ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.12.21 09:12

Цаг цагийн дууль буюу яруу сайхныг хөрөглөн бүтээгчийн тухайд

Ардын уран зохиолч, төрийн шагналт Дөнгөтийн Цоодолын яруу найраг, үргэл­жил­сэн үг, хєрєг нийтлэл, орчуул­гын дөрвөн боть уншигч­дын дунд хамгийн эрэлттэй байна. Эдгээр бүтээ­лийн редакцийн зөвлөлд Д.Цэдэв, С.Байгал­сайхан, С.Пүрэв, До.Цэнд­жав, Г.Аким, Т.Баасан­сүрэн, Ж.Саруул­буян нарын нөхөд нь багтжээ. Ингээд “Сєгдєж айлт­­гая” хэмээх шүлэг, дууль, найраглалын ботийн өмнөт­гөлд соёлын гавь­яат зүт­гэл­­тэн, доктор Долгорын Цэнджавын бич­сэнийг хүргэж байна.

Дөнгөтийн Цоодол авхайн яруу найргийг ярих бүр түүний тухай заавал хүн талаас авч үзсэн нь тааралдах юм. Яруу найрагч өөрөө хэн бэ гэдэг нь уран зохиолын судлал, шинжлэлд хам цуг авч явах ёстой зүйлийн нэг мөнөөсөө мөн. Тэрбээр шүлэг бүрийнхээ цаана аав, ээжээс эр хүнд ховорхон заяах ганагар бие хаа, энэ тэрийг хөөрхийлж өрөвдөх өр нимгэн сэтгэл, монгол хэлний агуу их зохицолдуулан илэрхийлэгч ухаалаг сэхээтэнлиг төрх, бас чиг заяаны дүрсгүй мондийн зан ааль, ер танихгүй нэгнийг ч тааралдаад шоглодог шооч байдлаараа бусадтай зүйрлэхийн аргагүй онцгойрч ханхайн харагддаг. Сайн, сайхан хүнийг л тэр чанарыг нь харуулдаг болохоос муу муухай сэтгэлтний тухайд бол үг ч эвлэхгүй. Тэгвэл Дөнгөтийн хөвүүний тухай ам нээсэн болгон түүний аль нэг сайхан шинжийг яруу найрагтай нь хамтад гарын үсэг мэт тод томруун тавьсаар иржээ.

Олон ч удаа бичсэн байна. Түүний анхны ном “Нутгийн зургаан өнгө” түүвэр гарсны дараахан нэрт утга зохиол судлаач Д.Цэнд найрагчийн авьяас, уран чадварыг маш өндөр үнэлж “Цоодолын анхны ном Монголын уран зохиолын ирээдүйг баярлуулж байна” гэж зөнч мэргэнээр бичсэн нь одоо бодоход нээрээ л үнэн хэлсэн санагддаг юм.

2000 онд хэвлэгдсэн “Миний муусайн найз нар” номын нь оршилд утга зохиолын судлаач Х.Сампилдэндэв “Д.Цоодолын “Нутгийн зургаан өнгө” тухайн цагтаа яруу найрагт гарсан үзэгдэл байлаа” гээд цааш цаашдын нь уран бүтээлийн тухайд “Үе тэнгийнхээ шүлэгчдээс түрүүлж анхны номоо хэвлүүлсэн энэ найрагч үе цагийнхныхаа хэлж амжаагүйг түрүүлэн хэлж ухаан бодол, уран санаа, уянга дүрслэл тэгш бүтээлүүдээрээ Монголын өнөөгийн яруу найргийг хошуучлагчдын нэгэн болсноо нотолж байгаа” тухай бичсэн байна. 1986 онд гарсан номын нь тухай нэрт шүүмжлэгч Ц.Хасбаатар “Дэлхийд цуутай уран үгийн мастеруудын өлгий гайхамшигт хот Москвагаас Д.Цоодол олз омог сайтай ирлээ” гэж найрагч М.Горькийн сургуульд суралцаад ирснийг нь олзуурхсан бол, түүний дараа гарсан “Өв хөрөнгө” номын нь редактор голч нямбай үгээрээ нөхдийнхеө дунд алдаршсан төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа “Яруу найрагч санаа, дүрслэл, бичлэгийн хувьд шинэ эрлийн замд гарч “Алаглан харагдах уулс”-ыг давав гэж үнэлсэн нь бий. Ийм жишээ үнэхээр олон. Мань хүн ч магтаалын үгнээс залхах, төвөгшөөх тийшээ болсон нь ажиглагддаг. Бага залуугаасаа цоллуулсан болоод тэр биз. Гэвч магтахаас өөр аргагүй юм бас байх. Түүнтэй хамт байхад зугаатай төдийгүй, шинэ санаа төрж, шинэ юм хиймээр болдог. Тэр болгонд монгол найраг, монгол найрагч, монгол эр гэж ийм гэдгийг харуулж, билэг танхай авьяасаараа бишрүүлж явсан Д.Сэнгээ, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Н.Нямдорж, Д.Нямаа зэрэг “горькийчуудыг” шууд залгамжилжээ. Тэр шүлгээ унших нь “Сүнжидмаа” хэмээх ардын дуу дуулж байгаа мэт санагддаг. Монгол шүлгийн аялгуу хөгжим, эгшиглэн, уян налархай, дээш доош цохилго гэж чухам юу болохыг монгол хэлийг төсөөлөх ч үгүй гадаадынханд дотор нь ортол мэдрүүлж чаддаг нь Японы уран зохиолын фен клубын гишүүдтэй уулзах үеэр харагдаж байсан. Үе нугалаа дагнаас, орхиц, цэг таслалыг ч нарийн мэдрэн гаргаж олон өнгийн шингээлттэй уянгалаг хоолойгоор сонсголонтойгоор хүний сэтгэл рүү хөвүүлж өгдөг. Бичих авьяас, ярих авьяас, унших авьяас энэ гурав нэгэн биед цогцолж байж гэмээн яруу найрагчийг жинхэнэ яруу найрагч болгодог болов уу. Тааруу муу уншдаг хүмүүс еөрийнхөе хамаг сайхан мөрүүдийг тариалан дотуур үхэр туучуулах мэт баллаад хаячихдаг. Энэ гурван шинжийг еөртөе хадгалсан хүн бол Цоодол найрагч яах аргагуй мөн.

Тэрээр өндрөө авч байгаа онгоц шиг хошуугаа улам л хөх тэнгэр өөд цоройлгож, маш богино хугацаанд учрыг олж, хэрсүүжин ухаажиж, шүлэг найргийн сүнс чухам юу болохыг хэзээний сийрэг ухаанаараа мэдэрч, алмай нялхсын өлгийг зад тийрч, өөрийнхөө нүдээр орчинг бясалган харж чадсан учраас дорхноо л томчуудын нүдэнд олзлогдоод эхэлжээ. Агуу их Б.Явуухулан бүр их тоож “Гүйлдээд байгаа залуучуудаас энэ Цоодол анхаарал татсан. Өнгөрсөн намар сүүлийн үед бичсэн шүлгүүдээ уншихад уран бүтээл нь илт өссөн байлаа... Авьяаст нөхрийн уран бүтээл өсөн дэгжиж байгаад чин зүрхнээс баярлаж байна” гэж аль 1968 онд “Цог” сэтгүүл дээр ам алджээ. Хэлж ярих нь удаан, сэтгэл хөдлөх нь удаан, үнэлж магтах нь удаан тэр чинээгээрээ учиртай үг унагачихдаг энэ агуу амьтнаас энэ зэргийн үнэлгээ авсан нь мэдээж “тэнгэрийн умдаг” атгах шиг болоо биз ээ.

…Дөнгөтийн Цоодол бол ялангуяа Төв аймгийн Бүрэн хэмээх их бор талд дөрвөн хөллөж унасан чардгар унага болохоор шүлэг болгоноос нь хөдөөний эгэлхэн бөгөөд борог бодь амьдрал өөрийн эрхгүй босон өндийж, хүмүүс, уул толгод, сүрэг малын тухай өөрийн бодрол бүхэн нь нээрэн л тийм гэмээр зөвшөөрөхгүй байхын аргагүй үнэнийг голд ортол хэлж чаддаг. Түүний шүлгийн агуулга, ур хийц торгоны ам шиг яв цав нийлж, жижигхэн гэмээр деталь, дүрслэл, өвөрмөц хэлцээр уншигчийн сэтгэлийг өдөж, хойноосоо дагуулсаар намдуухан эхэлсэн айзам далай мэт өргөсөн яруу тунгалаг симфонийн төгсгөл шиг бадрангуйгаар төгсдөг байх юм.

Тэр гурав түрүүлсэн аварга шиг “Болор цом”-ыг гурав гардсан. “Болор цом” авна гэдэг хэцүү. Магадгүй тэр болгон төрийн шагналтнууд ч санаа байвч, сачий хүрээгүй эд. Атаархал, хорсол, баяр гуниг бүхнийг дагуулдаг. Харин тэр сүүлийн үеийн “Болор цом”-уудад оролцох нь хойргошиж, хүсэмжлэгч, дэмжигчдээ гонсойлгодог болсон нь зөв эсэхийг мэдэхгүй. Тэрбээр хэзээ ч тулга тойрсон жижиг асуудлаар хөецөлдөж байгаагүй нь шүлгүүдээс нь тодорхой л доо. Улс төр нийгмийн арал жинтэй томоохон асуудлыг том хэмжээнд хөндөж тавьдгаараа өерөө гайхуулж ярьдаггүй боловч, ерээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дуу хоолойд хашгираа хоосон үгээр биш боловч ухаалаг, жинтэй, аралтай үгээр цаг үеийнхээ “цэнхэр туг”-ийг хамт өргөлцөж байлаа. Анхны “Болор цом”-ыг авсан шүлэг нь өөрчлөлт, ардчиллаар жирэмсэлсэн нийгмийн оюун санаатай яв цав тохирсон учраас судлаач, шүүмжлэгч, үзэгчдийн дэмжлэгийг шууд хүртсэн юм.

“Нэр нь тодроогүй баатрууд Танаа” шүлэг бол анхны “Болор цом”-ыг авчирсан бүтээл. Түүндээ,

Нэр нь тодроогүй баатрууд минь ээ, та нар

Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ?

Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй

Биднээс чухам хичнээн чинь үүрд буцсан юм бэ гэж ноцтойхон асуугаад өргөл дууллынхаа өнгийг улам хурцатгаж

“Ханагар дэлхийн энд тэнд

Хал үзсэн Европын төгөл дунд

Дунд чинь босгосон хөшөөн дээр

Дуурсах нэрийг чинь “нэргүй” гэж бичсэн байлаа хэмээн улам лавшруулжээ.

…Шүлгийн бас нэгэн өвөрмөц онцлог бол цаг үеийн баатрууд түүний шүлгийн амь сүнс болоод орчихсон байдаг нь түүх, түүхэн хүнийг шүлгээр үлдээж болно гэдгийг харуулж байгаа хэрэг. “Хүнээ хайрла. Амьдралыг хайрла. Монголоо хайрла” гэдэг үзэл санаа Д.Цоодолын уран бүтээлд нэвт шингэсэн гол философи мөн. Тэр энэ шугамаасаа хэзээ ч хазайж байсангүй. Ямар ч үед энэхүү гүн ухаан шүлгийнх нь дундуур их гол мөрөн мэт тунаран урсаж байдаг. Үүнийг зөвхөн хүнийг хайрлах нүнжигтэй, тал шигээ уужуу жинхэнэ монгол шүлэгчийн л сэтгэлийн угаас хөвөрдөн гарч чадах онгод, зүрхний нь шаналал гэж болно. “Манай үеийн баатруудаар” дамжуулж юм хийж, бүтээж үлдээсэн, гавьяагаа дархалсан хүмүүсээ үл тоон бассан юм шиг байгаа мартагдсан боловч мартаж болохгүй хүмүүсийг суга татан гаргаж гомдлоо тайлсан шинжтэй нь үнэндээ бол хатган шүүмжлэх гэхээсээ сэнхрүүлэн гэгээрүүлэх, учирлан ойлгуулах, эргэцүүлэн бодуулах гэсэн явдлаас эхтэй. Гэхдээ тэр хичнээн гашуун үг хэлж байлаа ч өр нимгэн сэтгэлээр түншиж, догшин хурцаар биш хоржоонтой ухаалаг үгээр сэтгэлийг нь маажиж хэлсэн байдаг. Ер нь түүнийг ертөнцийн олон өнгийг зурахаар Монгол хэмээх их гэрийн дотор хурц тод өнгөтэй будаг бүхий бийр бариад зогсож байгаа “Яруу найраг хэмээх дуурийн театрын хөрөг зураач гэж болно. Гэхдээ хүний хөргийг дотор сэтгэлийг нь уудлан, бодол санаа, алдаа оноо, олон өнгийг гаргаж зурна гэдэг бол Монголын яруу найргийн нэгэн олз омог, зөвхөн энэ найрагчийнх гэмээр маш сонирхолтой хуудас болж байгаа юм. Эл найрагчийг “Яруу найргийн хөрөг урлаач, хөргийн мастер, яруу найргийн дуулийн гол төлөөлөгч” гэж болно. Яруу найрагч, шүлэгчид ихэнх зориулалт шүлгээ хайр дурлал, дурлалт бүсгүй хүндээ зориулсан нь түгээмэл байдаг бол утга уянга, иргэний шинжийг ямагт баримталдаг тэрбээр түүхэн хүмүүст шүлгээ илүүтэй зориулдаг байна. Тэр зориулалт хөрөг шүлгээ улсын гарамгай баатар Лодонгийн Дандар, агуу сэхээтэн Лодонгийн Түдэв, ардын яруу найрагч Пунцагийн Бадарч, Дамдинсүрэнгийн Урианхай гээд олон бие хүмүүст зориулсан юм. Бас бус хүмүүс бишгүй байдгийн дотор лав л Мөөеө аваргыг нэгийн даваанд унаж байгааг хараад бичсэн шүлэг гэхчлэн хүний сэтгэлд үлдсэн зураглал цөөнгүй ээ. Энэ цаг үөийн соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуайн тухайд

“Уйтан, харанхуй, намхан мартагдсан мэт ерөөнд

Ундуй сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна” гэж “Гуу нь багадсан бурхан шиг” гэдэг үгийг олоод хэлчихэж байгаа нь чөтгөрийн гэмээр авьяас буюу “үгийн нүдийг” олж хатгана гэдэг энэ гэхээс яахав.

“Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхагуудын санаанд бол “яасан их мэддэг Лүдэв” гэхчлэн цааш үргэлжлэх энэ шүлэг нь ганцаардсан мэт магад ганц ч байж мэдэх сэхээтнийг өмгөөлж, хамгаалж, хайрлаж өнөө цагийн цэвдэг сэтгэлтэнээс хамгаалж илд бамбайгаа хөндөлсгөж бичсэн шүлэг юм.

Д.Цоодол гуайг “Дуулийн урлаач”, “Дуулийн эцэг”, “Дуулийн мастер” гэж болно. “Дууль” хэмээх төрлийг өөрийн арал болгон эзэмшээд, усалж тордоод, байшин барилга босгоод, хамгаалж цэцэглүүлээд, төлөөлел болгон авч яваа нь мань эр. Тэгээд ч ийм олон дуулийг хүмүүст удаа дараа лавшруулан хүргэж бичсэн өөр яруу найрагч хараахан зэрэгцэж ирэхгүй байгаа учраас дээрх цол чимгийг бид оноож хэлээд байгаа юм.

Дууль гэдэг бол амьдралыг жаргал ханасан өөхөн нүдээр бус, ялгуулсан бадрангуй мэдрэмжээр энэрэнгүй сэтгэлээ дэвссэн билгийн нүдээр харснаараа хамаагүй чансаалаг, гүнзгий ухаалаг, цартай агуулга, үр нөлөө хүртээмжлэг байдгаараа өвөрмөц төрөл юм. Түүнд гашуудал бий ч үнэн ялдаг. Д.Цоодолын дуулиуд бол баатарлаг эмгэнэл бөгөөд сэтгэлгээний том орон зайг хадгалж чадсан сэтгэц оюун дүгнэлтийн дотоод эерэгцүүлэх чанарыг өөртөө шингээн хадгалдаг. Түүний дуулийн сэдэв тэр болгон сэтгээд олохын аргагүй өөрийнхөөреө таньж мэдсэн, шүүн тунгаасан ертөнцөөс олж нээсэн, борог амьдралын дундаас ажиглаж харсан олон этгээд араншинт, зөрчилт баатруудад тулгуурладаг. “Тэнэг”, “Харамчийнхны дууль”, “Элчин Самбуу”, “Хуучин дэр модны дууль”, “Тэмээ Самдан, “Буруу Довдон”, “Ороо Эрэнцэн”, “Тайж”, “Хэнмэдэхэв” гээд эрдмийн ажлаар сэдэвчилэн судалмаар бүтээл юм билээ. Тэр бүхнийг дурдаж ярина гэдэг төвөгтэй. Амьдрал өөрөө агуу сэдэв. Хэн авах нь вэ гэх шиг зүгээр л хэвтэж байдаг. Заримд нь харагдаад, хөндөлсөөд байдаг атлаа юм хийе гэхээр эрээд олддоггүй, төөрүүлээд хаячихдаг нь хөөрхийлөлтэй.

“Харамчийнхны дууль”-д

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй

Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Ийм л харамчийнхан байгаа төрх зураг нүдэнд дүрслэгдэж, сэтгэлд харагдана. Гэтэл Халхын голын дайн эхлэхэд тэд хаачив гэдэг асуултыг уншигчийн өмнө оруулж ирж байна.

Суналзсан уургаа барьсаар мань харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ

Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө гэж сэтгэхүй, оюун бодомжийн сөрөг гаргалгаа хийж “магадлалын онол”-ыг мад тавин нугалсан байх юм. Харин харамчийнхан шилмэл адуугаа байтугай хоёр хүүгээ ч харамлалгүй дайны фронт руу үджээ. Хеөрхий тэр муу хоёрыг, “Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо гэж Суман, салааныхан нь дооглож үлдсэн юм” гэж хошигнох өнгө аяс цухайлгажээ. Дуулийн тайлал бүр сонин.

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм

Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ гэсэн байна. Даажин ч юм шиг, тохуурхал ч юм шиг... Үгүй ээ, энэ бол дахин олдохгүй ховор гайхалтай шийдэл. Дууль бол ерийн шүлгээс нулимстай харуусал, хайр эмгэнэл, драмлаг зөрчлөөрөө, юм бодогдуулах гүн ухаанаараа товойн ялгардаг, Ёстой нулимстай монгол дууль гэдэг энэ байх. Монгол найрагч л ингэж хэлж чадна бус уу.

Онцлох нийтлэлүүд