ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.14 08:01

Ц.Адъяасүрэн: Австралийн ховор амьтад шатаад дуусвал эргэж нөхөн сэргэхэд үнэхээр хэцүү


“Эко Ази” дээд сургуулийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-“Дэлхийн зүрх” хэмээгддэг Австрали тив өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд хэдэн сар дамжин шатаж байна. Энэ түймрийг унтраахад хүн төрөлхтөн хүчин мөхөсдөөд байна уу?

-Би дэлхийн нэлээд орноор байгаль орчны чиглэлээр явж судалгаа, шинжилгээ хийж, хуралд оролцож, илтгэл тавьж байлаа. Одоо ч үргэлжлүүлсээр л байна. Дэлхийн бүх л орон сайхан. Америк, Европ бүгдэд нь очсон, үнэхээр сайхан нутаг, сайхан хүмүүс.Тэр дундаас хамгийн сайхан, тайван амьдралтай, байгалийн өнгө үзэмжтэй орон бол Австрали. Би тэнд нэлээд хэдэн удаа очиж, хуралд оролцож, судалгаа шинжилгээ хийж, илтгэл тавьж байсан. Байгаль нь бол үнэхээр гоё. Голдоо цөлтэй, тойроод ой мод, ургамал амьтан бүрдсэн. Далайгаар хүрээлэгдсэн газар. Түүнийгээ дагаад чийглэг уур амьсгалтай. Хониныхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хонины махны хэрэглээний дийлэнхийг Австрали хангадаг. Манайхтай хонины мах, нүүрсээрээ өрсөлдөгч орон. Австралийн хонины мах маш хямдхан. Тиймээс манайхаас зарим орон хонины мах авахаа больсон үе ч бий. Одоо эргээд манай хонины мах байгалийн эко өвс ногоо иддэг, амт шимтэй гээд нэр хүнд нь өсөөд байх шиг байна. Нүүрсний хувьд бас арвин их нөөцтэй. Гэтэл тэр сайхан нутаг орон шатаж байна гэдэг үнэхээр харамсалтай зүйл. Есдүгээр сард анх гал гараад бага байх үед нь унтрааж болох байсан. Үүн дээр улс төрийн шийдэл л харагдаад байгаа юм. Австралийн ерөнхий сайд үүнд том хүч хаяагүй. Тэр үедээ түймэр л гарч, байгалийн жамаараа унтарна гэж бодсон юм уу тоогоогүй. Тэгээд л унтарч чадсангүй өдийг хүрлээ. Одоо бол 24 хүн нас барж, 500 сая гаруй амьтан үрэгдлээ гэж байна. Үүнийг яаж тоолоод байгаа юм. Түүнийг нь би мэдэхгүй байна. Жишээлбэл, Австралид дэлхийн өөр аль ч улс оронд байдаггүй амьтад бий. Кенгуру гэж уутат имж , коала гээд уутат баавгайтай. Тэд бол бүгд шатаж дуусч байгаа юм шиг байна. Ингээд үзэхээр үнэхээр харамсалтай.

-Шатсан ургамал ногоо, ан амьтад эргэж сэргэх боломжтой юу?

-Би “Дэлхийн байгалийн түүх” гэдэг судалгааны ажил олон жил нухаж байгаа. Түүнээс үзэхэд амьтад дахин нөхөн сэргэхэд маш удаан хугацаа ордог юм байна.Тэр ховор амьтад шатаад дуусчих юм бол эргээд нөхөн сэргэхэд үнэхээр хэцүү. Цөөхөн амьтад нь үржээд нөхөн сэргэх л байх. Ургамалтай холбоотой эко систем бол эргээд багахан хугацаанд сэргэнэ. Тодорхой хугацааны дараа сэргэж ургаад, шинэ төрлийн мод ургамал ургадаг юм байна лээ. Гэхдээ зарим ургамлын төрөл зүйлүүд устчихдаг. Хамгийн гол нь одоо түймрийг бүрэн унтраах асуудал л байна. Үүн дээр олон улсын хүч, тусламжийг авъя гэхгүй байна гэж CNN, BBC-гийн мэдээнд яригдаад байна. Түүнийг би гайхаад байгаа. Дэлхийн зарим орны санхүүгийн тусламж болгож мөнгө илгээсэн. Манай Засгийн газар 40 мянган долларын тусламж өгсөн гэсэн. Бид хүмүүнлэгийн тусламж өгөх ёстой л доо. 1998 онд би Байгаль орчны сайдын ажлыг хүлээлгэж өгчихөөд АНУ-д байдаг Шар чулууны үндэсний паркийн 150 жилийн ойд уригдаж, илтгэл тавьсан. Шар чулууны парк тэр үед 150 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Тэр паркаас тавин жилийн өмнө байгуулагдсан үндэсний парк Монголд байдаг тухай тэдэнд дуулгахад бүгд л мэлэрсэн дээ. 1778 онд байгуулагдсан Богд хан уулын дархан цаазат газар шүү дээ. Энэ талаар тэнд очиж ярихад үнэхээр гайхаж байсан л даа. Монголд дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар байдаг юм уу гээд. 1778 онд Манжийн хааны зарлигаар дархан цаазат газрыг баталж байсан түүхтэй. 1988 онд Шар чулууны парк шатсан юм гэнэ лээ. Намайг арван жилийн дараа очиход шатсан ойгоо тэр чигээр хэвээр нь үлдээчихсэн. Хажуугаар нь шинэ залуу ой ургаад нэг метр гаран өндөр ургачихсан. Тэрүүгээр дүүрэн шинэ мод ургаад эргээд ой болж байгаа дүр зурагтай харагдсан. Шар чулууны парк эргээд сэргэж эхэлж байгаа нь үнэхээр гайхмаар сайхан дүр зураг. Манайхан юу гэж ярьдаг гэхээр ой шатахаар үлдсэн моднуудыг нь бүгдийг нь огтлоод ойгоо цэвэрлээд авчихъя. Энэ бол сайхан хуурай мод. Орон нутгийн иргэдийн хэрэгцээнд өгье. Ойгоо цэвэрлэе гэдэг байхгүй юу. Тэгж ерөөсөө болохгүй. Эко системийн өөрийн тэнцэл гэж юм бий. Түймэрт шатсан ойг бүгдийг нь огтлоод цэвэрлээд авчихаар хоосон газар үлдэнэ. Тэр үлдсэн газарт нарнаас ирж байгаа цацраг туяа шууд тусна. Тэгэхээр тэр газар хална, хуурайшина. Ой мод ургахдаа цэвдэг хөрсөн дээр ургадаг. Тэр ой модон доор хүйтэн цэвдэг хөлдүүгээрээ байгаа. Өвөл нь бол бүр хөлдчихдөг. Зун нь цэвдгээ бариад бага зэрэг хайлж дээгүүрээ багахан ус урсана. Тэр ус голыг тэжээж байдаг. Гэтэл тэр ойг цэвэрлэчихээр хуурайшилт үүсээд хүйтэн цэвдэг гэсээд хуурайшиж, улмаар цөлжилт үүсдэг. Хэрэв шатсан ой, хуурай мод нь байж байвал тэр нь ус чийгийг ууршуулахаас хамгаалах бөгөөд тэр ой дотор шатаагүй үлдсэн ганц нэг мод үрээ хаяж тэр нь чийгтэй хөрсөндөө соёолж, ургаж эхэлнэ. Ийнхүү чийгтэй газарт булагдсан үрийн хүчээр ой мод эргээд ургаж, нөхөн сэргэх нөхцөл нь бүрддэг. Манай Монголд бас ийм нэг жишээ бий. Архангайгаас яваад Цахир орно. Цахираас цааш Солонготын даваагаар Завхан аймаг руу давна. Арваад жилийн өмнө Солонготын давааны ар талын ой шатсан. Тэр үед Тосонцэнгэл, Их Уул сумынхан өөрийн нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд шатсан ойн модыг нутгийн иргэдэд өг. Бид ойг цэвэрлэж, модыг нь хэрэгцээндээ авъя гэсэн байгаа юм. Түүнийг нь би эсэргүүцээд, тэгж болохгүй гэж хэлсэн. Тэгээд миний эсэргүүцэл нөлөөлсөн ч юм уу яасан юм шатсан модыг нь огтолж аваагүй. Одоо тэр ой эргээд сайхан сэргэчихсэн ургаж байна.

-Нөгөө талаасаа байгаль эх өөрөө цэвэрлэгээ явуулж байна. Тийм ч учраас энэ түймэр дарагдахгүй байна гэх хүмүүс байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Австралийн түймэр байгалийн түймэр биш юм байна лээ. Хүний нөлөөтэй түймэр гэсэн. Хүмүүс л тэр түймрийг тавьсан гэж яригдаад байгаа. Энэ нь хоёр талтай асуудал. Мэдээж байгалийн хүчин зүйл байгаа л байх. Гэхдээ түүнийг бага дээр нь дарахад төр засгийн удирдлагууд нь үнэхээр онцгой анхаараагүй. Энэ түймрийн дараа Австралийн ерөнхий сайд огцрох байх гэж би бодож байна. Шинэ жилийн өмнө түймэр нь багасаж байсан юм билээ. Гэтэл Австралийн ерөнхий сайд нь Хавайн орнууд руу шинэ жил тэмдэглэнэ гээд яваад өгчихсөн. Тэр хойгуур нь улсаараа хэдэн өдөр амраад түймрээ бүр алдчихсан юм байна лээ. Арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяр гэж амраад түймрээ ихэсгээд алдчихсан юм шиг ээ. Энд л том алдаа гарсан байна гэж бодоод байгаа.

