ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.01.14 12:01

Цөлжилтийн эсрэг тарьсан олон мянган модыг үгүй хийж, элсний карьер болгох уу?

Цонжинболдогийн наана Зуунмодны элс гэж газар бий. Зуунмодны элсний карьер гэхээр хүмүүс андахгүй. Энд буй элсний карьеруудтай залгаа 117 га газарт “Ногоон Ази сүлжээ” ТББ салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар 2009 онд Эрдэнэ сум, Налайх дүүргийн аль алинаас зөвшөөрөл авчээ. 2010 оны хавраас тус байгууллага мод тарих ажлаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 96 га талбайд мод тариад байгаа юм байна. Одоогоор ургалт нь 70 хувьтай, нийт 120 гаруй мянган модтой болоод байгаа талаар тус ТББ-ын ахлах менежер З.Төмөрсүх ярилаа.

“Ногоон Ази сүлжээ” ТББ-ынхан цөлжилтийг сааруулах, салхины хүчийг сулруулах зорилгоор улиас, хайлаас зэрэг цөлжилтийн эсрэг өндөр үр нөлөөтэй, тэсвэртэй моддыг суулгаснаас гадна чацаргана, үхрийн нүд тарьсан нь сайн ургаж байгаа юм байна. Моддоо жилийн дөрвөн улирлын туршид арчилж, анхаарал хандуулдаг юм байна. Мод тарих ажилд сайн дурын оюутнуудаас гадна орон нутгийн иргэд гар бие оролцдог аж. Энэ ажлын хүрээнд 30 өрхийг цалинжуулдаг бөгөөд жилдээ 200 сая төгрөгийн зардал гаргаж ойжуулах ажлыг явуулдаг юм байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Зуунмодны элсийг ойжуулжээ. Гэтэл “Монгол стандарт” гэх компани уг талбайн 59 га-д нь маргаан үүсгэж, маргаан нь одоо Дээд шүүхийн шатанд очоод байна. Хэрвээ шүүх тус компанийн талд шийдвэр гаргавал долоон жилийн турш тарьж ургуулж арчилсан олон мянган модыг газрын хөрснөөс хуу татаж уг газрыг элсний карьер болгоно гэсэн үг.

“Монгол стандарт” компани болон “Ногоон Ази сүлжээ” ТББ нь хоёул хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан ч холбогдох байгууллагууд нь зөвшөөрлөө олгохдоо 59.1 га-г нь давхцуулчихжээ.

Мод тарьсан оюутнууд болоод орон нутгийн иргэд “Бид эх орон, байгаль экологийнхоо төлөө энэ бүхнийг хийсэн. Бидний тарьсан мод, суулгац маш сайн ургаж байгаа. Усжуулалтын асуудлаа шийдэхийн тулд жил болгон нэмж худаг гаргадаг. Одоо зургаа, долоон худагтай болоод байгаа. Моддоо хашаалж, усжуулах, хамгаалах гээд энэ их ажлыг бид хөлсөө дуслуулан байж хийсэн. Ингэж хийсэн ажлыг минь төрийн байгууллагуудын хариуцлагагүй ажилтнуудаас болж нураах гэж байгаад харамсаж байна” хэмээгээд экологио хамгаалахын төлөө тэмцэхээ илэрхийлээд байгаа аж.

