Цаг үе
2021.04.09 01:04

ЦЕГ: Хоёр цэргийг баривчлаагүй, байршлыг нь тогтоосон

Б.Баатархүү: Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирсан – Өглөө.мн

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг /2021.04.09/ шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Эл хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тэд "Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставд өнгөрсөн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар зэвсэг хэрэглэж, харуулын даргын амь насыг хөнөөсөн гэдэг мэдээллийг авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуулынхантай өнгөрсөн шөнө ажиллаж, хоёр цэргийн мөрөөр мөшгин ажиллаж байна" гэв.

Түүнчлэн "Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд, хөгөө нь Орхон аймгийн харьяат. Өнгөрсөн намар цэрэгт татагдаж ирсэн. Ар гэртэй нь холбогдсон, хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр нөхөр өнгөрсөн шөнөжин явж, өглөө айлын хүнээс мотоциклийг нь гуйж авч явсан байна. Тэд уул руу бүгсэн байдалтай байна. Нэг цэрэг 25 сумтай байдаг. Одоогоор тухайн хоёр цэрэг 45 сумтай яваа нь тогтоогдоод байна" гэлээ.

Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тухайн хоёр цэргийн байршлыг тогтоосон, баривчлаагүй гэх мэдээллийг өглөө.

Онцлох нийтлэлүүд