хөөрхөн яриагаар хүмүүс хөгжөөгөөд, хайрлуулан өхөөрдүүлэн бүчүүлж байдаг шиг, тийм илэн далангүй, үнэн ,яриасаг, басхүү хэт тоочмол ч гэмээр хэл хэллэгээр энэ номоо бичсээн. Энэ нь өнөөгийн нийгмийн дэлгэц дэх, тэр тусмаа улс төр , нийгмийн хүн болон төлөвшсөн, басхүү даган дуурайх, сонирхон унших ихээхэн сэжим дагалаг бүхий орон зайтай эмэгтэй өөрөө өөрийнхөө тухай өгүүлсэн машид сонирхолтой, урт,тэгээд амттай бүтээл болсныг харж байна. Төр нийгмийн хүний алдаа оноо, бүх түүх үндэстний өмнө тов тодорхой байх учиртай. Тэгж гэмээнэ түүний тухай бүрэн ойлголт төгсжиж, итгэл бэхжинэ. Энэ үүднээсээ энэхүү ном бол зохиогчоо хамгийн төгс төгөлдөр илэрхийлж буй юм.

Гуниггүй хонгор хэмээх нэгэн үг бий. Энэхүү номыг уншаад энэ үгийг эргэн нэгэнтээ саналаа. Номын бүхий л үе шатад Ж.Цолмон хэмээх хүний алив ямар ч зүйлд үл гуниглах, зориг зорилго чинад,хүсч санасандаа нэгэн чигч байх, юунд үл хоригдох тийм хатуужилт чанарыг олж харав. Гуниггүй, инээмсэглэгч дүр төрх ихэнхдээ үнэн байдаг бөгөөд гэрэл гэгээг дагуулж байдаг. Ялалтын эхэнд, өршөөлийн эхэнд, тэмцлийн эхэнд, мөрөөдөхийнхөө эхэнд инээмсэглэлээр жигүүр хийж, баяр баясалтайгаар хорвоог хөвөрдөх л хүний эрхэм чанар. Энэ нь ажил үйлс, хэтийн мөрийг тэгшитгэдэг. “Цагийн зурвас”-т энэ тэгшитгэлээр бүтээгдсэн амьдралын олон тохиолдол буйг та унших болно оо.

Ачлалт сайхан сэтгэлээ лимбэдэх, тэр л сэтгэлээрээ ижий ааваа, өвөө эмээгээ, үр хүүхэд, хань ижлээ асран тойлох, өргөж тойлох ухаан бүсгүй хүний өндөр их буян. Ж.Цолмон хатагтай амьдрал турш энэ үйл сэтгэлээр төвширч ирсэн агаад бичсэнээс нь тодорхой анзаарагдаж байна. Түүний ирсэн зам өөрийн эдгээр хүндэт хүмүүсийг хүндлэн дээдлэх, асрах, энэрэхэд харамгүйгээр зориулагдаж иржээ. Түүнд нөхрийн аав ээж өөрийн аав ээж байх зарчим мөрдөгдөж, сайхан эрийн сайн эхнэр байх, сайн ээж байхыг чухалчилж ирсэнийг уншлаа. Хүнийг хүндэтгэсний хариу хүндэтгэлээр л ирдэг. Дориун сайн эрийн ард хэрэг дээрээ дориун сайн бүсгүй л байх буюу гэж хэлэлцдэг. Энэ худалгүй. Чингэвэл дориун сайн эмийн сайн сайхан яваагийн утга учир мэдээж, дориунаас дориун эр байх нь мадаггүй. Энэ үнэнээс мөрлөж, хатагтай Ж.Цолмон, түүний гэр бүлийг хүндэтгэх хүндэтгэл энэ номыг унших явцад олон төрснийг тэмдэглэлтэй. Хааш хаашаа ханагар, бодол ухаан, буурь суурь дүнэгэр монгол эр байдаг даа, тийм нэг дүнэгэр эр түүнийх болох ийн тэдний бүхий л зүйл дүнэгэр яваагаас тодорхой оо.

Ёс мэдэх гэж айхтар зүйл бий. Өнөөгийн манай монголчуудын нийгмийн амьдралд үндэстний ариун сайхан ёс заншлууд ихээхэн гээгдэж буй нь нэн эмзэглэлтэй. “Цагийн зурвас” номд монгол хүний баримтлах ёс, ариун дэгийн тухай олонтаа өгүүлэгдсэн нь бий. Хамгийн энгийндээ хээр мал хоноход хайчны ам боогоод хонодог, бэлгэт, утга учирт өдрийг алдалгүй зул барьчихаас өгсүүлээд амьдрал энгийн өдрүүдэд ч баримталмаар олон ёс бий л дээ. Энэ бүхэн бол тухайн хүний ёс суртахуун, амьдралын ариун дэгийн тодорхой нэгэн хэсэг байх учиртай. Энэ талаар үлгэрлэх олон зүйлийг амьдралын үйл аястайгаа холбон бичсэнийг уншихад, ариун сэтгэл авралын үндэс хэмээх сайхан үг ивлэн бодогдож, энэ Монголын маань бүсгүй ариун олон минь ёс жаягийг үргэлж зохионгуйлж байхыг эргэцүүлэв ээ.

