Нийгэм
2021.01.14 11:01

ЦЕГ-т гэр бүлийн хүчирхийллийн 177 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.01.13/ нийт 1913 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1536 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 177 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 21, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 163, хүний биед халдсан 105, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 122 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 275 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 164 тохиолдол гарчээ.

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн 140, согтуугаар машин жолоодсон 59, олон нийтийн газар танхайрсан 159, эрүүлжүүлэгдсэн 320, хүний биед халдсан 71 тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэтэл нэгдүгээр сарын 11-ээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө буюу нэгдүгээр сарын 10-нд гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол, согтуугаар машин жолоодсон 38 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 86 байжээ. Үүнээс харахад хөл хорионы дэглэм буурахаас өмнө гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр л гэхэд 177 тохиолдол болж хоёр дахин нэмэгджээ.

Онцлох нийтлэлүүд