ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.05.23 03:05

Цус, цусны бүрэлдэхүүн цуглуулалт өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурсан


Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ энэ оны эхний дөрвөн сарын сарын байдлаар найман хувиар өссөн байна.

Харин их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосноор явуулаар цус цуглуулах ажил 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн эхний таван сард Монгол Улсын хэмжээнд цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар 8,561 нэгж цус, цусны бүрэлдэхүүн цуглуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Иймд Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь энэ сараас эхлэн цус цуглуулах цагийг ажлын өдрүүдэд уртасгаж, Бямба гарагт хуучин байрандаа цус цуглуулж байгаа аж.

Цар тахлын үед Цус сэлбэлт судлалын үндэсний төв хэрхэн ажиллаж байгаа талаар тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр "Монгол Улсын Цусны алба ДЭМБ болон Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгээс ирүүлж буй зөвлөмж зааврыг мөрдөн дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • COVID-19 халдварын үед цусны албадад мөрдөх заавар удирдамжийг гарган улсын хэмжээнд мөрдүүлж байна
  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн хүрээнд цусаа хандивлахыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байна.
  • Бидэнд бүртгэлтэй байдаг 136 мянган донорт мессэж, цахим шуудан илгээх, урих, холбогдох заавар, зөвлөмжийг илгээж байна.
  • ААН, байгууллагын цусны донор болох хөдөлгөөнд нэгдэх иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж, эхний таван сарын байдлаар 130 гаруй байгууллагатай хамтран ажилласан.
  • Цусны донорууд эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, ямар шаардлага хангасан үед цусаа хандивлах, ямар тохиолдол ирж болохгүй талаар тодорхой мэдээллийг түгээн ажиллаж байна.
  • Мөн нэг хүнд ногдох зай талбай, тусгаарлалтын зай хэмжээ, биеийн халууныг шалгах, гар ариутгах бүх нөхцөлийг бүрдүүлж байна" гэв.

Түүнчлэн цусаа өгч буй доноруудаас тандалт судалгаа авч, 14-28 хоногт эргэх холбоотой ажиллаж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд