ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.02.23 11:02

Ц.Батцэнгэл: Томуугийн эсрэг вакциныг нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх шаардлагатай

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед томуу, томуу төст өвчний тархалт их гарах болсон. Ямар вирусүүд зонхилон тохиолдож байна вэ?

-Амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин, ханиадны гол үүсгэгч нь вирус байдаг. Вирус бол зөвхөн амьд эсийн дотор өсөж үржих чадвартай өвчин үүсгэгч. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Мөн томуу үүсгэгч А, В ,С хүрээний вирус гэж байдгаас гадна амьсгалын замын цочмог халдвар, ханиад үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдаг. Тийм учраас нийтэд нь томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг л дээ. Халдварлах чадвар маш өндөр бөгөөд 10 хүний ес нь халдвар авдаг. Өөрөөр хэлбэл, халдвар нэг хүнээс нөгөөд хурдтай тархаж олон хүн зэрэг өвчилдөг гэсэн үг. Вирус нь амьсгалын зам руу нэвтрэн орж гуурсан хоолойн цочмог хурц үрэвсэл үүсгэн хүндэрсэн үед уушгины хатгаа болдог. Хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчин түгээмэл тохиолдож байна. Одоогийн байдлаар “А” хүрээний H1N1, H3N2 гэх вирусүүд илүү ихээр тархалттай байгаа. Томуу өвчнийг үүсгэдэг А, В, С гэсэн гурван төрлийн вирус байдаг. А хүрээний вирус нь хоргүй чанар ихтэй. Амьсгалын замаар нэвтрэн орж, цаашлаад цус руу нэвтэрч, өндөр халууруулдаг онцлогтой. Ханиад томууны үеэр хатгаа өвчин тусах, цаашлаад хатгаа өвчний хүндрэлээр нас барах тохиолдол бусад жилүүдээс их байгаа юм.

-H1N3 гэх вирус амь насанд нөлөөлөхөөр хүнд байгаа гэх мэдээллүүд бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Энэ төрлийн вирус хоруу чанар ихтэй. “А” хүрээний H1N1, H3N2 вирус лабораторийн шинжилгээнээс илэрч байгаа. Угтаа энэ нь ердийн ханиадны вирус юм. Дээр үед бид вирусийн бүтцийг ялгадаггүй байсан. Өнөөдөр шинжлэх ухаан, анагаах ухаан хөгжөөд вирусүүдийг ялгаж эхэлдэг болсон учраас дотор нь салгаж үзээд байна.

-Ханиад хүрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Гурав ба түүнээс дээш хоногоор өндөр хэмээр халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Амьсгалын замаар дамжих халдварын тархалт их байгаа үед вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Ер нь агаар дуслын замаар дамжих халдварын халдварлах чадвар өндөр учраас вакцин хийлгэх ёстой. Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл тухайн жилдээ ханиад хүрэхгүй. Хамгийн түрүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх нь чухал. Амьсгалын замаар дамжих халдварын идэвхжлийн үед хамартаа тосон түрхлэг түрхэж болно. Мөн хоолойгоо содтой ус, тамединий уусмал, сармистай усаар зайлж, амны хаалт хэрэглэхээс гадна бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх хэрэгтэй. Нэг вирусийн цикл 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад эдгэдэг гэсэн үг.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Дээр дурдсанчлан хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд олон байна.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд биеийн жин ихтэй хүмүүсийг томуугийн эрсдэлт бүлэг гэж үздэг. Эдгээр хүмүүс вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ ханиаданд вакцин хийх нь зүйтэй гэж үзсэн. Вакцин хийсэн тохиолдолд тухайн вирусаар дахин өвчлөхгүй. Харин тэр вирусийн эсрэг дархлаа тогтдог. Ханиад томуугаар өвчлөхгүй байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Учир нь агаар дуслын замаар дамжин халддаг.

-Хүмүүс ханиад хүрэхээр дур мэдээд эмийн сангаас антибиотик аваад уучихдаг. Энэ хэр зөв бэ. Антибиотик уухгүйгээр ханиадаа дарах ямар арга байна?

- Эмчийн зааваргүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, ялангуяа бактерийн эсрэг антибиотик хэрэглэх нь маш буруу. Антибиотик ханиадны вируст огт үйлчлэхгүй. Вирусийн халдвар хүний дархлааны тогтолцоог дарангуйлсан байхад антибиотик хэрэглэснээр дархлааг улам сулруулдаг. Тиймээс томуу өвчний үед антибиотик эмчилгээний заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вирусийн халдвар уу, бактериийн халдвар уу, хатгаа байна уу гэдгийг өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв оношлогоо хийлгэж, оновчтой эмчилгээ хийх нь зүйтэй. Эрүүл, дархлаа сайтай үед эм уухгүй байсан ч томуу, томуу төст өвчин өөрөө аяндаа эдгэрч болно. Дархлааны тогтолцоогоо бэхжүүлж хэвийн байлгахын тулд уургаар баялаг хоол хүнс хэрэглэж эрдэс баялаг, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай хэрэглэх нь чухал. Даарснаас болж хэсэг газрын цусны судаснууд агшсанаас цусны эргэлт удааширч тухайн хэсгийн хамгаалалт алдагдан вирус, бактер хүний эс рүү нэвтрэн орох боломж бүрддэг. Тиймээс дулаан хувцаслах, халуун хоол идэх, халуун аарц, чацаргана, аньс хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух нь хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвдөхгүй байхад чухал ач холбогдолтой. Хүн өөрөө дархлааны тогтолцоотой байхын тулд шаардлагатай хэмжээний уураг авах хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд махаа сайн хэрэглэж, шингэн зүйл сайн уух зэрэг өөрт хэрэгтэй эрдэс баялагтай хоол хүнс хэрэглэвэл зохимжтой байдаг. Богино хугацаанд халуурч байгаа үед шингэн юм сайн ууж, хөлрөх хэрэгтэй. Мөн витамин С уух, үрэвслийн эсрэг хавсарсан найрлагатай эм сонгон ууж болно. Парацетамол, ибупрофен, витамин С, хлорфенамин зэрэг эмийг хэрэглэснээр вирус гадагшилж эдгэнэ.

Онцлох нийтлэлүүд