ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.24 11:08

Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийн тулд эцэг эхчүүд гадаа хонож байна

Цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгт оруулна гэдэг том асуудал болдог. Өнөө жил цэцэрлэгүүд наймдугаар сарын 25-наас бүртгэлээ албан ёсоор эхлүүлнэ. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна урт дараалал үүсгэж, зарим нь ажил төрлөөсөө чөлөө хүртэл авч цэцэрлэгийн гадна майхан бариад олон хонож байна. Энэ талаар сурвалжлахаар хотын төвийн зарим цэцэрлэгүүдээр ороход хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ зэхэж “Ирэх даваа гаригаас манайх хүүхдүүдээ авна. Эцэг эхчүүд 25-ны өглөө л ирж дугаарлах байх даа” гэсэн хариулт өгч байлаа. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийнхэн засварын ажлаа ерөнхийд нь хийгээд дуусчихаж. Өнөө зун сантехникээ шинэчлээд нэлээд ажилтай байсан гэнэ. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Нарангэрэлтэй уулзлаа. 

-Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд урт дараалал үүсгэж, цэцэрлэгийн гадна хонож өнжиж байна. Харин танай цэцэрлэг дээр тийм зүйл харагдахгүй байна. Та бүхэн хүүхдүүдээ яаж бүртгэдэг вэ?

-Нийслэлийн Боловсролын газрын даргын зөвлөмж гарсан. Наймдугаар сарын 25-29-ний хооронд бүх хүүхдээ бүртгэнэ. Өмнөх хичээлийн жилд явсан хүүхдүүдийн эцэг эхчүүд ирээд бэлтгэх зүйлсийнхээ жагсаалттай танилцаад явж байна. Шинээр хоёр настай хүүхдүүдийг элсүүлнэ. Элсэлтийн бэлтгэлээ бид зургадугаар сараас эхэлж хангасан. Хамрах хүрээний хороодынхоо Засаг дарга, нийгмийн ажилтан, улсын бүртгэлийн ажилтантай хамтраад ер нь төчнөөн тооны хүүхэд орж ирэх нь гэсэн прогнозыг гаргасан. Манай цэцэрлэгт шинээр элсэх 67 хүүхэд байна. Гэтэл цаана нь хориод хүүхэд үлдэх шинжтэй. Манай энэ орчим чинь хотын төв газар болохоор байрнуудын нэгдүгээр давхрын айлууд байраа үйлчилгээний зориулалтаар түрээслэх, эсвэл үйлдвэрлэлийн зориулалтаар өөрчлөөд хаяган дээр бус өөр газарт түр амьдрах нь их. Албан ёсоор 67 хүүхэд бүртгэнэ гэж байгаа ч иймэрхүү маягаар ганц хоёр хүүхэд хасагдаж магадгүй. Гэхдээ бүх зүйл 25-ны өглөө л шийдэгдэнэ дээ.

-Хүүхдээ цэцэрлэгт оруулахад 300-500 мянган төгрөгийн хахууль өгч байна гэх яриа гарч байна. Та үүнийг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд юу гэж бодож байна?

-Ер нь бол эцэг эхчүүд мөнгийг нь өгчихье л дөө. Хандивын анги гэж байна уу. Хандив өгье гэсэн хандлагатай байна уу гэж харагдаад байна. Танай цэцэрлэгт хүүхдээ оруулъя гэвэл ямар шугамаар, хэн гэдэг даргатай уулзвал болох вэ, ямар бичиг баримт авчирвал та нар миний хүүхдийг авах юм бэ гэцгээнэ. Гэвч бид дүрэм журмаа баримтлан ажиллаж байгаа болохоор ийм асуудал сүүлийн үед гарахаа больсон. 

-Шинээр хорин хүүхэд авах орон тоо гарлаа гэхэд цэцэрлэгийн зүгээс “Өөрсдөө дотроо шийд” гэчихээр 200 эцэг эх цэцэрлэгийн гадна хонон өнжин байж бүртгүүлэх гэж зүтгэдэг болж байна уу. Үүнийг цэцэрлэг зохицуулдаггүй юм уу?

