ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.12.07 12:12

Цэцэрлэгийн багш нар амны хөндийн эрүүл мэндийн сургалтад хамрагдана

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулах юм байна. Сургалтад хамрагдсан сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгох ажээ. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна. Тодруулбал, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүдний цооролтой, 14 хувь нь эрүүл гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж. Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйтэй шууд холбоотойг холбогдох албаныхан хэлж байна. Үүний улмаас шүдний өвчин хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах, төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвх алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байгааг онцолжээ.

Онцлох нийтлэлүүд