ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.18 09:09

Цэргийн жинхэнэ албанд татах, элсүүлэх ажил 10 сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт цэрэгт элсүүлэх  ажлыг   2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэ захирамжаар цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж, даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллахаар боллоо. Харин дүүргүүдэд Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан цэрэг татлагын товчоог байгуулах бөгөөд тус товчоо нь товчооны бүрэлдэхүүнд орсон  гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага, халалтын ажилтай  холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээж байна.
Харин дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоо хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Харин цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш гурав хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд