ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.10.11 05:10

Ц.Нямдорж: Зуух, яндан, сойлтуур гээд гэрийнхээ асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье


УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн үгэндээ:

Сайжруулсан түлшний угаарын хийн хордож амиа алдсан хүмүүс дотор нэг гэр бүлийн хоёр хүүхэд өртсөн. Би энэ хоёр хүүхдийн буяны ажилд оролцож, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Би энэ үгийг хэлэхдээ агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлогыг буруутгах гэсэнгүй. Ар гэрийнх нь хүмүүс "яагаад аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараагаад өгсөн бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил боллоо. Төр, засгийн ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй юу. Буруу ажиллагаагаа засъя гэж иргэддээ үгээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Өчигдөр дөнгөж хоёр хүүхдээ инээж хөхрөөд явж байхыг харсан залуу эцэг эхийн шок арилаагүй байхад өөрсдийгөө хамгаалах гэж нийтэд ярихын оронд нэг ч гэсэн хүн ирж учирлаж ярьж болоогүй юм уу" гэсэн үгийг хэлж байна гэлээ. Үүнд Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Үүнд мэргэжилтнүүд тодорхой хариулах хэрэгтэй. Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан бэ гэж хэлээд байна. Мэргэжилтнүүд туршсан гэдгээ хэлээд өгөөч. Бидний яриа хоорондын маргаан болоод байна. Дүгнэлт гараагүй байхад шуугиулаад байгаа хүмүүс байна. Лабораторийн дүгнэлт гарахаар худлаа гээд байгаа улс байна. Өөрөө дүгнэлт гаргачихгүй яасан юм. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, няц гэж шаардаж шахаад байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан.

Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай. Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.

Ц.Даваасүрэн: Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна

16:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сүүлийн хэдэн хоногуудын огцом хүйтрэлтээр сайжруулсан түлшийг ашигласнаар 214 хүн хордож, 6 хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Үүн дээр хэн нэгийг өмгөөлөх хамгаалах шалтгаан биш. Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна. Хөгшид, хүүхдүүд үүнд эрсдэж байна. Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон бэ? Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж үзэв.

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

-Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид шахмал түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Харамсалтай нь бүтээгдэхүүн гараагүй байсан. Шахмал түлшний стандартыг сайжруулж гаргаад, боломжийн стандартаар гаргасан. Сайжруулсан түлшний чийглэг Налайх, Багануурын нүүрснээс 2-2.7 дахин бага. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс. Өчигдөр шөнө -5 градустай хоносон. Дийлэнх айлууд сайжруулсан түлш түлж байгаа. Зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Ханан пийшинтэй айлуудад асуудал байгаа. Энэ жил бороо их орсноос болоод ханан пийшингийн яндан бохирдож битүүрсэн. Сайжруулсан түлш удаан шаталттай учир ядангийн халхавчийг хааж болохгүй. Ханан пийшинг манай мэргэжилтнүүд цэвэрлэхэд 2 шуудай нүүрс гарсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Зарим нэг хүмүүсийн тархины утааг арилгаж байж бид утааг арилгана гэж хэнийг хэлээд байгаа юм. 159 хүн угаартаад байна. Энэ маазрал биш. Баавгайд хүн бариуллаа гэхэд инээгээд л байсан. Энэ Шадар сайдыг огцруулах хэрэгтэй байна. 159 хүн угаартсан нь асуудал мөн үү. Хэн хариуцлага үүрэх вэ? Энэ түлшийг та нар авчирсан. Бид утаатай тэмцэхгүй гэж суугаагүй. Хүмүүс угаартаад байна. Хэнийг доромжлоод байгаа юм. Олон улсын лабораторийн хариу ирээгүй байхад юун дүгнэлт хэлээд байгаа юм.

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өмнөх жилүүдэд ч хүмүүс угаартаж байсан. Тэр үед хэн дуугарч байсан юм. Харин өнөөдөр дуугарч байгаа нь сайн. Бид олон улсын шинжилгээнд явуулсан. Мөн өөрсдийнхөө мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэй.

Ө.Энхтүвшин: Зарим хүний тархи толгойг байгаа утааг арилгах ажлыг пийшин, яндангийн утааг арилгахтай зэрэг хийх хэрэгтэй байна

15:30 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох юм. Мөн гишүүн С.Бямбацогт сайжруулсан түлшний асуудлаар асуулга тавиад байсан юм. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлшнээс угаартаж, 6 иргэн амиа алдаж, хордлогын дуудлага ирсээр байгаа юм. Тиймээс сайжруулсан түлшний асуудлаар нухацтай хэлэлцэх саналыг гишүүд тавьсан юм. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдлыг сайжруулсан олон улсын туршлагаас харахад сайжруулсан шахмал түлшийг ашиглажээ. Тиймээс түүхий нүүрсний чанарыг сайжруулах судалгаа, туршилтыг Японд хийсэн байна. Ухаахудагийн нүүрснээс гарсан боловсруулсан түлшнээс шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон. Ухаахудгийн шахмалт түлшний чанар Багануурынхаас 7 дахин илүү илчлэгтэй гэдгийг тогтоосон. Орчны бохирдлыг судалж, Тавантолгой дахь "Энержи ресус" компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоосон.

Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлвэрлэх хүчин чадалтай "Тавантолгой түлш" ХХК байгуулж, нийслэлийн гэр хорооллынхонд зориулсан шахмал түлш үйлдвэрлэж эхлээд байна. Шахмал түлшийг Ухаахудгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс үйлдвэрлэж байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн таван хувьд нь есдүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээинй нүүрсээ худалдан авдаг бол 21 хувь нь хэрэгцээний нүүрсээ жижиглэнгээр авдаг байна. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт байрлуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25 мянган тонн нүүрс борлуулаад байна. "Тавантолгой түлш" ХХК 64.1 мянган тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан нүүрсийг худалдан авах 210 мянган картыг тарааж, хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 93 насанд хүрсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Энэ өдрүүдэд нийт 6 хүн, үүний дотор бага насны хоёр хүүхэд эрсэдсэн нь туйлын харамсалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой гэж үзэж байна.

Өнөөдрийн өглөөний зургаан цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа. Түлшний барьцалдуулагчийн дээжийг авч, хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг Орос, Хятад, Япон улсад шинжлүүлэхээр явууллаа.Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд өгч, сэрэмжлүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дээрх ажлыг хийж байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажлаасаа ухрахгүй. Харин сүүлийн энэ ажлыг таслан зогсоох гэсэн ил далд санаархал байгааг иргэд хэлж байна. Угаар гэдэг дайсантай хүчийг нэгтгэхэд саад болж байна. Зарим хүний тархи толгойд байгаа утааг арилгаж байж, пийшин яндангийн утааг арилгах ажлыг зэрэгцүүлж хийх хэрэгтэй байна хэмээлээ. Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэдээллийн дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Онцлох нийтлэлүүд