Бид Зуунмодны элсний карьеруудаар явлаа. Тэнд ургуулж хашаалсан модод руу элс асгасан, карьераа тулгасан, хашааг нь эвдэлж, нааш цааш сунгаж багасгасан зэрэг зүйлс харагдлаа. Элсний карьеруудын сахиул, манаач нартай уулзахад “Энэ модод чинь их сайхан ургаж байгаа. Зун ногоороод гоё байдаг юм. Өнгөрсөн зун жаахан гандсан байх. Элсний нүүдлийг зогсоох гэж мод сөөг тарьж байгаа юм билээ. Зун, намрын цагт энэ хавиар чинь хүүхэд, залуучууд ирээд мод услаад байдаг юм. Мал амьтдаас эхлүүлээд мод сүйтгэх гээд байдаг талтай. Бид ч заримдаа хашаанд орсон туулайг хөөгөөд гаргачихдаг юм” гэж байлаа. Энд байгалиа хамгаалж, аврах гэсэн хашаа хайс, элсний карьертай эн зэрэгцэн оршин байгаа нь орших уу, эс орших уу гэсэн эсрэг тэсрэг байдлыг илэрхийлж байлаа. Байгалиа аврах гээд мод тарьсан байхад арваад метрийн цаана элсний карьерийн нураасан эрэг ганга, элс олборлодог тоног төхөөрөмж, техник ярайна. Эндхийг моджуулж эхэлснээс хойш элсний карьерууд байдал бишидлээ гэсэн шиг улам хомхойрон дайрч газрын гүн рүү 4-5 метр ухаж элс олборлох болжээ. Үүнээс болж эндхийн нөөц хомсдож байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй 2012 онд модод руу хайгуул хийх нэрийдлээр карьераа тулгасан нь тухайн үедээ мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байсан удаатай. Байгаль хамгаалагчид Зуунмодны элсэнд үүсээд байгаа асуудалд анхааралтай хандахыг холбогдох яамд, газруудын дарга нарт сануулж “Дөнгөж ургаж байгаа мод сөөг цасанд дарагдсан байгаа. Зарим нялх модод ч одоо цасан дундаас ялгарч харагдахгүй. Хүмүүс хараад мод байгаа эсэхийг ялгаж харахгүй байх. Энэ байдлыг ашиглаад ямар ч мод тариагүй талбай байна гэх мэтээр олон нийтийн санаа бодлыг буруу тийш эргүүлж магадгүй. Урин дулаан цагт Зуунмодны элс орчимд байгуулаад байгаа ойжуулалтын хэсэг урамтай харагддаг. Түүгээр дайрч өнгөрсөн явуулын хүмүүст ч таатай сэтгэгдэл төрж эхэлсэн. Иймээс уг маргааныг Дээд шүүх дээр хэлэлцэхээр болоод байгаа энэ үед байгальд хайртай хүн бүхэн анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн уриалга гаргаад байгаа юм байна.

Зуунмодны элсний орчимд салхины хүчийг сааруулах зорилготой тарьж байгаа модод нялх боловч эхэлж тарьсан модод нь метр гарангийн өндөртэй, харьцангуй хурдан ургаж байгаа гэнэ. Дахиад 2-3 жил болоход бие даасан ой болоход нэг шат ахина гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ энэ бүхнийг устгавал олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт, юугаар ч үнэлж барамгүй олон хүний хөдөлмөр, байгаль эхээ хамгаалах гэсэн сэтгэл салхинд замхарна.

“Монгол Стандарт” компани 2012 онд ойжуулалтын талбай руу хууль бусаар дайрахад тухайн үед олон нийт хүчтэй эсэргүүцсэн учир гэнэт нам жим болжээ. Гэтэл лицензээ байлгаж байгаад сая хоёр шүүх хурлыг ойрхон хийлгээд ялсан нь “Ногоон Ази сүлжээ” ТББ болон Зуунмодны элс орчмыг ойжуулах ажилд гар бие оролцдог оюутнууд, орон нутгийн иргэдэд болгоомжлол төрүүлээд байгаа юм байна.

Одоогоор Зуунмодны элсийг 16 компани олборлодог бөгөөд хэрвээ “Монгол стандарт” компани шүүх дээр ялалт байгуулбал цөлжилт болон салхины хамгаалалтын зориулалтаар тарьсан 64 мянган модтой 59 га талбайг элсний карьер болгох нөхцөл бүрдэх нь.

Зуунмодны элс нь угаах шаардлагагүйгээр шууд үйлдвэрлэл, барилгад ашигладаг сайн чанарын элс. Тиймээс компаниуд энд карьертай болохыг эрмэлздэг юм байна. Гэтэл энэ бизнесийн цаана байгаль орчин бохирдож, эргэж нөхөшгүйгээр мөхөж байгаа билээ.

Зуунмодны элсний карьеруудын ухаж сэндийлсэн аймшигтай дүр зураг нь тэр орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг гутаадаг. Тэрэлж, Цонжинболдог, зүүн аймгуудыг зорьж байгаа иргэд, амрагч, аялагч, жуулчдын нүдэнд содон тусч байгалийг хэрхэн сөнөөж байгааг бодитоор харуулдаг хэсэг гэж хэлж болно. “Ногоон Ази сүлжээ” ТББ-ыг БНСУ-ын Сувон хотын иргэд болон бусад байгууллагууд ихэд дэмждэг. Тэгэхээр олон улсын байгууллагууд дахин манайд ийм төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гараа татаж эхэлж ч мэднэ.

Хэдий нэг компани хувийн бизнесийн ашгаа бодоод энэ хүртэл маргалдаж болох ч иргэний үүрэг, журмаа ухамсарлаж ямар нэгэн байдлаар тохиролцож нэгэнт тарьсан моддыг сугалахгүйгээр асуудлаа шийдэх нь зөв гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлын нэг нь байгалийн доройтол билээ. Үүний эсрэг хийж хэрэгжүүлж үр дүнгээ өгч байгаа ажлыг чадах чинээгээр дэмжих нь ямар ч ухаант хүнээс гарах шийдвэр юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд