ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.06 11:05

Цахим машин замын цагдаагийнхны “но”-г илрүүлэв үү

-ЗЦГ-ЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ОРЛОГО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

Замын цагдаа авлига авдаг гэсэн нэр цагдаагийн байгууллагаас лав салаагүй өнөөг хүрсэн. Хэдэн жилийн өмнө баасан гариг бүрт болдог Хууль зүйн сайдын зөвлөлийн хурлаас сурвалжлага хий­дэг байв. Шинэ соргог зүйл ярьчих болов уу гээд очоод суухаар “Танай цагдаа нар торгуулийнхаа мөнгийг халааслаад байна. Иргэд гом­дол гаргасан” гэх үг сайдын амнаас байнга л сонсогдож, Замын цагдаагийн газрын даргын нүүр нь минчийчихсэн, хэлэх үгээ олохгүй суудаг байсныг тод санаж байна.Тэр даргыг сайд нь их ч загнана. Хууль зүйн салбарын харьяа агентлаг, газрын дарга нарын дунд загнуулаад суух тэр даргад юуных нь сайхан байхав.

Олон жил ярьсан, цагдаа­гийн байгууллагын салбарын толгойны өвчин болсон энэ асууд­лыг саяхан шийдэх шинэ аргыг замын цагдаа нарын дунд хэрэгжүүлсэн юм. Тэр нь замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй. Харин тусгай хэвлэгч машинаар тор­гууль бичдэг болгосон явдал. Жижиг авсаархан, гар утаснаас жаахан зузаан энэ цахим машин уншигчаар зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолоо­ны үнэмлэх эсвэл хуруу­ны хээг таниулан тодор­хой мөнгөн дүнгээр торго­сон баримтыг тэр даруй нь гар­гаж өгдөг. Баримтын дагуу зөрчил гаргасан жолооч торгуу­лиа төлөх үүрэгтэй. Бэлэн мөнгөөр ийн торгууль төлөхөө больсноор ЗЦГ-ын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. Нийт мөнгөн дүн нь 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гэхэд цахим машины ид шид ийн гарч эхэллээ. Энэ үзүүлэлтээс харвал өмнө нь төсөвт ойролцоогоор замын цагдаа нар 400 орчим сая төгрөг оруулдаг байсан бололтой юм.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 орчим замын цагдаа нарын ажлыг бага ч болов хөнгөлнө гэж үзсэн тус цахим машин нь тэдний хууль бус үйлдлийг илчилж, төсөвт орох ёстой мөнгийг зүй ёсоор нь төвлөрүүлэх болсон байна. 2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад өгсөн юм. Тэгэхээр цахим машин богино хугацаанд өөрийн үнэ болох 1.8 тэрбум төгрөгийн 1.2 тэрбумыг олоод зогсохгүй цаашлаад төсөвт оруулах төгрөгийн хэмжээг нэмэх нь тодорхой болжээ. Зөрчлийн торгуулийг хэвлэж өгснөөс 14 хоногийн хугацаанд банкны дансанд тушаах, төлөхгүй бол хэмжээ нь өсөх, цаашлаад жолоочийн жолоо барих эрхийг нь хасах хүртэл зохицуулалтыг суулгасан нь бас ийм хэмжээний мөнгө төвлөрөхөд нөлөөлсөн бололтой.

Замын цагдаа торгууль бичиж бэлэн мөнгө авдаг байхад Замын цагдаагийн газраас ийм хэмжээний мөнгө төсөвт төвлөрдөггүй байсан нь энэ цахим машины бас нэгэн давуу тал болж байна. Нэг хэсэг толгойтой бүхэн л замын цагдаа болохыг хүсч байсан нь нууц биш. Ямар сайндаа л ийм онигоо бий. “Залуухан замын цагдаа ажилд оржээ. Ажилд ороод хоёр, гурван сар болов. Нэг өдөр дарга нь дуудаж “Та яагаад хоёр гурван сар цалингаа авахгүй ажиллаад байгаа юм бэ” гэтэл нөгөө цагдаа “Өө бас цалинтай байсан юм уу” гэжээ. Энэ мэтээр замын цагдаатай холбоотой онигоог хэлж барахгүй. Бэлэн мөнгөтэй замын цагдаа нар харилцсанаар өөрсдөө халаасалж байсан уу гэдэг хардлага эндээс гарч байгаа юм. Хардлага ч юу байх вэ замын цагдаа торгуулийн мөнгийг их бага хэмжээгээр халаасалдаг байсныг дээрх үйл явдал харуулж буй юм. Торгуулиас орсон орлого гурав дахин нэмэгдсэн нь осол зөрчил гаргасан, торгууль төлөх жолоочдын тоо өссөнтэй холбоогүй гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байна. Түүний ярьснаар бол харин үүний оронд замын цагдаа нар бэлэн мөнгөөр торгууль төлүүлдэг байхдаа хэдэн төгрөгийг нь халаасалчихдаг байсан нь үнэнд нийцнэ хэмээн хэлэв.

Г.ЯЛГУУН

Онцлох нийтлэлүүд