ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.09.13 05:09

Ц.Бат-Энх: Намын дарга Ерөнхий сайд болно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Удирдах зөвлөлийн хурлаар бид чөлөөтэй сайхан ярилцлаа. Удирдах зөвлөл нийт 33 гишүүнтэй, өнөөдөр 30 гишүүн оролцсон. Өнөөдрийн хурлаас МАН-ын ээлжит бага хурлын есдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргасан. Ингээд Бага хуралд бэлдэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга, дэд нарыг оролцуулсан. Засгийн газрын тухай хуульд дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах ёстой гэж заасан байдаг. Хуулийн хугацаа аравдугаар сарын 6-нд дуусч байгаа учраас Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдаа тодруулах шаардлага гарч байна. Үүнтэй холбоотой дээрх шийдвэрийг гаргасан. МАН бол ардчилалтай нам. Яг өнөөдөр МАН-ын 65 гишүүн хуваагдсан уу гэвэл “үгүй” гэдэг хариултыг өгнө. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар бие биетэйгээ ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан, үл ойлголцлыг байхгүй болгохын төлөөх уур амьсгалтай хурал болсон” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан байдаг. Та бүхэн дүрмээ баримтлах уу?

-Бид цагаан дээр хараар бичсэн намын дүрмээ баримтална.

-Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох ёстой гэдэг заалт бий. Тэгэхээр хуулийн хугацаанд амжих болов уу?

-Ээлжит чуулган аравдугаар сарын 2-нд эхэлнэ. Түүнээс өмнө амжуулахын тулд Бага хурлаа зарлаж байна.

Онцлох нийтлэлүүд