-Манай цэцэрлэг дээр тийм асуудал гардаггүй. Өнгөрсөн жил бусад цэцэрлэгийнхнийг дуурайсан уу, яасан хэдэн эцэг эх бүртгэлийн өглөө эрт ирж дугаарласан байна лээ. Түүнээс биш цэцэрлэгийн зүгээс хоно, төдөн хоног дугаарла гэдэггүй. Бид боломжоороо хүүхдүүдийг авахыг хүсдэг ч ганц хоёр хүүхэд үлддэг. Хүүхэд цэцэрлэгээс гарах тохиолдол байвал тэдгээр хүүхдүүдээ оронд нь оруулах зэргээр зохицуулдаг. 

-Хоёр настайд нь оруулж чадаагүй хүүхдийг дараа жил нь авдаггүй. Өмнөх жил нь яваагүй хүүхдийг авахгүй гээд. Тэгэхээр хувийн цэцэрлэгийг бараадахаас өөр арга үлддэггүй?

-Үнэхээр орон тоо гарахгүй, багтаамжгүй бол бид авч чадахгүй шүү дээ. Цэцэрлэгээс чөлөө авах, эцэг эхээ дагаад гадаад явах зэрэг тохиолдол гарч орон тоо гарвал дугаарт байгаа хүүхдүүдээсээ авах замаар зохицуулдаг. Орсон ороогүй бүх хүүхдүүдтэйгээ холбогдох утас нь байдаг болохоор дуудаад л авчихдаг. 

-Танай цэцэрлэгт хичнээн хорооны хэдэн хүүхэд хүмүүждэг вэ?

-Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны дөрвөн байр, тавдугаар хорооны 13 байр харьяалагдаж байна. Манай цэцэрлэг дөрвөн ангид нийт зуун хүүхэд авах хүчин чадалтай. Бид нэг ангид 40-45 хүүхэд авдаг. Түүнээс хэтрүүлдэггүй гэлээ. 

Байрандаа амьдардаггүй, олон жилээр түрээсэлдэг айлууд бүртгэлийн өдөр хүүхдээ дагуулаад ороод ирдэг гэнэ. Хороон дээр бүртгэлгүй хэрнээ, байрны ордероо бариад ороод ирдэг хүмүүс олон байдаг болохоор энэ бүхэн нь бүртгэлийн ажилд хүндрэл учруулдаг аж. Тийм болохоор иргэдийг хороо хоринтойгоо харилцаа холбоотой байвал хүүхдээ цэцэрлэгт оруулах бэрхшээл тулгардаггүй аж. Тус цэцэрлэгээс гараад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 82 дугаар цэцэрлэгт очлоо. Эл цэцэрлэгийн хойно байрлах хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн байрны дэргэд баахан хүмүүс бужигналдаж байна. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд эцэг эхчүүд, өвөө эмээ нар энэ сарын 18-наас эхэлж гурван цагийн зайтай, өдөрт таван удаа бүртгэл хийж байгаа нь энэ гэнэ. 82 дугаар цэцэрлэгийн удирдлага  өнөө жил шинээр элсэх буюу зөвхөн хоёр настай, 75 хүүхдийг л бүртгэнэ гэжээ. Харин гурав, дөрвөн настай хүүхдүүдийг огт бүртгэхгүй гэсэн зар тавьжээ. Эцэг эхчүүд юутай ч өөрсдөө ийн өдөр бүр бүртгэл явуулаад хамгийн идэвхтэй байсан хүмүүст хүүхдээ цэцэрлэгт оруулах эрх олдоно гэж үзжээ. Хүүхдээ цэцэрлэгт оруулна гэсэн 153 хүн жагссан байлаа. Тэд 18-ны өдрөөс эхэлж өдөрт таван удаа энд ирж бүртгүүлж байгаа аж. Хүүхдийнхээ нэр, овгийг хэлээд ирснээ дуулгахаар зохион байгуулж байгаа хүмүүс нь тусгайлсан дэвтэрт нэрнийх нь ард таван хошуу зурна. Хэрвээ дуудаад гарч ирэхгүй бол анхаарлын тэмдэг тавина. Ингээд гурван удаа анхаарлын тэмдэг авбал нэрийг нь жагсаалтаас хасч, арын хүмүүсийг нь урагшлуулна. Эцэг эхчүүд ингэж өөрсдөө жагсаалт гаргаж, заасан цагт ирж бүртгэл хийж байна. Өглөө долоо, 10, өдөр 13, 16, орой 19, 22 цагуудад яг энэ газарт ирж хүүхдийнхээ нэрийг бүртгүүлж байгаа аж. 

