ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.13 08:05

Ц.Баясгалан: Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм


УДЭТ-ын жүжигчин, Мон­гол Улсын соёлын тэр­гүүний ажилтан Цэ­рэндоржийн Баясгалантай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр А.П.Чеховын “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Наталья Степановнагийн дүрээр “Мэшил” наадмын шилдэг эмэгтэй дүр, “Жүжигчид дуулж байна” уралдаанд тэргүүн байр, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Дэлхийн сонгодог жүжиг” контенпрейри урсгалд тэргүүн байр, зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза-2007” наадмын шилдэг эмэгтэй гол дүр, В.Красногоровын “Солиотой жүжиг” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза-2010” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн алтан цомын эзнээр тодорч байсан шилдэг жүжигчин билээ. “Зүрхний улаан торгон дээрх хүний сэтгэл гэгч алтан утаст хээ юм. Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм” хэмээн ярих эл бүсгүй тавь гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амилуулжээ.


-Та ойрд их завгүй байх шиг байна. Уран бүтээлийн олз омог их байна уу?
-Манай Улсын драмын эрдмийн театраас жил бүр хоёр жүжигчнийхээ тайлан тоглолтыг хийдэг. Энэ удаад миний ээлж таарлаа. “Моно жүжгийн өдрүүд” маань сайхан боллоо. Эхний өдөр олон улсаас гран при авчирсан “Эдит Пиаф”-аа, удаах өдөр нь зохиолч Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглосон. УДЭТ-ын долоон найруулагчийн долоон бүтээл болох камерны жүжгийн төсөл хэрэгжиж байгаа. Миний хувьд Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжигт залуу жүжигчин Тодоотой хамт ажиллаж байгаа. Энэ жүжиг гурван дүртэй, төгсгөлд нь жүжигчин М.Түвшинхүү орж ирэх юм.
-“Чөлөөт хос” гэж юун тухай жүжиг бол?
-Гэр бүлийн хос болох эхнэр, нөхөр хоёр бие биедээ эрх чөлөөг олгоод ирэхээр амьдрал юу болдог талаар өгүүлсэн жүжиг байгаа. Их ур чадвар, ажиллагаа шаардсан жүжиг байна.
-Таныг бага байхад аав чинь үлгэр их ярьж өгдөг байсан гэж сонсч байсан юм байна. Танай удамд урлагийн хүн байна уу?
-Манай гэр бүлд урлагаар явсан хүн байхгүй л дээ. Гэхдээ би аавыгаа үнэхээр авьяастай, урлагийн хүн байжээ гэж боддог юм. Их сайхан дуулна. Аавын дуулсан дуунууд хуурцагт бичээтэй байдаг. Уртын дуу, ардын дууг гайхалтай дуулдаг, хүчтэй хоолойтой хүн байсан. Ээж маань ч эвлэгхэн сайхан хоолойтой хүн байдаг. Дөнгөж мэдээ орж эхэлсэн цагаас аав минь бидэнд үлгэр их ярьж өгөхдөө бүх дүрдээ хувирдаг байсан болохоор кино шиг нүдэндээ төсөөлж хардаг байсан. Магадгүй энэ чанар нь намайг урлагт дурлуулсан болов уу. Эх хэлнээ гарсан дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг уншихдаа кино болгож төсөөлдөг байсан. Манай аав Гомбожавын Цэрэндорж гэж зураг, шугам зургийн багш хүн байлаа. Ээж маань орос хэлний багш. Манай гэрээр дүүрэн “Мурзылка”, “Художника время” сэтгүүлүүд байдаг байсан. Тэр сэтгүүлүүдэд дэлхийн сонгодог зураач Рембрандт ч юм уу, Шишкиний хуснуудын судалбар, Айзовскийн далайн тухай зургууд их гарна. Энэ бүхнээс урлагийн гайхамшигтай мэдрэмж авч өсч. Тэр зургуудыг хараад өмнө нь ийм амьдрал байсан байхдаа ч гэх юм уу, цаашаа ингэж өрнөх болов уу гэж их төсөөлдөг байлаа. “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг зургийг хараад энэ хүү ямар амьдрал туулаад орон гэртээ ирсэн бол гэж их боддог байсан. Аав, ээжийн минь бидэнд олгосон хүмүүжил намайг урлагт түлхэж өгчээ. Ээж маань одоо хүртэл намайг хүмүүжүүлсэн хэвээрээ л байгаа. (инээв.сур)
-Ээж хүн ч насан туршдаа л үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм аа?