Ж.Цолмон бол Монголын анагаах ухааны том сэхээтэн юм. Тэр дундаа эрүү нүүр, гажиг заслын анагаах ухаанаар нарийн мэргэжсэн, чиглэлдээ дэлхийн мэргэжилтнүүдийн тэргүүлэх эрэмбэд байж, илүү шалгарсан, илүү боловсронгуйжсан шинжлэх ухаанд зүтгэж яваа эрүүлийг хамгаалан сахигч билээ. Эрүүл мэндийн дэд сайдын ажил хийж, үндэстнийхээ анхдагч язгуур дархлаа болох эрүүлийг хамгаалах үйлсэд ухамсарт амьдралынхаа бүхий бололцоог дайчилж яваа хүн. Тэрбээр энэ салбартаа анхан шатнаас нь дэд сайд хүртэл дэвшиж, нэг үгээр хэлбэл практик, онол, удирдлагын цогц загварчлалд бэлтгэгдсэн. Үндэстний, ер хүний эрүүл оршихын бүхий л бололцоог дэлхийн дайдаас мэдэж, товчхондоо дэлхийн эмнэлгийн утга учрыг, залуурыг ойлгосон хүн гэдгийг уншигч Та энэхэн “Цагийн зурвас”-аас уншина. Тэрбээр өвдөлтийг оюун санаа, ёс суртахуунаар л давна гэж өгүүлсэн нь бий. Энд өвдөхгүй байхыг мөн оюун санаа, ёс суртахуун захирна гэсэн ойлголт хоймсолж байгааг ойлгож ухаарах учиртай.

Итгэл үнэмшил хэлбэрэлтгүй байхын утга гайхам. Бишрэлтэй. Ж.Цолмон хатагтай амьдрал турш адуу бөгөөд тарваганы мах зооглохыг өөртөө хорьсон юм билээ. Тэр нь монгол үндэстний мандал, эртийн сүр сүлдийг язгуур анхдагчаас хөллөн авч ирсэн адууг хүндэтгэн үзэхээс үүдэлтэй. Тарвагыг мөн нарны домгоос үүсвэртэй, эр зориг,чинад туйлбартайн илэрхийлэл болгож сэтгэл оюундаа дээдэлдэг байна. Ерийн ерөнхий утгаар үзвэл, бусдад энэ нь магадгүй хэнхэглэл ч гэмээр. Гэвч, цаад язгуур санаа, бодлын нь малгайг тэмтэрвээс аргагүй сайхан утгалаг үзэл санаа юм. Энэ үзэл баримтлал бодол нь түүний амьдралын зарчим болоод улс төр, иргэний нийгэм, ер бүхий л зам жимд нь гэгээн мөшгөл болдог байна. Ийм итгэлт, ариун үзэл санаат үндэслэгдсэн амьдрал зам мөр мөн тийм ариун итгэллэг байх нь дамжиггүй бөгөөд илүү төгс бат бөх. Эдүгээ Монголын улс төрийн багцааг харж байхад эрс нь л илүү жулдардаад, тэгсэн атлаа эмээлээс салахыг хүсэхгүй байгааг төвөггүй анзаарч болох. Гэвч эдүгээ цагийн эрсийн увайгүй урвалт, эс өршөөгч, хуйвалдаанч өрөвдөм олон жишээг нийгмээс өдөр бүр харж байна. Уг ёсоор бол төрийг баригсад оюун санаалаг ёс зүй, ариун итгэл үнэмшилт туйлбараар улсын хэргийг залах учиртай. Энэ л хандлага,үүдлэгийн дэвсгэрээс ангидийг шилж эрэлхийлбэл монгол бүсгүйчүүд маань илүү эрэмбэлэг, утга учиртай, хат зоригтой буй нь үнэн. Ийм бодит үлгэрлэлд хатагтай Ж.Цолмонг нэрлэхэд үл цалгардахыг та энэхүү номыг уншаад бүрнээ итгэнэ ээ. “Цагийн зурвас” хэмээх энэхэн аялгуулаг, бүлээхэн, энхрий ч гэмээр үг хэллэгээр бүтээгдсэн цул өег номын өмнө ийнхүү цөөн үгийг танд дээжилж байгаадаа хувь бийрч би вээр баяртай байна.

“Цагийн зурвас” бол ачлалт сэтгэл, элбэрүү дотно хандал, ертөнц хүмүүнийг эерүү гэгээнээр мэлмийлэх, амьдралын сайхны бүтээл, ижий аав, үр хүүхэд, хань ижил, ах дүү, ард түмэн, хотол монгол энэ бүхнийг зүрхэн цэцгэндээ дээжилсэн бүтээл юм.

“Цагийн зурвас” бол зөв зүйн ухамсар, ачлалт билгүүн, амар жимэр, тэнүүн амгалан оршихуй, тэмцэл, гоо үзэсгэлэн, төв журам, түвшин зохионгуй, яруусал болоод ухаарлын бодийг дохиурлуулсан эвт чуулган юм. “Цагийн зурвас” бол хүн сайхан сэтгэл, ер бусын давтагдашгүй, эрмүүн мөрөөдөл, ерөөл бүтэхийн үнэн, амгалан энх, асралт элэг, эх оронч зүтгэл, хэтийг үлэмж дуурсган урлах нотот хүслийг илэрхийлэн охилсон ялж төгс амьдрахуйн зураг юм. Энэ сайхныг яруусган бийрлэсэн Ж.Цолмон таны үйлс илүү төгс өгөөмөр оршиж, орчлон хорвоо, эх Монголоо ашид гэрэлтүүлэх болтугай хэмээн ерөөе. “Цагийн зурвас” шинэ үүр, шинэ эхлэл байг, гэгээ нь бүгдийг оног.

Б.ЗОЛБАЯР

Онцлох нийтлэлүүд