Анх 230 гаруй хүн бүртгүүлж байсан бол ажил цаг зав нь таарахгүй хасагдсаар 153 болоод байгаа нь энэ байлаа. Өнөөдрөөс эхэлж бүртгэлийн явцыг улам нарийсгаж цаг тутам буюу 24 цагаар бүртгэх гэнэ. Тийм болохоор зарим айлууд машин тэрэгтэйгээ, майхантай ирж хононо гэж байлаа. Нэгэн эмэгтэй 18-наас хойш цэцэрлэгийн гадна машиндаа хонож байгаагаа учирлана. 

Цэцэрлэгт нь хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд ажил төрлөө алдан, цаг зав гарган олон хоногийн турш дугаарлаж, бүртгүүлж байгаа энэ үйл явдлыг тодруулахаар 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэлгэрмаатай уулзахаар дотогш орлоо. Тэрээр мэндийн зөрүүгүй өрөөнөөсөө хөөж, ямар ч мэдээлэл өгөх сонирхолгүй байгаагаа илэрхийлэв. Түүнд “Танай цэцэрлэгт хүмүүс хүүхдээ оруулахын тулд олон хоногийн турш дугаарлаж байна. Үүнд та бүхэн анхаарал хандуулах боломжгүй юу” гэвэл “Хаана ямар хүмүүс оочерлоод байгаа юм бэ. Би харахгүй байна. Цагдаагийн хэлтэст хэрэг хийсэн хүмүүс л оочерлож байгаа биз” хэмээн улсын байгууллагыг толгойлж, хүүхдүүдтэй ажилладаг сурган хүмүүжүүлэгчээс гарахааргүй зан авир гаргаж хаалгаа шидээд өрөөнөөсөө гүйгээд гарчихав. Тэрээр үүдэнд байсан ажилчдадаа хандан “Энэ хүмүүсийг миний өрөөнөөс гарга” гэж тушааж байгаа нь сонсогдов. Тэрээр цэцэрлэгийнхээ үүдэнд зогсч байлаа. Түүнээс “Танай цэцэрлэг хичнээн хүүхэд хүлээж авах хүчин чадалтай вэ. Цэцэрлэгийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу” гэвэл “Би юу ч ярихгүй” хэмээн хашгирч, ажилчдаараа хаалгаа түгжүүлчихэв. 

Тэгтэл гадна нь байсан эцэг эхчүүд гүйлдэн ирээд “Энэ эрхлэгч зан харилцааны наад захын соёлгүй. Хүүхдээ дагуулаад орсон эмэгтэй, ач зээтэйгээ яваа настай хүнийг огтхон ч тоодоггүй, түлхээд гаргадаг зантай хүн. Бид энд олон хоног дугаарлан зогсоход ганц ч удаа уулзаагүй. Тааралдахаараа хоёр хуруугаа гозойлгоод өөр юу ч хэлэхгүй зугтаад явчихдаг. Ийм хүн бидний хүүхдийг хүмүүжүүлнэ гэж үү. Яахаараа боловсролын салбарт ийм менежер, эрхлэгчийг ажиллуулаад байдаг юм бол” хэмээн гомдоллож байлаа. “Ц.Дэлгэрмаа эрхлэгч эмэгтэй хүн, настай хүнийг хүлээж авдаггүй. Бид яагаад ийм олон хоног ажил төрлөө алдан байж дугаарлаж байгаа гэж бодож байна. Энэ цэцэрлэгийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар ангидаа хэдэн хүүхдийг яаж бүртгэх талаараа ганц ч мэдээлэл өгөөгүйд байгаа юм. Тэгсэн хэрнээ хашаан дээрээ наасан зарын мэдээллээ олон удаа засч янзалж сольж байна” гэж байлаа. 

Эцэг эхчүүд цэцэрлэгийн зүгээс тоймтой мэдээлэл өгдөггүй, эцэг эхийн төлөөлөгчдийг хүн гэж тоодоггүй цэцэрлэгийн удирдлагаас болж ийн дугаарлаж байгаагаа дуулгаад “Энэ байдал зөвхөн манай энэ хавьд биш хотын захын гэр хорооллуудад бүгдэд нь байгаа. Цэцэрлэгийн багтаамжаа яаралтай нэмэгдүүлэхгүй бол хэдэн жилийн дараа эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд наадмын маргаашнаас л эхэлж дугаар үүсгэж мэднэ” гэж байлаа.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ


Онцлох нийтлэлүүд