-Би ээжтэйгээ, хүүтэйгээ, дүүтэйгээ дөрвүүл амьдардаг. Багш хүн болохоор ч тэр юм уу сурганых нь зан үйл одоо хүртэл салж өгөхгүй шөнөжингөө л жүжгийн сургуулилтаа хийгээд ирэхэд “Та одоо хэдэн цагт орж ирж байгаа юм бэ” гээд аягүй хэцүү. “Ээж минь ээ, та намайг хангалттай хүмүүжүүлчихээд одоо ажлыг минь хийлгээч ээ. Миний нас ч гуйвж дайвахаасаа өнгөрөөд замаа олсоон” гэнэ шүү дээ.
-Та СУИС-ийн хэдэн оны төгсөгч билээ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Уртнасан багш, тайзны ярианы багш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Гантөмөр хоёрынхоо удирдлагад 1994 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Урлагийн зөвлөлийн дарга Тунгалаг эгчийн удирдаж байсан “Орчин үе” театрт ажиллаж байхад 1997 онд Б.Мөнхдорж найруулагч, Зориг багш хоёр дуудаж Улсын драмын эрдмийн театртаа ирсэн дээ.
-Драмын урлагийн бурхад шахуу улс урьж авчирсныг бодоход таны авьяас тэдэнд ямар нэгэн хэмжээгээр анзаарагджээ дээ?
-Оюутан байхдаа янз бүрийн дүрд тоглож байсан. Оюутны маань хөдөлмөр багш нарт маань анзаарагдсан юм болов уу даа. Оюутан байхдаа уншиж хайсаар “Атга буудай” гэдэг зохиолыг тайзны хэсэг болгож тавьж байсан. Бас Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” туужийг хэсэг болгож тавьж байлаа. Би чинь хөдөөний хүүхэд болохоор тэр бүрий жүжиг сайн мэдэхгүй, зөвхөн өөрөө л уншиж судалдаг байлаа. Энэ хоёр зохиол СУИС-д олон жил миний открывка (хэсэг) болгосноор явж байгаа. Тайзны ярианы хичээл дээр А.П.Чеховын “Бэр гуйсан нь” жүжиг дээр Эрдэнэзаантай хамт ажиллаж “Мэшил” наадмын эрэгтэй, эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авч, “Сонгодог инээд” тэмцээнд оролцон тусгай байрын шагнал авч байсан. Энэ бүхэн багш нарын минь нүдэнд өртөж байсан болов уу. Зориг багш маань “Манай Баясаа бол зүгээр нэг энгийн цэнхэр цэнхэр дүрүүдэд тоглоод байх хүн биш, төрөл төрлийн янз бүрийн араншин гаргах характерный жүжигчин” гэж үнэлдэг байсан. Хоёр багш маань театрт авчирснаас хойш маш олон жил олигтой юм хийлгүй явсан.
-Дэлхийн болоод сонгодог жүжгүүдэд тоглочихсон том цолтой жүжигчдээс эмээж зүрхшээгээд олигтой юм хийж чадахгүй явав уу?
-Монголын үндэсний телевиз гэхэд ганцхан байлаа. Одооныхтой адил “од” болох сурталчилгаа, шоу цэнгүүн ч цөөхөн байж. Одоо манай театрт гэхэд ганцхан сарын дотор долоон жүжиг тавигдах гэж байна шүү дээ. Тэр үед жилд ганц жүжиг л тавьдаг байлаа. Дөнгөж орж ирсэн жүжигчин, дээр нь Жульеттад тоглохоор ховорхон хүн биш шүү дээ, би. Нэг ёсондоо боломж тэр бүр нээлттэй биш байлаа.
-Хүрд эргүүлэх боломж олдохгүй гэдэг шиг байсан юм байна шүү дээ?
