ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.27 11:08

Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолоос гарчээ

Иргэдийн амралт, зугаалгатай холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолд ороод байсан билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд тус төвөөр үйлчлүүлэх цусны доноруудын хөл тасрахаа байсан аж. 

13 цагийн үед тус төвөөр ороход цусаа хандивлахаар ирсэн 10 гаруй хүн байлаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 1-3 удаа цусаа өгч байсан гэнэ. Зарим нь тусгай сандал дээр сууж цусаа өгч байсан бол нэг хэсэг нь үүдэнд ээлжээ дугаарлана. Харин цусаа өгсөн хэсэг нь үүдний  танхимд цай уунгаа амрах аж. Сувилагч нарын ярьснаар бол ойрын өдрүүдэд донорууд эрс нэмэгджээ. Үдийн үеэр 40 гаруй хүн цусаа хандивласан байв. Ингээд цусаа өгөөд гарч ирсэн охинтой цөөн хором ярилцлаа.

-Анх удаа цусаа хандивлаж байна уу?

-Би анх удаа өгч байна. Бид энд тавуулаа ирсэн. Хоёр нь өмнө нэг удаа өгч байсан. Харин гурав нь анх удаа цусаа өгч байна.

-Сэтгэгдэл хэр байна. Та нарын хандивласан цус бусдын амийг аварч байгаа шүү дээ?

-Сэтгэл өндөр байна. Цусаа өгнө гэж бодохоор их айдаг байсан. Яагаад ч юм өвдөх юм шиг санагдаад. Харин цусаа өгөхөд хүндрэлтэй зүйл огт байхгүй юм байна. Ялангуяа цусаа өгөөд сууж байхад миний цус олон хүнд хэрэгтэй. Би олон хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдсан.

-Оюутан уу?

-Тийм ээ. Одоо хоёрдугаар курсийн оюутан.

-Хэр их цус хандивласан бэ?

-350 грамм цус хандивласан. 

-Одоо бие тань зүгээр биз дээ?

-Зүгээр ээ. Цусаа өгч байхдаа л юүлж байгаа цус руугаа харахаар дотор муухай оргиод байсан. Одоо дажгүй. Цусаа өгсөн хүн бүрт цай, печень, 2000-4000 төгрөг өгдөг юм байна. Цайгаа уугаад хэсэг амарч байгаад гараарай гэж эмч хэлсэн. Сургууль орохоор найзуудыг дагуулж ирээд хамт өгнө өө. Хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдах болсон гэв.

Цусны төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь оюутнууд бололтой. Гурав, дөрвөөрөө явж харагдсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зөвхөн цус авахаас гадна сийвэн цуглуулах өрөө гэж байдаг юм байна. Уг өрөөнд хоёр охин хэвтэж байв. Тэд сийвэн буюу зөвхөн цагаан эс өгч байгаа аж. Шар өнгөтэй уг шингэн цусны өвчин, хавдартай өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй зүйл гэнэ.  

Сийвэн авахын тулд  өвчтөнөөс цусны шинжилгээ авах бөгөөд нэг удаад цуснаас арай их хэмжээгээр буюу 600 граммаар авдаг аж. Гэхдээ хүн бүр сийвэнгээ хандивлах боломжгүй юм байна. Шинжилгээ авч байж авах эсэхээ шийддэг аж. Сийвэнг их хэмжээгээр авдаг ч 7-10 хоногийн дотор ахин төлждөг бөгөөд анх өгч байгаа хүмүүс 14 хоногийн давтамжтайгаар дөрвөн удаа өгөх ёстой гэнэ. Харин дахин цусаа бэлэглэх бол эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын дараа өгч болох юм байна. Ингээд тус төвөөс Монголын Залуучуудын холбоо орлоо. Тус холбоонд явуулын цусны төв ажиллаж байв. Учир нь “Монголын залуучуудын өдөр” өчигдөр тохиосон бөгөөд Монголын залуучуудын холбоо олон ажил зохион байгуулсны нэг нь цус хандивлах арга хэмжээ байлаа. 

Тус холбооны явуулын цусны төвд мөн л 50 орчим залуучууд цусаа өгөөд байв. 

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн донорын эмч Р.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Одоогийн байдлаар хичнээн хүн цусаа хандивлаад байна вэ?

- 09.00-13.00 хооронд нийтдээ 40 орчим хүн цусаа хандивлаад байна. Монголын залуучуудын  холбооноос гурав дахь жилдээ залуучуудаа донорын эгнээнд нэгдье арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд жаахан идэвхи муутай байна. Гэхдээ өдөр тийшээ залуус ихсэх байх аа.