-Нэгэнт шатсан ой эргээд сэргэхэд дор хаяж арван жил болно гэж байна. Тэгэхээр эргэн сэргэх тэр арван жилд дэлхийн байгаль экологид яаж нөлөөлөх вэ. Дэлхийн агаар мандалд ямар нөлөөтэй вэ?

-Энэ шаталтаас асар их хэмжээний хүлэмжийн хий гарч байгаа. CO2 шүү дээ. СО ч гарч байгаа. Угаарын хий буюу нүүрсний дутуу шаталтаас болж хүмүүсийг хордуулаад байгаа хий. Нүүрсхүчлийн дутуу исэл үүсч байгаа юм. Нөгөөх нь нүүрсхүчлийн давхар исэл. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нэлээд нөлөөтэй. Австрали тив Өмнөд туйл буюу Антарктид тивтэй ойрхон. Дулаарлын нөлөөгөөр Антарктидын мөсөн хучлага ямар нэгэн хэмжээгээр хорогдох, багасах аюултай. Антирктидын мөсөн хучлага багассанаар далайн усны түвшин нэмэгдэх зэрэг аюулууд гарч ирнэ. Үүн дээр тооцооллыг загварчлалаар маш нарийн хийх шаардлагатай. Хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгарч, хэдий хэмжээгээр дэлхийн дулаарал нэмэгдэх үү гэсэн судалгааг хийх шаардлагатай гэж би хараад байгаа. Австрали өөрсдөө судлаач их сайтай. Загварчлалаар дээрх судалгааг сайн хийх байх. Ганцхан Австрали ч гэлтгүй дэлхийн хэмжээний судлаачид үүн дээр ажиллаж л байгаа байх. Одоогоор дэлхийн дулаарал нэг градус орчим болчихоод байгаа. Хэдэн жилийн өмнө 0.7 градус байсан. Үүнийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барья гээд таван жилийн өмнө Парисын гэрээг Дэлхийн хамтын нийгэмлэг байгуулсан. Тэр гэрээгээр дэлхийн улс орнууд хүлэмжийн хийгээ бууруулахын төлөө өөрсдөө сайн дураараа үүрэг амлалт авдаг. Манай улс 2016 онд энэ гэрээнд нэгдсэн. Хүлэмжийн хийгээ 14 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Өнгөрсөн жил манайхан судалгаа хийгээд үүнийг 30 орчим хувиар бууруулж болох юм байна гэсэн тооцоолол гаргасан. Тэр амлалтаа өнгөрсөн жилийн уур амьсгалын конвенцийн Талуудын бага хуралд тайлагнаж, саналаа оруулсан. Түүнийг нь Дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн дэмжсэн. Манай орны хүлэмжийн хий дэлхийн томоохон орнуудын дэргэд бага л даа. Гэхдээ нэг хүнд ногдох хэмжээгээрээ асар их болдог.

Хүн төрөлхтний хөгжил дэвшил муу, дорой үедээ л хүмүүс түүхий мах иддэг байсан шүү дээ. Түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэнэ гэдэг манай улс нэг шат ахиж байгаа хэрэг. Түүнтэй яг адил Австралийн түймрээс асар их хүлэмжийн хий ялгарч байгаа. Тэр дэлхийн дулааралд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлнө. Цаашдаа үүнийг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Дэлхийд хүлэмжийн хийг асар ихээр гаргадаг таван орон бий. АНУ, Хятад, Бразил, Орос, Энэтхэг дэлхийн гол хүлэмжийн хийг гаргаж байгаа улсууд. Америк бол маш олон нефтийн үйлдвэртэй. Тэр олон нефтийн үйлдвэрүүд асар их хэмжээний хүлэмжийн хийг гаргадаг. Гэтэл Парисын гэрээнээс АНУ гарч байгаа нь асар их хариуцлагагүй хэрэг.

-Хүлэмжийн хий хүмүүсийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

-Хүлэмжийн хийд хүүхдүүд ихэвчлэн хорддог. Автобус хүлээгээд намхан сандал дээр сууж байгаа хүмүүс бас их хордоно. Яагаад гэвэл хүхэр, хар тугалга доор унаж,тунадаг. Хүүхдээ хүмүүс тэргэн дээр түрээд явж байна. Энэ нь хордох нэг үндэс. Хүүхдээ тэвэрч явж байх ёстой. Хүхрийн хордлогоос болж хүмүүс асар их хэмжээгээр өвчилж байна. Даралт ихсэх, амьсгалын замын өвчин, зүрх, уушги өвчилж байгаа нь хорт хийн гайтай нөлөө.


Онцлох нийтлэлүүд