-Тухайн үед тавигдаж байсан жүжгүүдийн жижигхээн дүрүүд оногддог байсан. Тэр жижиг дүрүүдээ л аль болох сайн хийчих юм сан гэж гүйдэг байлаа. 2003 он хүртэл гайгүй дүрд тоглох хүрд эргүүлэх боломж ёстой гардаггүй байсан. Хамтарч ажиллаж байсан мундаг жүжигчдээсээ маш их зүйлийг харин энэ хугацаанд суралцсан. Ганц хоёр гайгүй дүр хийчихээд амжилтад хүрчихсэн бол “арчигдаад” л арилах байсан байх.
-Тайзан дээр тэгж түр зуурын од болж гялалзаад арчигдсан түүх олон байна уу?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Өөр дээрээ л дүгнэж хэлж байгаа юм. Маш олон жилийн турш чанартай бүтээл хийх гэж суралцаж, зүтгэсэн минь миний хувь тавилан байж.
-Та түрүүн “хөдөөнөөс ирсэн оюутан” гэж байсан. Хаанахынх билээ?
-Би Увсынх. Улаангом хотын уугуул. Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсдөг жил “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр олноо алдаршсан Лхасүрэн багш, Зориг багш хоёр маань очиж шалгалт аваад, Увсаас Иньяахүү, Эрдэнэзаан, Батнасан, бид дөрвийг авчирч байсан. Заан бид хоёр дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүд байв.
-Та сая олон улсын тэмцээнээс моно мюзикл жүжгийн төрлөөр гран при авлаа гэсэн. Ноднин тоглож байсан “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцов уу?
-“Эдит Пиаф”-ыг өнгөрөгч жил Шангрилагийн арван долоон давхарт 100 ам.долларын такстайгаар нээлтийг нь хийсэн. Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс арав дахь жилийнхээ ойд олон улсын чанартай зохион байгуулсан үйл ажиллагаанд нэг хүний жүжгийн төрлөөр хэд хэдэн орноос жүжигчид оролцсон. “Эдит Пиаф” жүжгийг надад “Чи дуулдаг юм чинь” гэж санал болгосон. Найруулагч Баатар найруулж, Батбилэг эгч тайзыг нь хийж өгсөн. Ганхуяг хөгжмийн чимэглэлийг гайхамшигтай хийж өгсөн. УДЭТ-ын менежер Нямсүрэн маань продюссорлосон. Энэ жүжиг маань Косовогийн арван гурван орон оролцсон тэмцээнд очиж оролцлоо. Монголын театрын урлагийнхан гадагшаа уралдаан тэмцээнд явахад олон хүний бүрэлдэхүүнтэй жүжгээр оролцоход зардал мөнгө, хэлнээс өгсүүлээд бэрхшээл их байдаг. Сая гурвуулаа яваад ирэхэд л асар их зардал гарч байна. Долоон дуу нь франц хэлээр, яриа нь монгол хэл дээр тоглогдлоо. Аз болоход Эдит Пиаф жүжиг маань дэлхийд маш их түгсэн уран бүтээл юм билээ. Ханноверт ирэх оны гуравдугаар сард болох тэмцээнд үзэгчдэд зориулж тоглогдоно. Шүүгчдийн нэрэмжит, шилдэг эмэгтэй, эрэгтэй дүрийн шагнал, шилдгийн шилдэг гран при шагнал гэсэн дөрвөн шагналаас бидний бүтээл гран приг нь авлаа. Драмын урлагтаа хамгийн анхны олон улсын гран при шагнал авчирсандаа баяртай байгаа. Бидэнд явах боломж олгосон “Ирээдүй энержи” компанийн захирал, “Юм Агаа” сангийн тэргүүн хатагтай М.Түвшинбаяртаа маш их баярлалаа. Хамтран тоглогч бүх жүжигчдэдээ талархлаа илэрхийлье.
-Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдралтай таны амьдрал ойролцоо учраас дүрээ сайн гаргасан гэж цахим ертөнцийнхөн шуугисан байна лээ. Тэр дуучин чинь амьдралдаа маш их алдаж, оносон бүсгүй гэсэн биз дээ?
