ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 05:05

Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих мэс засал хийнэ

Улсын Нэг болон Гуравдугаар төм эмнэлэг, Юта их сургуулийн эмч нар хамтран нийт 3-5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг ирэх сарын 21-25-нд УНТЭ-т хийнэ.

Эдгээр хагалгааг УГТЭ-д хийдэг бөгөөд энэ удаад тус эмнэлэгт анх удаа зүрхний мэс заслыг хөгжүүлж, эхлүүлж буйгаараа онцлогтой. Цаашид АНУ-ын Юта их сургуулийн баг болон УГТЭ-тэй хамтран Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх юм.

Дэлхийн улс орнуудад 1 сая хүн амд 1 зүрхний мэс заслын төв үйлчилж байж хүн амын зүрхний эмгэгийн тусламж үйлчилгээг хангадаг бөгөөд Монгол Улсад ойролцоогоор 3-4 Зүрхний мэс заслын төв шаардлагатай аж.

Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. ДЭМБ-ын 2008 онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17.3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж түүний 7.3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан бөгөөд улмаар энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 23.3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гаргасан байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан 2016 оны статистик мэдээнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт тус онд нийт 5390, үүнээс эрэгтэй 3210, эмэгтэй 2270, өвчний ангиллаар нь авч үзвэл цочмог хэрлэгийн шалтгаант 3, хэрлэгийн шалтгаант зүрхний өвчнөөр 48, артерийн даралт ихсэлт 178, зүрхний ишеми өвчнөөр1641, зүрхний цочмог шигдээсээр 838, цочмог миокардит 28, атеросклерок 83, тархи судасны хүндрэлээр 1683, бусад 867 \I26-86\ бүртгэгдсэн байна.

2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 16495 тохиолдол бүртгэгдсэний 34.3 хувийг зүрх судасны өвчин /10000 хүн амд 19.11 буюу 5500-6000 хүн/, 24.3 хувийг хавдар /0000 хүн амд 13.43 буюу 3500 орчим хүн/ эзэлж байгаа нь хорт хавдрын шалтгаант нас баралтаас их байна.

Онцлох нийтлэлүүд