ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.12 10:07

Ц.Мөнхцэцэг: Мэргэшсэн эрдэмтний хувьд Монгол төрийн бодлого боловсруулах үйл явцад мэдлэг ур чадвараа зориулж ажиллана


УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдлоо. Ер нь яагаад улс төрд орох болов?

-Монгол Улс шинэхэн ардчиллын түүхтэй улс. Иргэд, улстөрчдөд суралцах зүйл маш их байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын судлаач, эрдэмтэд, байгууллагуудтай хамтран Монголын ардчиллыг олон талаас нь судалж ирсэн. “ардчилалд ардчилагчид хэрэгтэй” гэж хбнгу-ын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих эберт хэлсэн байдаг. Өнгөрсөн 30 жилд ардчисан иргэнийг бэлдэх ёстой байсан ч энэ тал дээр маш бага анхаарал хандуулсан. Жишээлбэл, Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд анхаарал хандуулж, ажиллах ёстой байтал, харамсалтай нь тэгж чадаагүй. иргэдийн дунд саналаа хэрхэн өгөх, олон мандаттай тойрог дээр хэрхэн дугуйлахаас эхлээд асуудлууд үүсч байсан. Мөн тухайн олон мандаттай тойргийн саналын дүн гарах үед иргэдийн дунд нэлээд олон эргэлзээтэй маргаантай зүйлс гарсан. Судлаачийн үүднээс харахад мэдээллийг хангалттай сайн олгоогүйгээс сонгогчдод олгосон боловсрол тааруу байжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд судалж шүүмжилж ирсэн асуудлуудаа төрийн бодлого боловсруулагч болоод өөрөө дотроос нь өөрчлөөд явах нь илүү учир зүйтэй хэмээн Ман-ын дарга У.Хүрэлсүх үзэж, намайг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Их хуралд эрдэмтэн судлаачдын дуу хоолой хэрэгтэй. Мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй хэмээн надад итгэл өгч, хариуцлагыг хүлээлгэсэн. Тэр саналыг нь хүлээн авч, Их хуралд орж ирсэн. Ман шинжлэх ухаанд ойр нам. Маш олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, олон мөрийн хөтөлбөрүүд дээр ажиллаж ирсэн. Мөн залуу боловсон хүчний бэлтгэх, залуу халаа бэлтгэх ажлыг сүүлийн арав гаруй жилийн турш Ман-тай хамтран хийлээ. Ман анх ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллах санал тавьсан. ингээд 2017 оноос Ман-ын сонгууль болон бодлого үйл ажиллагаанд зөвлөх хийсэн. Цаашид мэргэшсэн эрдэмтний хувьд Монгол төрийн бодлого боловсруулах үйл явцад мэдлэг ур чадвараа зориулна гэсэн бодолтой байгаа.

-Та ард түмнийхээ төлөөлөл болж, УИХ-ын гишүүн боллоо. Нэлээд хэдэн зарчмын асуудал дээр байр сууриа илэрхийлж, анхаарал тавин ажиллах байх. Голчлон анхаарах асуудал тань юу вэ?

-Улс төр судлаач эрдэмтний хувьд Монгол төрд шударга ёсны засаглалыг идэвхжүүлэх, уих-ын болон төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй хариуцлагыг чангатгах, УИХ-ын болон төрийн бодлого боловсруулах түвшинд ашиг сонирхол, албан тушаал, ах дүү, хамаатан садан, нутаг усаараа тал тохой татах, давуу тал олгохын эсрэг хүчтэй тэмцэнэ. ингэхийн тулд Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг улс төрийн гол хуулиудад олон жил судалж, шүүмжилж ирсэн байр суурь, асуудлуудаа суулгаж өгөхийг зорино. Ард иргэдийн маань хүсэн хүлээж буй зүйл бол нийгэмд шударга ёсыг тогтоож, өнгөрсөн 30 жилд Монгол төрийн эрх мэдэлд ойр байж, гартаа төвлөрүүлсэн олигархиуд, бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг хийх юм. Тиймээс Ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг Монголын ард түмэн дэмжинэ гэсэн хүлээлтээр Ман-ыг олонхоороо дэмжиж сонгосон. энэ асуудалд голчлон анхаарна.