-Яаж Эдит Пиафын амьдрал минийхтэй ойрхон байх юм бэ, ямар аймаар юм бэ. (элгээ хөштөл инээв.сур) Би чинь хоёрын хоёр сурган хүмүүжүүлэгчийн айхтар мундаг хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай, тухайн үедээ өндөр цалин хангамжтай, элбэг ханалуун амьдралтай, дүү нараа асардаг, хүнийг хайрлаж мэддэг, хайран дунд умбаж өссөн ийм хүн шүү дээ. Гэтэл Пиаф чинь бүүр зоргоороо амьтан. Ээж нь төрүүлэнгүүтээ аавд нь өгөөд хаяад зугтчихсан, эмэг эх нь угжны шилний талд нь дарс, талд нь сүү хийж угжиж өсгөсөн, аавтайгаа гудамжинд дуулж өссөн хүн шүү дээ. Хэнд ч дурлаж чаддаг, дурлалынх түүхүүдээс дуунууд нь төрж байсан, дурлалгүйгээр хэзээ ч амьдарч чаддаггүй, архинд орж байсан, хайртай хүн нь үхэж байсан, охин нь үхэж байсан эмгэнэлт хувь тавилантай хүн л дээ. Тайзнаасаа бууж, тайзан дээрээ мандан бадарч байсан, хар тамхинд донтсон, эмчлүүлж эрүүлжсэн, дахин мандан бадарсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, эцэст нь цэл залуухан насандаа бурхан болсон ийм түүх намтартай хүн шүү дээ. Тэгэхэд би нэг л хүнийг хайрлаж, нэг л хүнээс хүүгээ төрүүлсэн тэс өөр амьдралтай хүн байгаа биз дээ. Тэр хүнээсээ хойш өдий олон жил хүүгээ бөөцийлж, урлагтаа үнэнч явж ирлээ. Тэгэхээр бид хоёрын амьдрал тэнгэр газар шиг зөрүүтэй. “Ээж минь болохгүй болохгүй” гэх асуудлыг байнга тавьж ирсэн гэж түрүүн би танд ярьсан даа. Жүжигчнийхээ хувьд дүрээ харин маш сайн судалсан нь бол үнэн.
-Эдит Пиафын долоон дуунд юуны тухай өгүүлэхэв?
-Дэлхий нийтэд хүрчихсэн сонсголонтой сайхан дуунууд л даа. “Парисын тэнгэр доор” гэдэг дуу нь гэхэд өмнө зүг рүү галт тэргэнд явж байхдаа нэг залуугийн мөрийг санаандгүй дэрлэн зүүрмэглэж сэрээд дурласнаа яруу найрагч Раймонд Ассод ярин дуу болгуулсан байх жишээтэй.
-Монголын өнөөгийн драмын урлагийн нүүр царай болсон бүсгүйчүүд тантай нэг өрөөнд ажилладаг юм байна. Сайхан биз?
-Манай өрөө чинь “Эвтэй таван амьтан” байхгүй юу. “Аравт” кинонд тоглодог Ганцэцэг маань гайхамшигтай эмэгтэй. “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаад тоглодог Болормаа эгч маань, жүжигчин Хулан, “Орхидос” кинонд тоглодог жүжигчин Отгонцэцэг бид тавуулаа энэ өрөөнд суудаг. Нэгнийхээ дүрүүдэд их нөлөөлнө. Баяр ёслол, зовлон жаргалаа ч хуваалцана.
-Удахгүй зуны амралт эхэллээ. Яаж амрах бодолтой байна даа?
-Өнгөрөгч зун “Анирлагч” уран сайхны киноны Дэнсээгийн дүрийг бүтээгээд олигтой амарч чадаагүй. Энэ жил саяын хоёр жүжгээ ӨМӨЗО-нд тоглох санаатай байгаа. Б.Амарсанаа найруулагчийн кинон дээр давхар ажиллана. Реклам сурталчилгааны саналууд ч их ирж байна.

Л.Батцэнгэл

Онцлох нийтлэлүүд