-Танай төв нэг хэсэг цусны хомсдолд орлоо гээд байсан. Одоогоор донор хэрэгтэй хичнээн өвчтөн байна вэ?

-Зуны улиралд ерөнхийдөө амралтын уур амьсгал орчихдог болохоор цусны хомсдолд орох тохиолдол гарна л даа. Бүлгийн хомсдол бага зэрэг гарсан. Гэхдээ бүр нөөц дуусчихсан юм байхгүй. Тэгээд ч сүүлийн үед фэйсбүүкийн 70, 80, 90-ээд оныхон, хөлбөмбөгийн фанатууд гээд олон группын залуус ирж донор болж цусаа хандивлаж байгаа. Ер нь иргэд, залуус маань ухамсартай болчихсон байна. Нэг удаа цусаа хандивласан хүн заавал дараа ирж идэвхтэй донор болж байна. Мөн манайх албан байгууллагуудаар явуулын цусны төв ажиллуулж байна. 

-Ямар бүлгийн цус хомсддог вэ?

-Жишээлбэл, хавдарт яаралтай эмчилгээ хийлгэж буй хоёр хүнд өвчтөн байлаа гэхэд хоёуланд нь нэгдүгээр бүлгийн цус хэрэглэж байдаг. Гэтэл I эмнэлэгт хагалгаа хийлгэж байгаа хүнд мөн нэгдүгээр бүлгийн цус хэрэгтэй болно. Бусад эмнэлэгт байгаа нэгдүгээр бүлгийн цусаа бүгдийг нь авах жишээтэй. Гэхдээ одоогоор бол айхтар хомсдсон юм бол байхгүй.

-Нэг хүний өгсөн цус хэдэн хүний амь аврах вэ?

-Нэг хүн дунджаар 350 грамм цус өгч байгаа. Тухайн цусыг нь сийвэн, хавдарт хэрэгтэй гэхчлэн гурав хувааж ангилаад хадгална. Тэгэхээр насанд хүрсэн гурван хүний амийг та цусаа хандивласнаар аварч байна гэсэн үг. 

-Сүүлийн үед ямар өвчинд цус их шаардагдах болсон бэ? 

-Хүн ам өдөр болгон л хэдэн мянгаар нэмэгдэж байна. Тиймээс бүх төрлийн л өвчинд цус шаардлагатай болдог. Гэхдээ элэг шилжүүлэх хагалгаанд маш их цус хэрэглэх болсон. Ер нь сүүлийн үед эрхтэн шилжүүлэх мэс засал ихэссэн. Энэ мэс заслын үеэр цус их алддаг учраас ийм төрлийн хагалгаанд цус илүү шаардлагатай болдог. Эрхтэн шилжүүлэх хагалгааны үеэр 200 хүний цус хэрэглэх тохиолдол ч гарна.

-Монголчуудын дийлэнх хувь нь ямар бүлгийн цустай вэ?

-Манай улсын хүн амын 40 орчим хувь нь нэгдүгээр бүлгийн цустай, 30 гаруй хувь нь гуравдугаар бүлгийн цустай гэсэн судалгаа байдаг. Харин үлдсэн хувь нь II, IV бүлгийн цустай. 

-Цусаа хандивлаж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар цустай байна вэ?

-Нэгдүгээр бүлгийн цустай байна. Хуучин нэгдүгээр бүлгийн цусыг бусад бүлгийн цустай хүмүүст хэрэглэдэг байсан бол одоо тухайн бүлгийн цусыг нь л хэрэглэдэг болсон. Тиймээс дөрвөн бүлгийн цус бүгд хэрэгтэй гэв.

Ер нь хичээл сургууль орохтой холбоотойгоор донорууд ихсэх хандлагатай байдаг аж. Оюутнууд ч цусаа хандивлах сонирхолтой болжээ. Тиймээс цусаа бэлэглэхийг хүссэн хүмүүс өмнө нь шаралж байгаагүй, ДОХ, Тэмбүү зэрэг халдварт өвчингүй байх шаардлагатай аж. 17 нас хүрсэн иргэн та цусаа өгөхөөр шийдсэн бол урьд орой нь согтууруулах ундаа хэрэглээгүй, өөх тостой хоол, будагтай жимс, хүнсний ногоо хэрэглээгүй байх ёстой аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд