ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.05.16 02:05

Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан эрүүл мэндийн ажилчид үсээ хусууллаа

Эрүүл мэндийн салбарын ажилчид дөрөвдүгээр сард цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан юм. Энэ тухайгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, есөн дүүргийн бүх шатны эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй хуралдан мэдэгдэж байсан. Тавдугаар сарын найманд 5000 гаруй эмч сувилагч нар жагсаал хийсэн билээ. Гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу ирээгүй тул шаардлага нь суулт болон үргэлжилсэн. Энэ суулт өдгөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Суулт зарласан эрүүл мэндийн ажилчид дээр Шинжлэх ухаан, Боловсрол гэх мэт зургаан салбарын төлөөлөл нэмэгджээ. Суултад оролцож буй хүмүүс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, Боловсролын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж үс хусуулав. Үсээ хусуулж буй эмч хэлэхдээ "Хөдөлмөрийн салбарт насаараа ажиллаж байна. Гэтэл сүүлийн дөрвөн жил цалингүй болж ажил амьдрал зогссон. 60 насны босгон дээр энэхүү суултад нэгдэж үсээ хусууллаа. Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна" гэв.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар “Цалин нэмэгдүүлэх шаардлагын суулт үргэлжилж байна. Төрийн түшээд бидний суултыг үл тоомсорлосоор. Тиймээс суултаа үргэлжлүүлж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ бид удаа дараа сануулсан. МУ-ын ерөнхийлөгчид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа уламжилсан. Энэ асуудлаар өнөөдөр уулзана” хэмээн өгүүлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү суултад оролцож буй хүмүүсийг хүлээн авч уулзах хүсэлт тавьсан ч буцаасан байна. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн сонирхолтой аливаа тэмцэл, түүнээс гарах гарц боломжийг судлахдаа байдаг юм. Цалингаа нэмэгдүүлэх эдийн засгийн гарц гаргалгаа нь юунд байна вэ гэж эдгээр хүмүүсээс асуух гэсэн боловч надтай уулзахгүй гэсэн хариулт өглөө. Надтай уулзахгүй гэдэг нь ямар утгатай юм бэ. Тэгвэл улс төрийн өөр зорилготой юм биш үү. Зарим улс төрчид араас нь зохион байгуулалттай хатгаж байна гэж ойлголоо. Суулт зарлаж байгаа бол эхлээд гарцуудаа ярих хэрэгтэй шүү дээ. Тухайлбал, сувилагчийн цалин ямар шат дараалалтай хэдэн хувиар нэмэгдүүлэх үү гэх мэтээр. Үс хусах асуудлыг би ерөөсөө ойлгохгүй байна. Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа явдалд үс ямар хамаатай юм бэ” хэмээн ярилаа.

С.ОТГОНБАЯР

Онцлох нийтлэлүүд