-Та МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хүн. Үндэсний баялгийн сангийн талаарх заалтын талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн баялаг Монголын ард түмэнд шударга бусаар хуваарилагдаж ирсэн. Лиценз болон Уул уурхайн орд газруудыг хувьдаа эзэмшсэн цөөхөн бүлэглэлүүд Монгол Улсын баялгийн ашиг шимийг хүртсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд МАН мөрийн хөтөлбөртөө үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхайн ашгийг ард түмэндээ болон Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна хэмээн заасан байгаа. Тийм учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулах тал дээр хичээн зүтгэх болно. Уул уурхайн баялгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шударгаар хуваарилна гэсэн зарчмыг Монголын ард түмэн хүсэн хүлээж байгаа. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна. Түүнчлэн Монголын нийгэмд тэгш бус байдал газар авч байна. Үүнийг засч залруулахаар ажиллана. Орлогын болон эрх мэдлийн тэгш бус байдал газар авч байна. Иргэдийн дунд судалгаа хийхэд нийт иргэдийн 70 орчим хувь нь хадгаламжгүй байна. Хэдийгээр дундаж давхарга гэж өөрсдийгөө нэрлэдэг боловч олон улсын жишгээр дундаж давхаргын хангалттай нөөц Монголд байхгүй байна. Хадгаламж байхгүй, шударгаар хөдөлмөрлөх юм бол 20 юм уу, түүнээс дээш жилийн дараа орон сууцтай болно хэмээн иргэдийн 60 орчим хувь нь хариулж байна. Тиймээс нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхаргаа дэмжсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллана. Үүний тулд нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, хуримтлалын сангийн хуулийг батлан гаргана. Хуримтлалын сангийн тогтолцоо руу тогтсон шинэчлэлийг хийснээр иргэдийн төлдөг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд орон байр, эрүүл мэндийн өндөр төлбөртэй үйлчилгээ, боловсролын төлбөрийн асуудлыг хуримтлалын сангаараа дамжуулан шийдэх боломжийг олгоно. Энэ нь Монголын нийгмийн үлэмж, олонхын эрх ашигт нийцсэн амьжиргааны томоохон дэмжлэг болох ёстой. УИХ-аас батлан гаргах хуримтлалын сангийн тухай хууль дээр онцгой анхаарал тавин ажиллана.

-Та МУБИС-д 20 гаруй жил багшилсан хүн. Монголын боловсролын тогтолцооны шинэчлэл, тэр дундаа сүүлийн жилүүдэд илт мэдрэгдээд байгаа боловсрол дахь тэгш бус хүртээмж дээр танай намын мөрийн хөтөлбөр дээр заалт байгаа шүү дээ?

-ЭЕШ-ын дүн гарч, олон нийтийн шүүмжлэл, санаа бодол ийшээ чиглэгдэж байна. Өндөр төлбөртэй хувийн сургууль төгссөн, эсвэл эцэг эхийн орлого өндөр байхын хэрээр ЭЕШ-ын онооны дундаж өндөр болоод байгаа. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн орлоготой шууд хамааралтайгаар боловсролыг олж авах байдал тодорхойлогдож байна. Гэтэл Монгол Улсад эцэг эхийн орлого, хүүхэд хаана төрснөөс үл хамаараад адилхан чанартай боловсрол олж авах ёстой. Тэгэхээр боловсролын тэгш хүртээмж, бүх нийтийн чанартай, үнэ төлбөргүй боловсролын төлөө мөн анхаарна. Ер нь ясли цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, их, дээд сургууль гээд боловсролын бүх түвшинд чинэчлэл хийх шаардлагатай. Үүний тулд их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, улсын сургуулиудын босго оноог өсгөж, яваандаа Скандинавийн орнуудын жишгээр Монгол Улсын боловсрол чанартай бөгөөд үнэ төлбөргүй байх чиглэл рүү явах ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөрт зааснаар их дээд сургуулийн чанарыг сайжруулах, сурлага сайтай оюутнуудад үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоогоо нэмнэ. Мэргэжлийн сургалтад илүү анхаарал хандуулах ёстой. Монгол Улсад мэргэжилтэй ажилтнууд илүү их хэрэгтэй байгаа. Төрөөс ашгийн бус сургалтын байгууллагыг дэмжинэ гэсэн заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Боловсролоор бизнес хийж ирсэн өнгөрсөн 30 жилийн алдааг засах ёстой. Улсын сургуулиуд болон бага дунд төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ашиг олох зорилгоор ажиллаж байгаа учир төр заавал дэмжлэг үзүүлэх шаардлага байхгүй. Хувьсах зардлыг тодорхой түвшнөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад олгох шаардлагагүй гэж үздэг. Яслийг мөн шинээр нээх ёстой. Монгол хүүхэд багаасаа сургалтын байгууллагаар явж, хүмүүжих нь тэр хэмжээгээр сурах чадвар болон математик, унших чадварын хувьд сайжирсан байдаг. Тиймээс хүүхэд бүрийг цэцэрлэг, яслид хамруулах бодлогыг дэмжин ажиллана.

-Таны хувьд нэлээд хэцүү, эдийн засгийн хүндрэлтэй дөрвөн жилд гишүүн боллоо. Хэрхэн ажиллах вэ?

-Шинэ Засгийн газарт хоёр том сорил тулгарч байгаа. Нэгдүгээрт, дэлхий дахины цар тахлын хүндрэл. Эдийн засаг, нийгмийн ихээхэн асуудлууд үүсч байна. Тэгш бус байдал улам газар авч байна. Өнгөрсөн хаврын Монгол Улсын боловсролын салбарыг хараад үзье. Сурагчид гэрээсээ теле хичээлд сууж, оюутнууд онлайнаар хичээлээ судаллаа. Энд Монголын боловсролын салбар бэлтгэлгүй байсан. Гэртээ интернэттэй, зурагтаа ухрааж үзэх боломжтой, аав ээж нь тусалж зааж зааварладаг айлын хүүхдүүд теле хичээлээр илүү үр дүнтэй суралцсан. Тийм боломжгүй айлуудын хүүхдүүд үнэхээр юм сурч чадаагүй үлдсэн. Тийм учраас цар тахал нийгэм дэх тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн ноцтой үр дагавартай байна. Хоёрдугаарт, эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээлүүд, ажлын байрууд, жижиг дунд үйлдвэрүүдэд асар их хямрал нүүрлэсэн байгаа. Тиймээс Засгийн газар ирэх дөрвөн жилд цар тахлын хүндрэлийг даван туулж, бүх түвшиндээ үндэсний хэмнэлтийн бодлогыг барьж, төрийн бүх шатны албан тушаалтнууд төсөв болон бүх гадаад дотоод аялал жуулчлал, хурлын зардлыг танаж, бүсээ чангалах ийм жилүүд байна. Хоёрдугаарт, 2012-2016 оны парламентын үед тавигдсан Чингис бонд, Мазаалай бондын хэдэн тэрбумын өрийг дарна. Өр зээл дарах, цар тахлын үеийг даван туулах гэсэн хоёр том сорилттой учирч байгаа учраас энэ удаагийн УИХ маш чимбаа ажиллаж, бүх түвшинд төрийн хэмнэлтийн бодлогыг барьж ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс бид энэ хариуцлагыг хүлээж ажиллана.

-Анхдугаар чуулганаас эхлээд л хариуцлагатай үе эхэлж байна. Тухайлбал, хямралын үед Соёлын яам байгуулж байгааг хүмүүс олон талаас нь харж байна л даа?

-Даяаршлын энэ үед аливаа улс үндэстэн үндэсний соёл, хэл, уламжлалаа хадгалах нь асар төвөгтэй асуудал болсон. Монгол үндэстнийг ирээдүйд авч явах гол зүйл нь Монгол хэл, соёл, уламжлал юм. Тийм учир ард иргэд, эрдэмтэн судлаачдын дунд соёлын асуудлыг чухалд тавих ёстой гэдэг байр суурь хүчтэй байсан. Судалгаанаас ч харагддаг. Сүүлийн 10 гаруй жил БСШУСЯ гэдэг салбарын яамны хавсарга байдлаар соёлын асуудал явж ирсэн. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах эрдэмтдийн баг жил орчим хугацаанд судалгаа хийхэд, яах аргагүй Соёлын яам байгуулж, Монгол үндэстний соёлын дархлааг бий болгох ёстой гэж үзсэн. Тэр дотор Монголын хэл, соёл, зан заншил, нүүдлийн өвөрмөц ахуйг хадгалах нь Монгол үндэстнийг ирээдүйд авч үлдэх том хүчин зүйл гэдгийг бүх нийтээрээ ойлгож байгаа. Монголын соёл гэдэг зөвхөн Монгол Улсын газар нутгийн хэмжээнд яригдахгүй. Хилийн чанадад төрж байгаа Монгол хүүхэд болгон эх хэлээрээ ярьж, Монгол соёлоо хадгалан үлдэх ёстой. Энэ тал дээр төрийн бодлогоор дэмжих ёстой. Тийм учраас соёлын яам болон боловсролын яамны хүрээнд хилийн чанадад байгаа монгол иргэд, монгол хүүхдүүдэд эх хэл, ёс заншилаа заадаг сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ гэсэн заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Мөн монгол хэл, монгол уламжлал бүхий соёлын контентуудыг төр дэмжих ёстой. Тухайлбал, БНСУ кино, кпоп гэх хоёр том соёлын контентоор дамжуулан дэлхий дахинд солонгос үндэстнийг хүчирхэгжүүлж байна. Яг үүн шиг монгол үндэстнийхээ соёлын дархлааг монгол туургатнууддаа байнга дамжуулан хойч үедээ үлдээх ёстой. Энэ тал дээр соёлын яам онцгойлон ажиллана гэх хүлээлт бидэнд байгаа. Цар тахлын хүндрэлийн энэ үед өнгөрсөн Засгийн газрын бүтцийг нэмэхгүй, хэмнэлттэй цомхон авч явах үүднээс ганц соёлын яамыг нэмж оруулж ирсэн байна. Монгол соёлыг ямар ч хямралын үед ярихаас өөр аргагүй. Соёлын дархлааны асуудал учраас энэ яамыг оруулж ирсэнд Их хурлын гишүүний хувьд дэмжиж байгаа.

Онцлох нийтлэлүүд